ШИНЭ ЖИЛЭЭР ГАНГАРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

0

 

 

Шинэ жил наашлан айсуй. Дун цагаан цас гудамж талбайг гоёсон, дүн өвлийн үдэшлэгт бүсгүй та харин хэрхэн гоёх гэж байна? Хэрвээ та шинэ жилийн баяраар ямар гоёл өмсөхөө сонгоогүй бол бид танд тусалъя.

Бие барьсан даашинзаар гоёорой

 


Шинэ жилийн баярын хамгийн гол гоёл бол бүсгүйчүүдийн хувьд даашинз. Даашинз гэдэг хэзээд сонгодог хэв маягт хамаардаг. Тэр ч утгаараа ирэх шинэ оны гангараа уламжлалт сонгодог хэв маягаа хадгалсаар байх нь мэдээж. Гэвч өмнөх жилүүдээс нэлээд ялгаатай. Энэ жилийн хувьд аль болох төрөлх гоо сайхнаа тодотгосон бариувтар даашинзыг сонгон авах нь зүйтэй. Гэхдээ загвар нь тун өвөрмөц. Таны хөх, нуруу, бүсэлхийн аль нэг хэсэг харагдахуйц онгорхой эсгүүрийг зоригтой хэрэглээрэй. Энэ нь таныг шинэ жилийн үдшийн хатан хааны сэнтийд зүй ёсоор аваачих нь дамжиггүй. Мөн сул, үл мэдэг дэрвэгэр хормойтой даашинз гоёлын загварт голлох байр эзэлж байна. Дэлбээгээ нээхийг завдаж байгаа цэцэг мэт төсөөлөгдөх энэ хормой нэг талдаа нэлээд урт оноотой байх бөгөөд энэ нь таны хөлийг тун ч үзэсгэлэнтэй харагдуулах болно. Нарийн ширхэгтэй атлас болон торгоны төрлийн материалаар гоёлын даашинзаа хийлгэх нь илүү зохимжтой. Улаан, хар гэх мэт сонгодог өнгөнүүд урьдын адил зонхилох хэдий ч зуныг санагдуулсан төрөл бүрийн гэрэлтэй өнгийн даашинз ч таныг гоолиг сайхан харагдуулах болно. Ер нь хэт даруухан өнгө шинэ жилийн үдэш тийм ч гоё харагддаггүй аж. Аль болох хурц, тод өнгө илүү дэгжин, чамин харагдуулдгийг санаарай.

Хэт өндөр биш өсгийтэй туфль сонгоорой

 


Даашинзны дараа орох хамгийн чухал гоёл бол туфль. Ойрын жилүүдэд өргөн өсгий, бөөрөнхий хоншоортой гутал, туфлийг охид бүсгүйчүүд илүүд үзэх болсныг уншигч та санаж байгаа байх. Энэ жил ч ялгаагүй. Гэхдээ заавал моод дагах албагүй шүү дээ, Өөрт таалагдсан, зохисон туфлээ л сонгосон нь дээр. Элдэв гархи, чимэглэлтэй, чимэглэлгүй гээд. Хамгийн гол нь сонгосон туфль чинь хэт өндөр биш өсгийтэй байвал зүгээр. Яагаад гэвэл, өндөр өсгийтэй гутал, туфль дээр явж чадахгүй, хөл нь өвдөгөөрөө нугараад байвал мэдээж гоё харагдахгүй. Тэгээд ч зохихгүй гоёл хүнийг гутаадаг шүү дээ.

Сувдан шигтгээтэй зүүлт зонхилно

ШИНЭ ЖИЛЭЭР ГАНГАРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

 


Эмэгтэй хүний хамгийн чухал гоёлын тоонд яах аргагүй ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, хавчаар зэрэг орно. Та шинэ жилийн үдэш зүүх гоёлоо хараахан худалдан аваагүй байгаа бол дахиад түр хүлээгээрэй. Өнгөрсөн жил жижиг шигтгээтэй мөнгөлөг өнгийн ээмэг, бөгж эрэлт хэрэгцээ ихтэй байсан бол энэ жил хэмжээ нь жаахан томорчээ. Сувдан шигтгээтэй хэт том биш, бас жижиг ч биш гоёлын зүүлтийг гар хөлийнх нь гинжтэй хослуулж зүүгээрээ. Харин алт, монет зэрэг үнэт эдлэл нь шинэ жилийн ёслолын арга хэмжээн дээр тийм ч сайхан харагддаггүй аж. Учир нь, таныг нас тогтсон мэт оворжуу харагдуулах болно. Нүүрний будалтын хувьд ерөнхийдөө тод биш байх гэнэ. Харин нүд, уруулаа л тод өнгөөр уусгаж будахыг гоо сайханчид зөвлөж байна. Хэрэв та хүсвэл авангард загварын будалт ч хийлгэж болох юм байна.

