Ч.УЛААН: МОНГОЛБАНК, САНГИЙН ЯАМ АЖИГЛАХ БИШ ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ ҮҮРЭГТЭЙ. ЮУГ НЬ АЖИГЛААД БАЙГАА ЮМ БЭ

0

 

Ч.УЛААН: МОНГОЛБАНК, САНГИЙН ЯАМ АЖИГЛАХ БИШ ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ ҮҮРЭГТЭЙ. ЮУГ НЬ АЖИГЛААД БАЙГАА ЮМ БЭ

 

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар хаа хаанаа л хичээж байна. Хямралыг даван туулах гол арга зам юу байх бол. Манайхны ярьж байгаагаар "Стэнд бай” хөтөлбөр, гадны зээл гэх юм. Монгол Улсын эдийн засгийн дотоод нөөц боломж энэ бүхнийг даван туулахад хангалтгүй юм уу?

-Эдийн засаг хямралтай байна. Хямралаас гарахад мэдээж дотоод, гадаад нөөц бололцоо гэж байлгүй яахав. Бид аль алийг нь зөв ашиглах хэрэгтэй. Дотоод нөөц боломж гэвэл орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчилэн замууд бий. Болж өгвөл хөнгөлөлттэй зээл, тусламж авах нь чухал байлгүй яахав. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харилцан үр ашигтай нөхцөлөөр явуулах гээд гарцууд байна. Гэхдээ бид алийг нь ч хэрэглэсэн ачааны хүндийг өөрсдөө л үүрч гарах ёстой. Гаднаас хэн нэгэн мөнгөтэй хүн ирээд Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргаад өгнө гэж хүлээх нь учир дутагдалтай. Тиймээс бид дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлах хэрэгтэй байгаа биз дээ. Төсвийнхөө алдагдлыг багасгаж, орлого, зарлагаа баланслуулах тал дээр томоохон алхам хийх шаардлагатай. Манайхан "Бүсээ чангална, бүсээ чангална” гээд маш их ярьдаг. Үнэндээ бид бүсээ чангалаагүй яваа юм шүү дээ. Хэмнэлтийн горимд шилжих зэрэг арга хэмжээг авах цаг болсон. Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарахад амаргүй. Эдийн засаг хэдий чинээ хүндэрсэн байна, түүнийг эрүүлжүүлэх эм төдий чинээ гашуун байна гэсэн үг. Өнөөдөр бид гашуун эм уугаагүй л байгаа.

Гадаад талдаа бусад оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэж байгаа бол "Монгол Улстай хамтран ажиллаж болно. Өнөөдөр эдийн засаг нь хүнд байгаа ч гэсэн үүнээсээ гарч чадна” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй. Эдийн засаг нь хямарчихсан, зээлжих зэрэглэл нь буурчихсан үед тэр итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг нь харин асуулт байсаар байна. Засгийн газар шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Тэр нь "Стэнд бай” хөтөлбөр байж болно. Эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр ч байж болох юм. Манайхан л "Стэнд бай” гээд байгаа болохоос Олон улсын валютын сан дотроо олон хөтөлбөртэй. Гэхдээ ийм хямралтай үед хямралаас гарах, тогтворжуулах хөтөлбөр хэрэгждэг. Тийм болохоор нэн даруй Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авах хэрэгтэй л дээ. Ингэснээр наад зах нь гурван гол үр дүн гарах учиртай.

-Яг ямар үр дүнгүүд юм бол?

-Нэгдүгээрт, Монгол Улс хямралаас гарах зөв бодлоготой болно. Олон улсын валютын сан дэлхийн 200 гаруй орныг нэгтгэсэн том байгууллага. Дэлхийн олон оронд ажиллаж байсан арвин туршлагатай. Ийм байгууллагатай хамтран зөв бодлогоо тодорхойлох ёстой. Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй байна гэдэг бол бодлого нь зөв боллоо гэдэг мессэж очих эхлэл юм.

