С.Дэмбэрэл: Валютын ханш чангарсан ч инфляцад нөлөөлөөгүй
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй валютын ханшийн талаар ярилцлаа.
-Мөнгөн тэмдэгт маань суларсаар ам.доллартой харьцах ханш нь 2034-д хүрлээ. Үүний шалгаан юу вэ. Яаж барих вэ?
-Эдийн засагт боломжгүйн гурвалжин буюу тогтмол ханштай, төв банк нь бие даасан, капиталын хяналт байхгүй гэсэн гурван ойлголт байдаг. Яагаад боломжгүй гэж байна вэ гэхээр , валютын ханшийг тогтмол барих боломжгүй. Хэрэв тогтмол бариад эхэлбэл төв банкны бие даасан хараат бус байдал алдагддаг. Тиймээс валютын ханшыг барих боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл банк хоорондын зах зээл дээр чөлөөтэй өөрчлөгдөж байдаг. Хэрэв валютын ханш хэт их хэлбэлзээд эхэлбэл интервенц хийж, гадаад валютынхаа нөөцийг зарцуулж эхэлдэг. Сүүлийн жилүүдэд байнга интервенц хийж байсан учраас валютын ханшийг 2000 дотор барьж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар валютын ханш 2033-д хүрчихлээ. Хэдий валютын ханш өсөж байгаа ч инфляцын төвшинд нөлөөлөхгүй байгаа. Одоогоор инфляци 1,8 хувьтай байгаа. Уг нь УИХ-аас инфляцын жилийн төвшинг дунд хугацаанд 5-7 хувьд барина гээд баталчихсан байдаг.
-Инфляци ийм бага байхад яагаад валютын ханш чангараад байна вэ?
-Валютын ханшны инфляцид нөлөөлөх нөлөөлөл гэж байдаг. Валютын ханшийг инфляцад нөлөөлөхгүй байх төвшинд барих нь Монголбанкны үүрэг. Валютын ханш чангарсан шалтгаан нь саяхан болсон сар шинийн баяр болон гадны хөрөнгө оруулалт буурсан, Валютын урсгал татарсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбогдуулаад валютын эрэлт нэмэгдсэн учраас валютын ханшинд нөлөөлсөн. Мөн АНУ-ын холбооний нөөцийн газар оны сүүлээр бодлогын хүүгээ нэмсэн. Үүнийг хүлээж байсан Хятад болон европын холбооны улсуудад Америкийн доллар чангарч эхэлсэн. Үүний хаялга Монгол руу нөлөөлж ирж байна. Нөгөө талаас манайхан гаднаас хөрөнгө оруулалт оруулж ирж байна, бонд босгож байна гээд өр тавьдаг. Сүүлийн үед бондын өртөг маш их нэмэгдсэн. Энэ тохиолдолд манай өртөг их нэмэгдэж байгаа. Энэ бүхэн валютын ханш чангарахад нөлөөлсөн гэж болно. Тиймээс валютын ханшийг алдчихлаа, Монгол улс сүйрлээ гээд байх шаардлага байхгүй.
-Валютын ханшийг сулруулах тал дээр ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?
-Мэдээж экспорт болон хөрөнгө оруулалтынхаа урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Гаднаас мөнгө зээлж, дотооддоо хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн 7-8 улирал дараалан доошоо явж байгаа. Үүнийг дагаад манай эдийн засгийн өсөлт доошоо явж байна. Гэхдээ инфляци өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгаа нөхцөлд валютын ханш 2033-д хүрэхэд иргэдийн худалдан авалтад нөлөөлөхгүй.
-Tradingeconomics.com сайтад төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2030 биш харин 2090 төгрөг давна гэж тэнд мөн тусгасан байсан энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ингэж тэд болно, эд болно гэж таах өөрөө их аюултай. Жишээлбэл, УИХ дээр Сангийн яам, төв банк хоёр орж ирэхэд Сангийн яамнаас хүмүүс "Төсвийнхөө тооцоон дээр валютын ханшийг хэдээр тооцсон бэ” гэхэд өнгөрсөн жил 2030 гэж байсан. Өнөөдөр 2030-даа хүрчихлээ. Гэтэл төв банк үүнийг байнга тооцоолж байдаг. Гэхдээ тэр ханшаа зарладаггүй. Учир нь иргэдэд буруу хүлээлт үүсгэдэг. Тиймээс ханшийг цаашид тэд болно гэж хэлэхэд хэцүү.
-Өнөөгийн эдийн засгийн хямралыг та яаж харж байна?
-Эдийн засаг хямраагүй байгаа. Эдийн засгийн хямрал гэдэг бол тухайн орны ДНБ хасах тэмдэгтэй байхыг хэлдэг. Одоо манай эдийн засаг бууралттай байгаа. Ийм байдалтай болоод 2-3 жилийг өнгөрөөлөө. Үүнтэй холбоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт багасаад л байгаа. Гэхдээ хасах руу ороогүй. Үүнийг хасах руу оруулж болохгүй. Энэ байдлыг манайхан эдийн засгийн хямрал гэж их ярьдаг. Тодорхой айл өрхүүдийн хэмжээнд бол хямарсан байж болно. Гэхдээ цэвэр эдийн засгийн тооцооны хэлээр бол энэ хямрал биш.
Т.Болормаа
Сэтгэгдэл байхгүй байна.