МҮОНРТ-ийн ерөнхий захиралд Н.Дэмбэрэлийн нэр яригдаж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооноос МҮОНРТ-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Ажлын хэсэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөгчид орж ажилласан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд МҮОНРТ-ийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Шалгалтын дүнгээр бол МҮОНРТ-д хууль хэрэгждэггүй юм байна. Ялангуяа эрх барих дээд байгууллага нь болох Үндэсний зөвлөл, ерөнхий захирал, захирлын зөвлөл нь ажлаа хуулийн хүрээнд хийгээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэр байтугай ерөнхий захирлыг нь томилохдоо Үндэсний зөвлөл нь улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, ажлаа хүлээлгэж өгөөгүй хүнийг томилсон.
Үндэсний зөвлөл нь 2015 онд 37 тогтоол гаргаснаас долоо нь, 2016 онд 40 тогтоол гаргаснаас гурав нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Үндэсний зөвлөлийн гишүүд 100 хувийн ирцтэйгээр хуралдаа сууж байгаа гээд бүгдэд нь урамшуулал олгосон байна. Гэтэл А.Мөнхбат гэдэг хүн тодорхой шалтгааны улмаас хуралдаа суугаагүй. Харин Үндэсний зөвлөл нь тэр хүний нэр дээр МҮОНРТ-ээсээ 10-аад сая төгрөг авчихсан байдаг” гэв. Мөн ерөнхий захирал нь Үндэсний зөвлөлийнхөө шийдвэргүйгээр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж мөнгө шилжүүлжээ. Ажлын хэсгийн гишүүд ч үүнийг үнэн гэдгийг хэлсэн юм. Үүнээс үзвэл МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх бололтой. Түүний оронд томилох хүмүүсийн нэр ч эхнээсээ тодорч эхэллээ. Тухайлбал, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг томилох талаар ярьж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.