Хоёрдугаарт, тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэх сахилгатай болно. Манайхан сайхан бодлого, гоё хөтөлбөр гаргадаг л даа. Хэрэгжилт дээрээ харин таг зогсдог. Таг зогсдог гэдэг нь таг мартчихдаг гэсэн үг. Манайд асар их хөтөлбөр, төлөвлөгөө байгаа. Үүнийгээ харин хэрэгжүүлэхээ ор тас мартдаг. Сонгуулиас хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дараа нь эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр гэхчилэн хангалттай хөтөлбөрүүдийг баталлаа. Харамсалтай нь үүнийгээ тууштай хэрэгжүүлэх сахилга байдаггүй. Олон улсын валютын санд хамрагдчихвал сахилгатай болно. Валютын сан хамтран боловсруулсан хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангуулахын тулд хяналтаа тавина. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэх сахилга сайжрах юм.

Гуравдугаарт, дэлхий дахинд зөв сигнал очно. Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран ажиллаж байгаа, бодлоготой, сахилгатай улс. Одоо хямралтай байгаа ч хөрөнгө мөнгө оруулаад явах боломжтой гэдэг мессэж очно. Хамгийн наад зах нь ийм гурван үр дүн гарна. Тэр утгаараа Олон улсын валютын сангийн хөтөлбөрт нэн даруй хамрагдах нь зөв. Засгийн газар дэндүү удаан байна. Сонгуулиас хойш хагас жил өнгөрчихөөд байхад хөтөлбөр авах уу, үгүй юу гэдгээ нэг мөр тогтож чадсангүй. Валютын сангийнхан 2-3 удаа манай улсад ирлээ. "Хэрвээ Монголын тал хөтөлбөрт хамрагдахаар болоод санал тавивал бид хамтарна” гээд байна.

-Манайхан яагаад ингэж удаад байгаа юм бол. Зээл хүлээгээд байгаа юм уу. Ер нь цаг алдалгүй асуудлаа шийдээд явах нь хамгийн зөв гарц баймаар юм?

-Өдий болтол манайхаас Олон улсын валютын сантай хамтрах санал тавиагүй л байхгүй юу. Яахав манайхан болгоомжилдог байж магадгүй. Валютын санд хамрагдчихвал нөхцөл тулгаад эрх чөлөө хязгаарлагдана гэсэн айдас байдаг. Тулгана гэдэг чинь тохирсон бодлогоо хэрэгжүүллээ л гэсэн үг. Ил тод бай, төсвөө сахилга баттай зарцуул л гэж байгаа юм. Энэ шаардлагаас айгаад эрх чөлөө хумигдах нь гэж өнгөцхөн ойлгож байгаа бол Засгийн газрын буруу. Валютын санд хамрагдлаа гээд бусад улс орнуудтай хамтрах нөхцөл хоригдохгүй. Хэнтэй ч хамтран ажиллалаа гэсэн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн эдийн засгийн зөв бодлогын хамтын ажиллагаа байх ёстой юм. Өөр этгээдээс зээл авч болно. Гэхдээ өндөр хүүтэй арилжааны зээл авч болохгүй. Учир нь манай эдийн засаг даахгүй. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл ав, чөлөөтэй гэж байгаа. Ийм хүнд нөхцөлд орсон үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийн ганц баталгаа болж өгнө. Тэр утгаараа эргэлзэж, тээнэгэлзэн болгоомжлоод байх шаардлага байхгүй. "Стэнд бай” хөтөлбөрт бид гурав дахь удаагаа орж байна. Өмнө нь өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Энэ болгонд манай эдийн засагт эерэг үр дүн гарч байсан. Дахин хэлье, ганц зөв зам бол валютын сангийн хөтөлбөртэй болох.

-Урт хугацаатай, бага хүүтэй Хятадын зээл яригдаж байгаа. Тэр нь улс төрийн зээл байгаад улсаа дэнчин тавьчих вий дээ гэсэн болгоомжлол байх юм. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд л байна. Энэ бүхнийг та хэрхэн харж байна вэ. Эдийн засагт ногоон гэрэл асаахад хэр дэмтэй байх бол?

