Энэ сарын 26-ныг Орос улсад Үндэсний гашуудлын өдрөөр зарлав
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин БХЯ-ны ТУ-154 онгоцны ослын улмаас амь үрэгдсэн 92 иргэний гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийллээ.
Орос улсын Батлан хамгаалах яамны ТУ-154 онгоц энэ сарын 25-ны шөнө Хар тэнгисийн Сочийн орчмын эргийн усанд унасан юм. Онгоц Москвагаас –Латакия/Сири улс/ нисэх замдаа Моздокад шатахуунаа сэлбэх байжээ. Гэтэл цаг агаарын байдлаас болж Сочийн Адлерын онгоцны буудлаас шатахуунаа сэлбэх болсон аж. Иймд уг ослыг халдлагын шинжтэй гэж үзэх ямарч үндэс одоогоор байхгүй хэмээн Оросын хэвлэлүүд уламжилж байна. Харин ослын үндсэн шалтгааныг техникийн эвдрэл болон нисэгчийн алдаатай холбож үзэж буй юм.
Онгоцонд нийт 92 зорчигч явснаас нисэх багийн 8 гишүүн байжээ. Оросын Александровын нэрэмжит Цэргийн дуу, бүжгийн ансамбелийн 64 жүжигчин Латакияд очиж оросын цэргийн албан хаагчдад Шинэ жилийн тоглолт хийхээр явж байв. Мөн "Первый канал”, "НТВ”, "Россия” телевизийн 9 сурвалжлагч, "Справедливая помощь” сангийн тэргүүн Елизавета Глинка болон Орос улсын БХЯ-ны өндөр албан тушаалын хүмүүс байжээ.
Орос улсын Батлан Хамгаалах яамнаас Ту-154 онгоцонд осолдсон цэргийн болон энгийн иргэдийн ар гэрт 5,8 сая рублийн нөхөн олговор олгохоо мэдэгдсэн.
Талийгаачдын цогцсыг уснаас гаргах ажиллагаа Сочи хотод цаг наргүй үргэлжилж байна.
Энэ сарын 26-ны даваа гаригийг Орос улсад Үндэсний эмгэнэлийн өдрөөр зарлаад байна.
Москва хот. А.Огторгуймаа MONTSAME.MN
Сэтгэгдэл байхгүй байна.