Сандал суудлаа хурдан цэгцлээд ханш уналтыг зогсоож, наядын алдагдалтай төсвөө тодотгооч ээ
Ч.Сайханбилэгийн Шийдлийн хэмээх Засгийн газар юу ч шийдэж чадалгүй халаагаа өгсөн нь тун тодорхой билээ. Валютын ханшийг тогтвортой барьж байх ёстой Монголбанкны хуучин ерөнхийлөгч Н.Золжаргал ч үндсэн ажлаа хийгээгүй. Энэ мэтээс болоод өнөөдөр улсын төсөв нэг их наядын алдагдал хүлээчихсэн цохиж явна.
Сонгуульд ялсан МАН-ынхан засгаа байгуулах хэмээн бужигнаж байх хооронд нэг ам.доллар 2070 төгрөгтэй тэнцэх болов. Долларын ханш цаашид ч өснө гэдгийг эдийн засагчид ярьж байна. Үүний учир нь ам.долларын нийлүүлэлт нэмэгдэхгүй байгаа, дээр нь төсвийн алдагдал нэг их наяд давсан нь ханшийн өсөлтийг эрчимжүүлж байна гэж эдийн засагчид үзэж байна.
Тэгэхээр ирэх сард ам.долларын ханш 2100-д хүрэхэд гайхах хэрэг алга. Энэ оны улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөгөөр, төсвийн алдагдлыг 900 тэрбума төгрөгөөр тооцож суулгасан боловч эдүгээ алдагдал нь ч, ам.долларын ханш ч төлөвлөсөн хэмжээнээс даваад явчихлаа.
МАН-ын Засгийн газар бүрэн бүтэн бүрдээгүй байхад эдийн засаг нөгөө элгээрээ хэвтэх гээч болоод байна. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төгрөгийн ханш уналтыг зогсоож, зохистой төвшинд байлгана гэсэн. Мөн валютын нөөцийг нэмэгдүүлэхийг ч мөрийн хөтөлбөртөө тусгасан билээ.
Улсын төсөвт яаралтай тодотгол хийхгүй бол эдийн засгийн үзүүлэлтүүд улам муудсаар, унасаар байна.
Гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч дөрвөн хүчин зүйлс байдаг аж.
1. Цэвэр экспорт (экспорт - импорт)
2. Гадаадад олгосон цэвэр зээл (гадаадад олгосон зээл – гадаадаас олгосон зээл)
3. Гадаад цэвэр шилжүүлэг (дотоодын эдийн засгийн харьяатуудын гадагш шилжүүлсэн мөнгө - гадаадаас ирсэн хувийн шилжүүлэг)
4. Цэвэр хөрөнгө оруулалт (гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт – гадаадын шууд хөрөнгө оруулалт)
Тэгвэл эдүгээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарах болоод буй. Хоёрт, Экспортын гадаад худалдаа 2016 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 177.3 сая ам.доллараар буурчээ. Экспортын орлого ийнхүү буурахад уул уурхайн үйлдвэрлэл буурсан нь голлон нөлөөлсөн.
Төсвийн 40 хувийг бүрдүүлж байсан нүүрс, зэсийн ханш төсөвт тооцож суулгаснаас доогуур ханштай байна. Нэг тонн нүүрс 30-50 доллар байгаа бол нэг тонн зэс 4899 ам.доллар болоод байна.
Тэгэхээр МАН Засгийн газраа хурдан төвхнүүлж, улсын төсвөө тодотгон, Монголбанкны шинэ Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ханшийг тогтворжуулах, буулгах арга хэмжээг цаг алдалгүй авах цаг болоод байна.
Г.Самбаа
Сэтгэгдэл байхгүй байна.