-Ер нь улс орны хамтын ажиллагаа олон талын болоод хоёр талын гэсэн хэлбэртэй байдаг. Олон талын гэдэг нь олон улсын байгууллагад элсээд гишүүн байгууллагуудтайгаа хамтран ажиллахыг хэлнэ. Хоёр талын хамтын ажиллагаа бол улс гүрнүүд хоорондоо хамтран ажиллах. Гэхдээ өнөөгийн нөхцөлд тохирсон хамтын ажиллагаа, зээл, тусламж байх хэрэгтэй. Олон улсын байгууллагын дунд тогтсон "хөгжлийн албан ёсны тусламж” гэдэг хамтын ажиллагааны хэлбэр байдаг юм. Энэ нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Манайхан ч үүнийг өмнө нь зөндөө л ашиглаж байсан. Ийм төрлийн зээл хэдийг бол хэдийг авч ашиглаж болно. БНХАУ гэхэд Олон улсын валютын сангийн гишүүн улс. Хятадаас энэ чиглэлийн зээл авахад чөлөөтэй.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломж бий. Тэгэхгүйгээр өндөр хүүтэй, богино хугацааны зээл авчихвал манай эдийн засаг өөрөө эрсдэлтэй байгаа тул цаашид өрийн дарамтад орох магадлалтай. Ийм тусламжийг бид авч болохгүй. Хамтын ажиллагаагаа л хөгжүүлэх нь чухал болохоос заавал тэрнээс зээл ав, тэрнээс болохгүй гээд байх зүйл байхгүй. Зөвхөн Хятадаар бид хязгаарлагдаж болохгүй. Дэлхий дээр зээл авчихаар олон улс гүрэн бий. Тухайлбал, Тайваниас зээл авч болно. Тайвань эдийн засгийн хувьд чадвартай болчихсон. Эдийн засгаараа дэлхийд эхний тавд багтдаг. Тэгж ярих юм бол АНУ, япон, хятадууд Тайваниас зээл авчихсан байна. Бид яагаад тэднээс хөнгөлөлттэй зээл авч болохгүй гэж. Боломж байгаа биз дээ.

-Далай ламыг Монголд айлчилснаас болоод Хятадын зээл бүтэхээ байчихлаа гээд "боож үхчих” гээд байцгаах юм байна шүү дээ. Одоо өнгөрсөн, цаашаа ингээд элгээрээ мөлхөх нь гээд сүр бадруулаад байх юм?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төр хоёрыг бид зааглах хэрэгтэй. Зээл тусламж авах, хөтөлбөрт хамрагдах бол эдийн засгийн хамтын ажиллагаа. Улс төртэй огт холбоогүй. Энэ хоёр тусдаа асуудлыг хүчээр холбох гээд эсрэг тэсрэг болгоод байх шаардлагагүй. Далай лам айлчилснаас болоод эдийн засгийн сөрөг нөлөө гараагүй, гарах ч үгүй гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр баталсан. Тэнд Оюу толгой, Таван толгой, Гацууртын ордыг ашиглах болон хэд хэдэн цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Энэ бүхэн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

-Эдийн засаг хүнд байгаа үед өөрсдийн нөөц боломжоо хамгийн дээд зэргээр дайчилж чухал ордуудаа эргэлтэд оруулах нь огт буруу биш. Гэхдээ яаж оруулах вэ гэдэгт асуудал бий. Харилцан үр ашигтай байлгамаар ашигламаар байна. Оюу толгой шиг сайхан зүйл хүсч байгаад эцэст нь үр дүн муутай хамтын ажиллагаа болчихдог гашуун түүх сургамж байгаа. Үүнээс сургамж аваад харилцан үр ашигтай байхаар ажлаа урагшлуулах нь зөв. Өмнө нь байгуулсан гэрээ хэлцлүүдээ дахин хянах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой бий. Тэр бүү хэл Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлцлийг дахин хянаж, харилцан ашигтай байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гээд заачихсан. Тодорхой болчихсон төслүүд дээрээ идэвхтэй, хурдтай ажиллах зайлгүй шаардлага бий.

-Засгийн газрыг удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Та ч гэсэн яриандаа хэдэнтээ онцоллоо. Ямар шалтгааны улмаас цаг алдаад байгаа юм бэ?

-Засгийн газрын үйл ажиллагаа удаан байна. Өөрөөс нь хамаарсан шалтгаан бий л байх. Асуудлаа өөрийн болгож, хурдан хугацаанд боловсруулах хурд дутаж байгаа нь илт харагдах юм. Дээрээс нь Их хурал Засгийн газрыг удаан болгоод байх юм л даа.

