Сахалтай “эмэгтэй” таалагдахгүй байна

0

 

Шинэ жилийн үдэш телевизээр юу үзэх вэ гэдэг сэтгэл ханамжтай баярлахын бас нэг чухал сэдэв. Хэд гуравхан телевизтэй байхдаа баярлаж болоод байсан үзэгчид зурагт олон болохын хэрээр үзэх зүйлээр гачигддаг болжээ. Энэ жилийн хувьд шинэ жилийн ТВ үзвэрийг Монгол HD өнгөлсөн гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. "Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн оролцогч, шүүгчдийн голлон тоглосон "Гэртээ ганцаараа” хөтөлбөр, "Гацуурхан” уран сайхны кино бүтээлч, шинэлэг байдлаараа ялгарч, бараг бүх айл бүрэн үзэж сонирхсон гэдэгт эргэлзэхгүй байна. Түүний араас "Боловсрол суваг”-ийн "80 саяын уналт” тусгай дугаар, "UBS” телевизийн онцолсон ганц нэг монгол киног нэрлэж болох байх. Үзэгчдийн хамгийн ихээр хүлээж байсан Аглуу, Бооёо ба түүний найзуудын "Мөнгөн шөнийн инээмсэглэл” хөтөлбөр UBS телевизээр үзэгчдэд хүрлээ. Хошин урлагийн хоёр мундаг жүжигчний хамтрал сахил хүртээд шал дордов гэдэг болсон бололтой.Тэдний бэлтгэсэн хөтөлбөрийг үзэх гэсэн ч тэвчээр алдарч, сувгаа сольсон үзэгч олон байсан нь сошиал дахь сэтгэгдлээс харагдав. Хэсэг хэсэг болгосон сэдэвчилсэн хошигнол бүртээ Аглуу, Бооёо хоёр заавал нэг нь эмэгтэй хүн болж жүжиглэх нь зарим үзэгчдийг уурыг хүргэхээс ч аргагүй байсан байх. Одоогийн үзэгчид тэдний нас тогтсон хартай эхнэр, эсвэл бүдүүн баараг, ааштай эмэгтэй, магадгүй нас дээр гарсан ээж, эмээ болдог жүжиглэлтээс залхсан биз ээ. Шог хошин гэхээр л эрчүүд эмэгтэй хүний дүрд хувирч, тэднийг доромжлох мэт хааш яаш харагдахыг хэлэхгүй. Гэтэл хошин урлагийн хамтлаг, продакшны хамгийн хялбар арга нь том биетэй эрчүүд хөхөвч, хиймэл үс зүүж, хүүхний дүр бүтээх. Давтаж үзсээр байгаад ийм үзвэрүүд нь сүүлдээ эмэгтэй хүнийг доромжилж байгаа мэт харагдах болжээ. Үнэндээ Аглуу, Бооёо гэж хоёр "эмэгтэй”-гээс залхаж байна. "Хардалт” гэж номер нь бүр арай ч дээ гэмээр. Арван жилийн хүүхдүүд ч тийм шог гараа хийхгүй. Манай эриний өмнөх буюу чулуун зэвсгийн үеийн хардалт, Их хаадын үе буюу 13-р зууны үеийн хардалт, 1921 оноос хойшхи буюу Хувьсгал ялснаас хойшхи үеийн хардалт гэсэн гурван өөр үед хардалтаас болж хэрхэн бие биенийхээ аминд хүрч байсан тухай үзүүлэх гэсэн юм уу даа. Сэдэв, сэдэл, зохиолын тухай хэлэх ч үг алга. Инээх тухай бүр бодоод ч хэрэггүй. Хошин урлагийнхан дотроо хамгийн олон үзэгчтэй "Х-ТҮЦ”-ийнхэн энэ жил ямар ч телевизтэй гэрээ хийлгүй, өөрсдийн үзвэрээ IPTV-ийн видео санд байрлуулж, борлууллаа. Үүнд нь дургүйцэх нэгэн байсан ч өөрсдийн хөдөлмөрлөж, бэлтгэсэн бүтээлийг арилжаалж байгаа нь буруу биш. Нэг үеэ бодвол чанартай контентийг худалдаж авч үзэх, үндэсний уран бүтээлчдээ дэмжих ухамсарт үзэгчдийн дийлэнх нь суралцаж эхэлсэн. Үүний эхлэлийг "Х-ТҮЦ” хошин урлагийнхнаас өрсөн тавилаа. Тэдний бэлтгэсэн төлбөрт үзвэр тийм ч сайн, гоц гойд ялгаа байсангүй. Өнөө л хулгайч, архичдын тухай хөндсөн сурвалжлага, багш, эмч нарыг нөхөрсгөөр элэглэх биш доромжилсон үзүүлбэр тавив. Арай дөнгүүр нь "Монгол тулгатны 100 эрхэм”, "50 саяын уналт” нэвтрүүлгийг дуурайсан хувилбар. Гэхдээ хөгшчүүлийг тавлаж байгаа мэт "сонсголгүй болсон” хоёр эмээг "50 саяын уналт”-д гол дүр болгох хэрэг байсан ч юм уу. Инээд биш ханиад шиг л санагдсан. Бусад телевизүүдийн хувьд ялгарах зүйлгүй шахам. Хамтлаг, дуучдын эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр дуулсан кино концерт, баярын дугаарт уригдсан зочдын яриа, хошин урлагийнхны "инээд” хөтөлбөрүүд эзлэх шиг болсон. Телевизүүдэд баярын өдрөөр жинхэнэ үзэгчдээ барьж авч үлддэг менежмент гэж байдаг л байх. Түүний төлөө олон уран бүтээлч, олон хүний хөдөлмөр зориулагддаг байж таараа. Гэхдээ үзэгчдийн "Үзэх юм алга” гэсэн давхардсан санаа бодлууд байсаар байгаа нь өөрчлөлт, шинэ сэтгэлгээ, контентийн чанараа сайжруулна уу гэсэн хүлээлт юм. Өмнө нь "Монгол HD” телевиз баярын өдрүүдээр тасралтгүй кино тавьж байсан. Тэр ч гэсэн менежмент биз дээ.

Б.БАЯСАХ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.