Шинжихүй
Монгол улсыг удирдан залж байсан үе үеийн төрийн тэргүүнүүд нэгэн дор цуглаж иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Эрх баригчид, иргэдийн дунд үл итгэлцэл, хардалт сэрдлэг газар авч, эв нэгдэл хамтын хүч ус агаар шиг байгаа энэ цаг үед төрийн тэргүүнүүдийн мэндчилгээ монгол түмнийг хамгийн ихээр баярлууллаа.Тэдний дээл хувцсыг ажваас олон янзын утга санаа, үзэл бодлыг гаргаж болмоор...
Төрийн тэргүүний хувцас гэдэг нь аливаа арга хэмжээ, үйл явдалд утга учир өгч байгаа байдал, үзэл бодлынх нь толь болж байдаг хамгийн том дипломат ёс.
Тиймээс эвийн дөрвөн шагай шиг ерөнхийлөгч нарын хувцаслалт энэ удаа юуг өгүүлнэ вэ
Монгол Улсын ууган ерөнхийлөгч П.Очирбат
Энэ өдөр цэнхэр тэнгэрээ бэлгэдэж цэнхэр дээл, бор шляфан малгайгаар гангарчээ. 1993 онд Ерөнхийлөгчийн анхны сонгуулиар сонгогдохдоо хээгүй, гүдэсхэн эр гэдгээрээ олон түмний итгэлийг дааж байсан түүний энэ даруухан сонголт тэнгэр шүтлэгтэй монголчуудад таалагдсан. Цэнхэр өнгө нь итгэлцэл үнэнч байдлыг илэрхийлдэг төдийгүй саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуудаг хүмүүс ихэвчлэн энэ өнгийг сонгох нь бий. Ерөнхийлөгч нараасаа насны хувьд ч ахимаг,намбын хувьд ч буурьтай түүнийг "бажгар арав” хэмээн хочлох нь бий.Тэрээр Монголын уул уурхайн салбарт цөөнгүй газрыг удирдсан.Мөн Шинэ Үндсэн хуулийг батлалцаж, түүн дээр гараа тавин тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч. Улс орны сан хөмрөг дулимаг, түшиж тулж явсан ЗХУ задарсан үед геологичийн ухаанаар "Алт” хөтөлбөр дэвшүүлж, Дорнодын Тамсагаас газрын тос олгойдоход цагаан тэрлэгнийхээ энгэрийг газрын тостой гарынхаа алгаар тамгалж явсан хүн бол ууган ерөнхийлөгч П.Очирбат. Одоо тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, "Энержи Ресурс” ХК-ийн зөвлөхөөр ажилладаг.
Монгол Улсын 2 дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди
1997, 2001 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, түүхэнд хамгийн өндөр саналаар Монгол Улсын ерөнхийлөгч болж найман жил төр барьсан. Түүний гоёл энэ удаад хар хөх дээл, хар хөх өнгийн малгай байлаа. Угийн номын даруухан стильтэй түүний сонголт гял цал биш ч сэтгэл дурамжхан байдлыг илэрхийлж байлаа. Н.Багабандийг түүхэнд хийгүй Ерөнхийлөгч гэж үнэлэх нь бий.Хаа нэгтээ үнэ цэнэтэй цөөхөн үгийг хатуухан хэлчихдэг тэр улс орны байдалд тийм ч тааламжтай биш байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм.
Монгол Улсын 3дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр
Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөрлөгт ердөө хагас аравны дотор саадгүй хүрсэн эрхэм. Нөгөө талаар туг ч барьж, тугал ч хариулж явсан эр хүн буюу энэ дөрвөөс шоронд ял эдэлсэн анхны ерөнхийлөгч. Шарын шашинд сүсэгтэй түүний хувцаслалт харин ёозгүй ч цаанаа олон санааг илтгэж байх шиг. Улаан шаргал дээл, хар өнгийн малгай. Шашны болоод монголчуудын билэгдлийн талаас энэ бол гашуудлын өнгөний хослол гэж үздэг. Учир мэдэх хүний энэ хувцаслалт улс орны өнөөгийн байдалд гашуудаж харамсаж байгаагаа илэрхийлж байж болох юм. Нөгөө талаар ардчилсан нийгэмд коминтерний үр хөврөл байсаар байгааг сануулах гэж улаан өнгийн дээл сонгосон ч байж болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
Ардчилалын салхийг Монголд оруулсан хүмүүсийн нэг отгон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаад хар ногоон өнгийн дээл малгай хослуулан гоёжээ. Газрын билэгдэл болсон энэ өнгө нь амар тайван байдлыг билэгдэхээс гадна хүнд итгэл төрүүлдэг гэж тодорхойлдог. 2009 оноос хойш хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд үүргээ гүйцэтгэж байгаа тэрээр үе үеийн төрийн тэргүүнүүдээрээ цуглаж, ард иргэддээ эв нэгдлийг уриалахыг анх санаачилсан.Тиймдээ ч тэрээр амар амгалан байдлыг илэрхийлж, эв нэгдлээ хичээцгээе гэсэн санааг агуулж дээрх өнгийг сонгосон бололтой.
Ямартаа ч шинэ оны босгон дээр үе үеийн тэргүүнүүд үүргээ биелүүлж иргэддээ эв нэгдлийг уриаллаа.Энэ бидэнд таалагдаж байна. Ийм тааламжтай зураглалыг бид 2008 онд Монгол Улсаас олимпын аварга төрөхөд харж, омогшиж байсан. Одоо харин удахгүй болох үндэсний уламжлалт баяр сар шинээр дөрвөн ерөнхийлөгчөө бөхийн өргөөнд зэрэгцэж суугаад бөхөө үзэхийг хармаар байна.
Н.Мөрөн
Тоншуул.мн
Сэтгэгдэл байхгүй байна.