-Яагаад Их хурал гэж. Танай бүлэг чинь Их хуралд 65-уулаа байж гацаах шалтгаан байгаа юм уу?

-Тэр тусмаа. Яагаад удаан байна гэхээр бодитой зүйлдээ цаг бага гаргаад төсөв, төлөвлөгөө боловсруулахад хамаг цагаа зарцуулж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулна гээд 60 хоног ажилласан. Дөнгөж боловсруулж дуусаад хэрэгжүүлж эхлээгүй байхад нь Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр гаргана гээд дахиад 60 хоног хуралдлаа. 60 хоног хуралдаж хөтөлбөрөө баталж дуусахаар нь одоо л ажилдаа орох нь гэтэл оны эцэс болоод тулгамдсан асуудлууд хоолой дээр нь тулчихсан. Дөрвөн жилийнх нь хөтөлбөрийг батлаад өгчихсөн юм бол хурдтай ажиллах бололцоог гаргаж өгөөд эрх зүйн зохицуулалтуудыг нь шуурхай хийж өгөх хэрэгтэй. Тэгээд Засгийн газраа түргэн ажиллуулах шаардлагатай байна. Тэгэхгүйгээр нэг хөтөлбөр гаргахаар нь төлөвлөгөө гаргана гээд төлөвлөгөө гарахаар хуульд өөрчлөлт оруулна гээд хууль дээрээ очихоор өнөөхөө боловсруулж байна гээд цаг алдаад байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулъя л гэж байгаа юм бол ямар зохицуулалт хэрэгтэй юм, түүнийг нь хийгээд өгчих хэрэгтэй. Хагас жил өнгөрчихлөө. Цаг нартай уралдаж байгаа бидний хувьд их ажил амжуулчих хугацаа.

-Олон улсын зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өсөөд байна л гэх юм. Манайхан энэ бүгдийгээ гаргасан хэвээр байгаа атал эдийн засагт өөрчлөлт гарсан юм алга. Өмнөх жилүүдээс экспортын хэмжээ огт буураагүй юм билээ?

-Бодит хэмжээгээр өсч байгаа. Гэсэн хэдий ч орж ирдэг нь буураад л байна. Энэ бодит үнэн. Сүүлийн саруудад зэс, нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа нь эдийн засагт эерэг нөлөө авч ирэх байх. Одоо эдийн засагт мэдрэгдсэн зүйл байхгүй байна гэдэгтэй яах аргагүй санал нэгдэх ёстой.

-Ер нь бол танай намынхан өмнөх дөрвөн жилд АН, МАХН хамтарч засгийн эрх барьж байхдаа эдийн засгийг навс унагасан гэдэг зүйл ярьдаг. Таны хувьд Сангийн сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн энэ хямралд таны оролцоо ч байгаа юм биш үү. Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад эдийн засаг яг ямар байсан юм бэ?

-Гэнэтийн юм гэж байдаггүй. Тэр тусмаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил гэнэт нэг өдөр муудаад, нэг өдөр сайжирчихдаг юм биш. Урт хугацааны тогтвортой бодлого гараад бодлогын дагуу тууштай, зөв ажиллаж чадвал сайжраад л явна. Бодлогогүй, урсгалаараа яваад байвал байдал эрс муудна. Тиймээс үүн дээр нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Миний хувьд үндсэндээ таван Засгийн газарт Засгийн газрын гишүүнээр ажилласан. 1990 оноос хойш эдийн засгийн шилжилтийн үед УИХ-ын гишүүн, Сангийн сайдын албан тушаал хашиж байлаа. Энэ чиглэлд санаа зовж, дүгнэлт хийх гэж хичээдэг эрдэмтэн, судлаач хүн. Тэр утгаараа аваад үзэх юм бол бидэнд хэд хэдэн анхаарах зүйл байна. Нэгдүгээрт, бодлогоо тууштай хэрэгжүүлж чаддаггүй. Бид дандаа бодлого гаргадаг ч түүнийгээ мартдаг. 1995 онд Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж гаргаж байв. Гэтэл энэ бодлого орхигдсон. Угтаа одоог хүртэл хэрэгжээд явж байх ёстой байсан. Дараа нь 2008 онд Эдийн засгийн хөгжлийн цогц бодлого гэж гаргасан. Мөн л 2020-2030 он хүртэлх бодлого. Бас л мартагдсан. Өнгөрөгч өвөл бид Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого гээд гаргасан. Бид ингээд бодлого гаргаад байдаг ч хэрэгжүүлэх дээрээ тулахаар мартдаг талтай.

