Боловсролын үнэлгээний төвийн тендерийг авдаг захирал тус төвийн даргаар очих нь хуульд нийцэх үү

0

Боловсролын үнэлгээний төвийн тендерийг авдаг захирал тус төвийн даргаар очих нь хуульд нийцэх үү

 

Амьдралд анх удаа бие даан хөл тавьж буй Монголын хэдэн зуун мянган хүүхдийн ирээдүйн хувь заяаг шийддэг БСШУЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн захирал /БҮТ/-ын албан тушаалын төлөөх дайн МАН-ынхны дунд өнөөдөр ид өрнөж байна. Энэхүү төв бол үнэхээр Монголын үр хойчийн хувь заяаг шийддэг байгууллага. Элсэлтийн ерөнхий шалгалт, Улсын шалгалт, Олон улсын Кембрижийн хөтөлбөр бүхий лаборатори сургуулиудын сонгон шалгаруулалт, Боловсролын чанарын үнэлгээ гэх мэт олон чухал асуудлуудыг 2006 оноос хойш бүтэн 10 жил хийж гүйцэтгэж байгаа юм.

Хүн гэдэг амьтан үр хүүхэд, эрүүл мэнд хоёрынхоо төлөө юугаа ч хайрладаггүй. 2006 оноос бүтэц зохион байгуулалтын хувьд БСШУСЯ-ны дэргэд байгуулагдсан цагаас л удирдлагад нь гарах гэсэн хүмүүсийн сонирхол дийлдэхээ больсон газар. Энэ нь магадгүй сая хэлдэг хүн үр хүүхдийнхээ төлөө юу ч хайрладаггүйтэй холбоотой байх.

Өнөөдрийн тухайд энэ төвийн даргын төлөөх тэмцэл өрнөлийн хүрээнд МАН-ын олон том дарга нарын шахааны хүмүүс үзэж тарж байгаагаас Ж.Ган-Эрдэнэ гэсэн нэр, лобби сүрхий тодорч байгаа аж. Энэ хүнээс тус төвийн мэргэжилтнүүд болгоомжилж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Бүр сүүлдээ энэ нөхөр л биш бол бусад нь дүүрчээ гэж ярьцгаах болжээ.

Учир нь Ж.Ган-Эрдэнэ 2006-2007 онд БҮТ-д программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаад, хувийн бизнес хийх болжээ. Тэрээр "My Tech” ХХК-ийг байгуулж, 2008-2011 оныг хүртэл Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын үеэр шалгалтын онлайн бүртгэл, зохион байгуулалтын программ хангамжийн ажлуудыг гэрээт ажлын үндсэн дээр жил болгон 50-80 сая гаруй төгрөгийн өртөгтэйгөөр тус байгууллагад ямар ч тендер шалгаруулалтгүйгээр гүйцэтгэж иржээ. Энэ асуудлыг тухайн үеийн асуудал эрхэлсэн яам болон байгууллагын удирдлагууд цэгцэлж, ЭЕШ-ын программ хангамж нэг компани, нэг хүнээс хамаардгийг болиулж, БҮТ-ийнхөө дотоод хүний нөөцийн чадавхи дээр тулгуурлан хэвийн явуулдаг болжээ.

Гэтэл 2012 оноос энэ компанийн үйл ажиллагаа БҮТ-тэй дахин холбогдож эхэлсэн байна. "Мy Tech” компанийн захирал нь тус төвд тодорхой эрх мэдэл бүхий албан тушаалтай найз нөхөдтэйгээ хамтран программ хангамж, мэдээллийн технологитой холбоотой бүх тендерт оролцож, ялсан байх юм.

Тус төвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай бус хүний нөөцийн чадавхид тулгуурлаад хийх болоцоотой ЭЕШ-ын систем болон даалгаврын автоматжуулсан сангийн систем нийлүүлэх гэх мэт программ хангамж дээр тэмдэгтийн өөрчлөлт хийх төдий шахуу үйл ажиллагааны жижигхэн шинэчлэлийг том нэрээр тендер болгон зарлаж авдаг тухай төвийн ажилтнууд дээр доргүй ярьж байна. Эдгээр тендерийг авч олон сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай мэдээллийг тус төвийн  цахим хуудасны шилэн дансны мэдээллийн цэсээс хүн бүр одоо ч харж болно.

Өнөөдөр Ж.Ган-Эрдэнийн найзууд болох БҮТ-д ажилладаг зарим хүн "Миний найз одоо БҮТ-ийн дарга болно” гэж ярьж явааг тус байгууллагын захын мэргэжилтэн, албан хаагч ярьж цочирдон хүлээн авч байгаа ажээ.

Сүүлийн 10 жил шахуу БҮТ-д олон гэрээт ажил гүйцэтгэсэн, тендерээр олон сая төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн шахдаг байсан компанийн захирал нь тендер авдаг байсан төрийн байгууллагынхаа дарга болох гээд явж байгаа нь мэргэжлийн байна гэж өөрсдийгөө тодотгосон МАН-ын боловсон хүчний бодлого алдагдаж байгааг илчилж байна.

Ийм байдлаар Монголын хэдэн зуун мянган хүүхдийн хувь заяаг шийддэг төрийн байгууллагыг хувийн компанид нийлүүлж, нэгтгэх гэсэн оролдлого, санаархал байж болох уу. Өнөө Ашиг сонирхолын зөрчлийн хуулиас эхлээд бусад хууль тогтоомжууд энэхүү томилгоонд үйлчлэх үү, АТГ-ынхан ашиг сонирхолын зөрчилтэй энэ томилгоог хууль ёсных гэж үзэх болов уу.

Н.БАЯР


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.