Зангиа зүүхгүй байж болно
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол ээмэг, зүүлт гэж чамирхдаггүй ч хэр хэмжээндээ гоёх хэрэгтэй болдог. Тиймээс эрчүүддээ багахан зөвлөгөө хүргэө.

Шинэ жилийн үдэш эрэгтэй танд цайвар өнгийн цамц, хослол байхад л хангалттай. Хүсвэл хослолтойгоо зохицуулаад зангиа зүүж болно. Харин гутлаа сонгохдоо хар эсвэл цагаан өнгөтэй, өөрт таалагдсан загвартайгаа сонгоорой. Үсээ өөрийнхөө нүүр, царайнд тохируулж засаад гель юм уу, лак цацчихвал хэвээ амархан алдахгүй гэдгийг та юунд эс андах билээ.

Энгийн засалттай үс сайхан харагдуулна

ШИНЭ ЖИЛЭЭР ГАНГАРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

 


Монголчууд үс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг шүү дээ. Энэ яах аргагүй үнэн үг юм. Та шинэ жилийн үдэш өмсөх гоёлын даашинз, туфль, ээмэг, зүүлтээ бэлтгэчихсэн ч үсээ яаж засуулах талаараа бодолцож үзсэн үү. Нэгэн үе охид, бүсгүйчүүд маань шинэ жил, хонхны баяр болохоор л үсээ шуулган гоёлын засалт хийлгэдэг байснаасаа уйдаж, энгийн чөлөөтэй, сул тавьдаг болсон. Хамгийн гол нь өмссөн даашинз, нүүр царайныхаа хэлбэр, будалтандаа тохируулаад үсээ янзлуулаарай. Хэт хурц өнгөөр будаж лакдахаас аль болох зайлсхийгээрэй. Үсээ хэтэрхий олон өнгөөр эрээлж, элдэв янзын хэлбэр дүрсэнд оруулснаар та шинэхэн загварын даашинзаа гундааж мэднэ. Тиймээс аль болох өөртөө зохисон хэв загвараар засуулж, байгалиас заяасан гоо сайхнаа тодотгохыг зориорой.

Чамин жижиг гар цүнхийг туфлийнхээ өнгөтэй хослуулаарай

 


Мэдээж даашинзтайгаа хослуулан гар цүнх, туфлээ сонговол илүү чамин, дэгжин харагдана.

Гар цүнх чинь урт, богино ямар ч оосортой байж болно. Хамгийн гол жижиг байх тусмаа эвтэйхэн. Сүүлийн үед охид, бүсгүйчүүд шүр, сувдаар хэлхэж хийсэн гоёлын цүнхийг илүүд үзэх болсон байна билээ.

Даашинзаа хаанаас сонгож болох вэ?

ШИНЭ ЖИЛЭЭР ГАНГАРАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

 


Хүн болгон шинэ жилээр дэгжин гоёмсог даашинз өмсөхийг хүсдэг. Хэтэрий их үнэтэй даашинз болгон сайхан харагдуулдаггүй. Хотын төвийн дэлгүүрүүдээр даашинзны үнэ 50000-250000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хувцас захиалгын газруудад оёдлын загвараас шалтгаалан 15-60 мянган төгрөгөөр оёх газрууд цөөнгүй. Хэрэв оёулах боломжгүй бол прокатын газруудаар 15000-25000 төгрөгөөр хоногоор гоёлын даашинз авч өмсөж болох юм байна.

Гоёлын будалтыг салонуудад 5000-30000 төгрөгөөр хийж байна. Тод биш будалт нь энэ жилийн онцлог гэнэ. Сормуусыг нэлээд дэрвийлгэж будна. Харин нүдний теннийн өнгөө даашинзны юмуу эсвэл хумсны будагныхаа өнгөтэй хослуулах ажээ, Нүүрийг тод биш будсан хэрнээ харин уруул нүдээ тод өнгөөр уусгаж будах юм байна

Tonshuul.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.