Хоёрдугаарт, эрх барьж буй улс төрийн хүчнүүд дандаа шинэ зүйл хийх гэж оролддог. Үүнээс болж урагшаа алхдаггүй, байрандаа л байдаг. Төрийн залгамж чанар уламжлагдаж, шинэчлэгдэж явах ёстой. Гэтэл шинэчлэл нь давамгайлаад уламжлалаа бид мартдаг. Бүх зүйлийг шинээр хийх гэж оролддог нь бидний сул тал.

Гуравдугаарт, эвсэж, хамтарч ажиллахдаа учир дутагдалтай. Өнгөрсөн 26 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтцийг он оноор нь судлаад үзэхэд хамтарсан Засгийн газрын үед эдийн засаг дандаа муудаж ирсэн дүр зураг харагддаг. Урт хугацааны, уламжлагдсан бодлогогүй учраас манай хөгжил догонцдог. 1992 оноос хойш явагдсан бүх УИХ-ын сонгуулиудыг аваад үз. Дөрөв, дөрвөн жилээр энэ хоёр нам ээлжилж засаг барьсан. Дараалан найман жил Их хуралд ялалт байгуулсан улс төрийн хүчин байдаггүй. Сайн үр дагавар гарч байгаа бол аль алинд нь хамаатай. Муу үр дагавар гарсан бол мөн л аль алинд нь хамаарна. Тиймээс тэрнээс болоод эдийн засаг муудсан гэх нь учир дутагдалтай тул ялгаж, салгаж ярих ёстой. 2012-2016 оны эхний хоёр жил АН, МАХН хамтарч "Шинэчлэлийн” Засгийн газарт ажилласан. Энэ хугацаанд хөгжлийн эх үүсвэр босгож, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд нэлээд ахицтай ажилласан. Сүүлийн хоёр жил орчимд нь "Шийдлийн” Засгийн газар ажилласан. Энэ Засгийн газрын үед харин эрч хүч нь суларч, гадна талд хийсэн гэрээ хэлцэл дээр буулт хийж Монголын эрх ашигт нийцээгүй зүйл заалт дээр гарын үсэг зурсан. Түүнчлэн төсөв, хөрөнгө мөнгөний тал дээр сахилга батгүй, замбараагүй болсон. Ингэж үе үеэр нь ялгаж, салгаж ажиллах хэрэгтэй. Түүнээс биш Улаанаас болсон гэж байгаа бол учир дутагдалтай.

-Эдийн засгийн энэ донсолгоотой байдал тэгэхээр улс төртэй салшгүй холбоотой болж таарах нь ээ...

-Эргэлзэх зүйлгүй шууд хамааралтай.

-Одоо тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүд яг ямар байж гэмээнэ эдийн засагт хор хүргэлгүй явцгаах юм бол. Популизм хийдэг гишүүдээс болоод эдийн засаг хямарсан гэж онцолдог шүү дээ?

-Юуг популизм гэж байна гэдгийг ялгаж салга. Байгалийн баялгаа зөв ашиглая, өгөөжтэй байя, завшуулахгүй байя гэж шаардлага тавьж байгаа хүнийг популист гэж байгаа бол би л хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин нөгөө талд байгаа нөхдүүд зориудаар ийм яриа гаргаж байна гэж ойлгох хэрэгтэй. Оюу толгойгоо үр дүнтэй ашиглая, монголчууддаа илүү өгөөжийг нь хүртээе, байгалийн баялгаасаа өгөөжөө хүртэж хурдан хөгжье гэж хэлсэн хүн яагаад популист байдаг юм. Буруу нь юу байгаа юм. Эдийн засгийг улстөржүүлж болохгүй.

-Гэхдээ яаж ийж байгаад л улстөржүүлчих юм...

