“Асар хүчтэй дэмжлэг орохгүйгээр яг өдийд Далай лам айлчлах шалтгаан байгаагүй, боломжгүй л байсан байхгүй юу”
Далай ламын айлчлалтай холбоотойгоор тунчиг олон асуудал үүсээд байгаа. Өмнөхөн нь спикер өмнөд хөршид очоод ирэхдээ хэлэлцэж ярилцсан байсан асуудлууд бүтэх эсэх нь бүрхэгшээд ирсэн. Тэрчлэн Далай ламыг яг энэ цаг үед Монголд айлчилсны ард юу нуугдаж байна вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Тэгвэл дэд сайд асан Ч.Ганхуяг хэлэхдээ "Хятад руу манай эрх баригч намын дарга намын шугамаар айлчлаад, нааштай үр дүн гараад ирсэн, Японтой тодорхой хэмжээнд нааштай үр дүн гарсан ийм нөхцөлд саяын хачирхалтай алхмыг хийх явцад Ерөнхийлөгч оролцсон уу, оролцоогүй юу гэдэг асуулт яваад л байгаа шүү дээ.
Миний хувьд яаж ч харсан манай төр засгийн удирдлагууд оролцохгүйгээр, хэн нэгнийх нь ч юм уу асар хүчтэй дэмжлэг орохгүйгээр яг өдийд Далай лам айлчлах шалтгаан байгаагүй, боломжгүй л байсан байхгүй юу. Тэгэхээр энд улс төр тодорхой хэмжээнд явж байна, гэхдээ Монголынхоо эрх ашгийг зольж улс төр хийгдсэн бол харамсаж байгаа. Хэрэв хийгдсэн бол шүү дээ.
Тийм биш байгаад, үнэхээр Д.Чойжамц хамба тийм хүчтэй байгаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Аюулгүй байдлын зөвлөлийнхнийг сануулсаар байхад зөрөөд Далай ламыг Монголд айлчлуулсан бол тэр нь бурхны зүгээс биднийг аварсан зүйл гэж бас сайн талаар нь харна.
Бид хямралд ороод, 2012-2016 оны хооронд засаг барьсан нөхдийн ачаар Монгол Улс түүхэндээ байгаагүй хурдацтайгаар бидний үр хүүхэд ч төлж дийлшгүй өрөнд орсон байгаа үед болж байгаагаараа энэ айлчлал (сонгууль болохоос долоохон сарын өмнө тэр хүн хууль бусаар хил нэвтрээд ороод ирсэн юм шиг болчихоод байна шүү дээ) биднийг аварсан болов уу гэж бодож байна. Бүх юмаа өгөөд, тавиад туух гэж байсан байх. Хятадаас хоёр, гурван тэрбум доллар гэдэг бол тоглоом биш, бидний экспортын 90 гаруй хувь нь урагшаа л явдаг, импортын 50 хувь нь урдаас орж ирдэг. Хэрвээ улс төрийн мэдэгдлийг бид хийгээд, Трамп ялсан Америк, Английг орхиод гарсан Европт дохио өгье гэж бодож байсан бол маш сайн дохио болсон. 15 стратегийн лицензээ харсан ч гэсэн тал нь Хятадын гарт оччихсон байгаа шүү дээ.
Ингэж юмаа тавих гэж байсныг зогсоож чадсанд би баярлаж байгаа. Цөмөөрөө одоо бүсээ чангалаад, тэвчээртэй харахаас өөр аргагүй. Яагаад гэхээр хоёр тэрбум долларын төлөөсөнд бид маш их юмыг тавих байсан байхгүй юу. Юун Далай ламыг урьж авчрах тансаглал.” хэмээн хэлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.