Далай лам: X богдыг 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална

0

Далай лам: X богдыг 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална


Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Тэрбээр айлчлалаа өндөрлүүлж байгаатай холбогдуулан өнөөдөр өглөө 07.00 цагаас Их тэнгэр цогцолборт хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хурлын үеэр Далай лам Х богд мэндэлсэнийг албан ёсоор зарлав. Тэрбээр "Х богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярих эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрнэ. Тэр үед нь олон нийтэд зарлаж сэнтийд нь зална” гэсэн юм.

Мөн тэрбээр таны айлчлалыг эсэргүүцэж хятадууд хоёр ч удаа бичиг хүргүүлсэн гэхэд "Энэ бол гайхаад байх зүйл биш. Хятадууд намайг айлчилсан орон бүрт эсэргүүцсэн бичиг хүргүүлдэг” гэв.

Түүнчлэн тэрбээр энэ удаагийнхаа айлчлалыг улстөрийн ямар ч зорилгогүй гэдгээ онцоллоо.

Мэдээлэл хийснийхээ дараа Далай лам  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-IX Богдын хойд дүрийг тодруулсан байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Би сая хэлсэн. Нарийн мэдээллийг өгөх болоогүй байна. Хүүхэд их жаахан байгаа. Том болохоор нь мэдээлэл өгч болно.

-X Богдын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Гэхдээ сүсэгтэн олон Далай багш Монголд айлчилсан нь X Богдыг зарлахаар ирсэнтэй холбоотой гэсэн хүлээлт байсан. Гадны дарамт шахалт ирсэн үү?

-Онцгой тийм айхтар бэрхшээл үүсээгүй.

-Таныг айлчлах хугацаанд Хятадын Засгийн газраас хоёр ч удаа Монгол Улсад хандаж мэдэгдэл гаргалаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Байнга ийм зүйл болдог юм. Би хаана ч очсон Хятадын талаас эсэргүүцсэн бичиг хүргүүлдэг. Би дэлхий дээрх бурхны шашинтай улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байна. Бусдад нь чадахгүй байгаа. Би уг нь бурхны шашинтай хэрнээ бурхны шашинтай улс орнуудад очиж чадахгүй байгаа ш дээ гэж тоглоом болгож ч хэлж байгаа.

Жишээ нь Хятадаар аваад үзэхэд тэнд 400 сая гаруй бурхны шашинтай хүмүүс бий. Тэд намайг айлчлаач гэж байнга сануулж хэлдэг. Бодит байдал дээр ярихад 1974 оноос хойш би тусгаар тогтнолын талаар ярихгүй, санаа дэвшүүлэхгүй байгаа. Хятадын тал бол намайг салан тусгаарлагч гэж үзэж байгаа. Би тусгаар тогтносон улс болох гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэддэг. Зарим хүн намайг үүнд буруутгадаг. Яагаад тусгаар тогтнолын төлөө тэмцэхгүй, явахгүй байгаа юм бэ гэж буруутгадаг. Би анхнаасаа "Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар биш хоёуланд нь тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж байсан.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.