-Манайд улстөржилт дээд цэгтээ хүрсэн. Сууж байгаа мөчрөө хөрөөддөг хүн хамгийн тэнэг байдаг биз дээ. Эдийн засаг чинь нийгмийн хөрс суурь, мөчир нь байхгүй юу. Харин улс төр гэдэг чинь үүн дээр бий болсон давхарга. Гэтэл улс төр нь дандаа мөрчөө хөрөөдсөөр ирлээ. Үүнийг ойлгоод бид эдийн засгийн тал дээр үр ашиг чанар талаас нь ханддаг болох хэрэгтэй. Манайд өнөөдөр харамсалтай нь бүх зүйлийг улс төр талаас нь харж байна. Үүнээс болоод бид хүнд байдалд орж байгаа. Дээр нь гаднын явуулга байгаа гэдэгт огт эргэлздэггүй.

Би хувьдаа хамтын ажиллагааг үгүйсгэдэг хүн биш. Манайх шиг хөгжлийн түвшин буурай, байгалийн баялаг ихтэй, шийдвэрлэх асуудал олон байдаг улсад хамтын ажиллагаа маш чухал. Үүнд цаг хугацаа шаардагддаг. Чуулганы хуралдаан дээр "Оюу толгой үр ашиггүй байна” гээд ярьсны төлөө популизм хийлээ гэж зэмлүүлж байсан. Энэ чинь улс төр биш шүү дээ.

-Д.Тэрбишдагва гишүүн та хоёр Оюу толгойн асуудлаар асуулга тавьсан. Засгийн газар хэзээ хариулах юм бэ. Хойшлоод байх шиг байна?

-Нэлээд хугацаанд хойшлогдоод хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй болчихлоо. Эдийн засгийн хямралаас гарах арга замыг идэвхтэй хайж байгаа энэ үед анхаарлаа төвлөрүүлж яриад, санаа бодлоо нэгтгээд, цаашаа явах нь зөв л дөө. Оюу толгой төслийн үр ашгийн тал дээр анхаарах асуудлууд бий. "Рио Тинто” Монголын баялгийг барьцаалаад асар их хэмжээний зээл авсан. Тэр зээл нь бидний хяналтад биш гадна байгаа. Валютын нөөц шавхагдсан гээд байгаа энэ үед Монголын баялгийг барьцаалаад авсан дөрвөн тэрбум ам.долларын эх үүсвэр "Рио Тинто”-гийн дансанд хадгалагдаж байна. Хэрэв тэр доллар Монголын банкны системд орж ирсэн бол манай орны валютын нөөц гэж харагдаж үнэлэгдэх юм. Зээлжих зэрэглэл ингэж унахгүй байсан. Энэ мэтчилэн тулгамдсан шийдэх гээд байгаа асуудлууд дотор гарах арга зам байгаа. Нүдээ нээх хэрэгтэй байна. Тэр утгаараа үүнийг яриачээ гэдэг асуудлыг оруулж байгаа хэрэг. 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил байгаа. Үүнийгээ шийдэх хэрэгтэй. Тэгж чадвал ирээдүйд бидэнд ирэх өрийн дарамт багасна. Хугацаа алдах шаардлагагүй зүйл дээр ингэж хойшлогдож байгаа нь Засгийн газар удаан байна гэдэг дүгнэлтийг нотлоод байгаа юм. Валютын сантай аль эрт учраа олчихсон бол ажил нэлээд урагшилчихсан байх байлаа.

-Эдийн засгийн уналт үүнээс цааш үргэлжлэх үү?

-Унаж байгаа нь ойлгомжтой. Уруудаж яваа зүйлийг аль болох тогтоох нь зүйн хэрэг. Зөнгөөр нь унагаагаад байж болохгүй. Эдийн засагт ёроолдоо хүртэл уначихлаа гэдэг шалгуур байдаггүй юм. Унасаар байгаад юунд хүрч болох вэ. Ямар сөрөг үр дагавар гарч болох, тэр бүхэн рүү явна. Тийм их эрсдэл рүү явуулж болохгүй. Төр байгаа юм бол ажлаа хийх ёстой. Үндсэн хуульдаа бид "Төрийн зохицуулалттай зах зээлийг хөгжүүлнэ” гээд заачихсан. Энэ хямралыг зөнд нь орхиж аз турших ёсгүй. "Зараа зам дээр зогсоод азаа үзлээ” гэдэг шиг явж огт болохгүй. Төр зөв бодлого явуулж энэ хямралыг зогсоож авах нь чухал. Зогсоосны дараа тогтворжуулж аваад сайжруулах зүйл ярих ёстой. Зөнд нь орхивол өргөн хэрэглээний барааны үнэ ханш жолоодлогогүй болно. Энэ зам ойрхон шүү.

