Баячуудын хөлд чирэгдсэн дундчууд хөөрхий
Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, хүүхнүүд гоёлын даашинзныхаа эрэлд гарч, хүүхдүүд өвлийн өвгөний бэлэг хүлээн хөөрцөглөж, хаа сайгүй баярын уур амьсгал орж, хана тааз хүртэл ногоон гацуур, мөнгөлөг саан чимэглэлд нэвсийтэл дарагдаж байна. Энэ шинэ жилийн баяр их л өргөн дэлгэр болох бололтой. Байгууллагууд шилдэг ажилтнуудаа тодруулж, шагнал гардсан ганган дэгжин хүмүүсийн зургаар цахим сүлжээ дүүрч байна. Арванхоёрдугаар сар тэр чигтээ л баяр ёслолын байдалтай өнгөрч буй гэхэд болно.
Манайхан хямарсан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэж яриад байгаа хэрнээ шинэ жилийн баярт онцгой ач холбогдол өгч байна аа, ёстой нэг. Тэгээд ч ер нь бол шинэ жилийн баяр хамгийн өртөг зардал өндөртэй баярын тоонд зүй ёсоор орох биз ээ. Бүсгүйчүүдийн тухайд үс гэзэг, хуруу хумсаа гоёхоос гадна гоёлын даашинз, өндөр өсгийт гээд зардал чамгүй өндөр гарна.
Нэг шинэ жилд өмссөн даашинзаа дахиад өөр газар өмсөх нь зохимжгүй учраас хэд хэдэн шинэ жилд орох хүн ёстой л нэг "шатаж” дуусна даа. Дээрээс нь шинэ жилийн такс хамгийн багадаа 50 байгаа бол тансаг зэрэглэлийнх нь 200, 300 мянга байх жишээтэй. Нэг танил маань бүр аргаа барсан шинжтэй, "Энэ олон шинэ жилийн баярт явах хэцүү, байх хэцүү, таксны мөнгөнд ёстой л нэг шатаж өгч байна” хэмээн толгойгоо сэгсэрч сууна. Хаа сайгүй л өндөр такстай, өргөн хэмжээний архидалт болж байгаа бололтой.
Аймгийн, сумын, хандивын, залуучуудын, төрийн бус байгууллагын, дүүргийн, намын нэр урдаа зүүсэн олон арга хэмжээнүүд болж байна. Бүгд л адилхан нэг хэвийн хоол ундтай, баахан архи дарснаас өөр гялайж гялтайх зүйлгүй баярын ширээнүүд байх юм.
Шинэ жилийн баяр ёслол гэхээсээ илүүтэйгээр бизнес болон цэцэглэж, таксны мөнгө цуглуулах ажилд их л олон хүн гарцгаажээ гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй л байх. Тухайлбал, засгийн эрх атгасан намынхан шинэ жилийн баярыг ёстой л утга төгөлдөр тэмдэглэж байгаа юм байх. Тухайлбал, нэг хүний такс 200-300 мянга, бүр түүнээс ч өндөр байх бөгөөд намынхаа нэг нөхрийн ресторанд орлого оруулахын зэрэгцээ нэг гэр бүлийн хоёр хүнийг хамтад нь урьдаг заншилтай болсон сурагтай.
Намын баячууд ч яах вэ, тэдэнд такс зэргийн мөнгө бол юу ч биш байх. Харин цалингаас цалингийн хооронд амьдардаг дундчууд нь тэдний хөлд ёстой л нэг чирэгдэж эхэлсэн гэнэ. Арга ч үгүй биз. Бүтэн сар зүтгэж олсон 600 мянгаа зөвхөн нэг өдрийн зугаа цэнгэлд тавиад туучихаар жинхэнэ сүйрнэ биз дээ. Түүнээс гадна нэр хүндтэй, улстөрчид, урлаг соёлын одод оролцсон шинэ жилийн цэнгүүнд хэний ширээнд, хэнтэй зэрэгцэн суухаас хамаараад үнэ ханшийн огцом зөрүүтэй байдаг гэх яриа ч үнэний ортой л байх.
Тодруулбал, УИХ-ын гишүүний ширээнд хамт суух бол 300 доллар, даргатай суувал 500 доллар төлж байсан ч удаа байдаг гэдэг шүү. Үнэндээ хэн хэдэн төгрөгөөр хаана яаж баяр ёслол тэмдэглэх нь тухайн хүний эрх л байх. Гэвч ганцхан үдэш цэнгэж, ганцхан орой гоёж, маргааш нь ёолтлоо шартах ёолкны таксны мөнгийг арай л өөр зүйлд зарцуулвал яадаг юм бол. Дээрээс нь мөнгийг юман чинээ тоодоггүй баячууд нь дундчуудаа бас нэг их чирэхгүй байвал зүгээр л байх даа.
mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.