1992 онд бид жилдээ 360 хувийн инфляцитай байсан. Боддоо, жилд юмны үнэ 360 хувиар өснө гээд. Тэр хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар муудна. Ийм зүйл рүү явуулж болохгүй. Дээрээс нь валютын нөөцөө шавхаад дуусгаж болохгүй. Гадаадын зээлийн төлбөрийг төлөхгүй дампуурах юм уу. Олон улсын зах зээл дээр дампуурлаа зарлах юм бол хаанаас бид хөрөнгө оруулалт авч хөгжих юм. Тэр нь утгаар нь зөнд нь орхиж аз туршиж болохгүй, ажиглаад суугаад байж бүр болохгүй. Манайд ажигладаг моод гарчихсан юм уу хаашаа юм. Монголбанк нь ажиглаж байна, Сангийн яам нь ч ажиглаж байна гэх юм. Юуг ажиглаад байгаа юм бэ, тэд. Тэд ажиглах үүрэгтэй биш байхгүй юу. Эдийн засгийн уналтыг нэн даруй зогсоох үүрэгтэй. Дараагийн алхам нь эдийн засгаа нэн даруй сэргээх ёстой. Энэ чиглэл рүүгээ л анхаарлаа хандуул. Өнөөдөр нийгмийн халамж руу анхаараад хамаг цагаа алдаж байна. Гэтэл хөрөнгө мөнгөө хэрхэн нэмэгдүүлэх эх үүсвэр нь хаана байгаа юм бэ. Үүнийгээ ярихгүй байж жишээтэй. Их яриа маань төлөвлөгөө болж гардаг, төлөвлөгөө нь ажил болдоггүй. Учир нь эх үүсвэр хөрөнгө мөнгөтэйгөө уялддаггүй.

-Монгол Улсын хэмжээнд төрийн өмчид бүртгэлтэй 94 компаниас 87 нь үйл ажиллагаа явуулж байгаа ч алдагдал нь хэрээс хэтэрсэн байна. Удахгүй хувьчлал явуулна гэж ярьж байна. Хувьчлалын тал дээр ямар бодолтой байна вэ?

-Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж болохгүй. Эдийн засагтаа улстөржиж ханддагаас болоод томилгоонуудыг улс төржүүлэн хийснээс улбаалан мэргэжлийн бус хүмүүс улс төрийн шалгуураар очоод төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа шалдаа хүртэл унасан. Энэ дээд зэргийн хариуцлагагүй явдал. Нэн даруй зогсоох ёстой. Дээрээс нь хянаж шалгаж, тусалж дэмжих учиртай. Тэгэхгүй болохоор дарга нар нь хэмжээгүй эрхт хаан болчихсон мэт аашилж, аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь унагаагаад авсан байна. Эдийн засаг хүндрэлтэй, хөрөнгө мөнгө хомсдолтой байгаа үед хувьчлах, хөрөнгийн эх үүсвэр босгох шаардлага бий. Гэхдээ бид байгаа зүйлсээ дээд зэргээр ингэж үр ашиггүй алдагдалтай болсон үед нь ингэж хувьчлах юм бол хамгийн хямд үнээр л хувьчилна. Хувьчилна гэдэг чинь хэрэгцээгүй болсон зүйлээ хүнд худалдахын нэр бас биш. Хүн өөрт байгаа зүйлийг үнэ хүргэж хувьчлах ёстой. Одоо бол зүгээр л өгөх гэж байна. Ингээд хувьчлах юм бол эдийн засагт ямар дэм болох юм. Энэ жил 160 тэрбум төгрөгийг хувьчлалаас оруулна гээд төлөвлөчихсөн. Тэр хэмжээгээрээ төсөв дутагдчихсан. Энэ чинь өр л болно. Одоо хувьчлах бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Бэлтгэл хийнэ гэдэг чинь бичиг баримт бүрдүүлэхийн нэр биш. Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм.

-Үр ашиг гэж та ярилаа. Үр ашгаа нэмэгдүүлэх боломж хэр байгаа юм бол доо?

-Бүх зүйл дээр үр ашиг ярьдаг болмоор байна. Орон тоо, зардал чирэгдэл, үйл ажиллагаан дээрээ ч гэсэн ярих шаардлагатай. Эдийн засгийн хямралыг даван туулах эхний арга зам үр ашгаа дээшлүүлэх. Нэг төгрөг бүрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Төрийн, төсвийн, ард түмний хөрөнгийг зөв зүйлд зарцуулах сахилгаа сайжруулах хэрэгтэй байна л даа. Хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа эрэмбийг зөв тогтоох нь чухал.

Монголбанк, Сангийн яам ажиглаад, зөвлөгөө хүлээгээд байдгаа зогсоомоор байна. Гардан барьж аваад ажиллах ёстой хүмүүс чинь зүгээр суугаад юу болж байгаа нь энэ вэ. Ингэж болохгүй биз дээ. Ялангуяа Засгийн газар чинь өдөр бүр оволзож байх ёстой гал тогоо. Халуун гал дээр үүнийг буцалгаж, шарж түчигнүүлж байх ёстой биз дээ. Жаахан анхаарал сулрахад үнс нурам болно биз дээ. Ингэж болохгүй байхгүй юу. Тиймээс л би хурдан ажилла гээд байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд мэргэжлийн биш, салбартаа ажиллаж байгаагүй, салбарын ажлынхаа гүнд орж ажиллаж үзээгүй хүмүүс шуурхай ажиллаж чаддаггүй юм шүү дээ. Юу руу шуурах гээд байгаагаа мэддэггүй юм. Тиймээс танин мэдэхүйн үе шатаа дуусгаад ажилдаа ормоор байна. Ажиглаад байна гэдэг чинь танин мэдэхүйн үе шат. Хөндлөнгөөс очсон хүн яадаг юм бол гээд учраа олохгүй гайхаад байгаа хэрэг шүү дээ.

Монголбанк, Сангийн сайд хоёр нь ажил хийх гэж байгаа нь энэ гээд хамаагүй мэдэгдэл хийгээд байж ч болдоггүй юм. Ярих зүйл, ярихгүй зүйл гэж байдаг. Валютын ханшаа савлуулж болохгүй. 1992 онд ямар хэцүү байлаа. Валютын хомсдолд орчихсон, бүх зүйл нуран уначихсан, картын бараатай байсан. Нэг жилийн дотор картын барааг халсан. 1993 оны наймдугаар сар гэхэд картын барааг халлаа гэж зарласан. Тэр нь яасан гэхээр бараа таваарын хэмжээ буцаад хэвийн болсон гэсэн үг. Гэх мэтчилэн бодлогын асуудлыг богино хугацаанд шийддэг байхгүй юу.

-2000 онд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй, сургууль, цэцэрлэгүүд хөлдөх хэмжээнд хүртлээ хэцүүдсэн байсан. Тэр цаг үеийг хэрхэн даван туулж байсан юм бэ?

-Тэр үед хэд хэдэн бодлогын арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, Монгол Улсад болоод төсвийн байгууллагуудад байгаа санхүүгийн эх үүсвэрүүдийг ил болгож нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. Яг үнэндээ сургууль, цэцэрлэгүүд цалингаа тавьж чадахгүй байна гэсэн боловч төсвийн байгууллагууд дор хаяж 10, 20 дансанд мөнгөө байршуулаад дарга нар нь өөртөө ашигтай хэрэгцээтэй гэсэн зүйлдээ зарцуулаад цалин, тэтгэвэр олгодоггүй байсан. Санхүүгийн дээд зэргийн сахилгагүй байлаа шүү дээ. Тооллого хийж бүх дансыг гаргаж ирээд тодорхой болгоод хянасан. Үүнийг удирдах төрийн сангийн тогтолцоог бий болгосон. Үүнээс цаашлаад албан байгууллага, улсын өрийн асуудлыг шийдсэн. Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлан гаргасан. Урьд нь зардал санхүүжүүлдэг байсныг болиулж ажлын үр дүн санхүүжүүлдэг болсон юм. Ингэж шуурхай ажиллах ёстой.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.