Ж.Батзандан сонгуулийн мөнгөө хятадуудаас босгодог байжээ
АН-ын даргын сунгаа ид дундаа… Нэр дэвшигч таван нөхөр ч амь наана там цаана… ЗИ дарга нийслэлээс нэр дэвшигчдээ хөдлөхөд "Эвтэй байгаарай” гэж таван сум өгөөд явуулсан биш эсрэгээр нь ашиглаж, нэг нэгнээ өнөөх сумаараа хайр гамгүй хатгаж эхэллээ. Нэг нэгнээ ч юу байхав. Батзандан л нөгөө дөрвөө сүлбэж яваа. Ер нь бол Ж.Батзандан гэх гудамжны нөхрийг "Эв нэгдэл чухал” гэж хамгаас чанга ярьчхаад ханцуй шамлан бусад руугаа сум бариад дайрахын чинээ хэн ч төсөөлөх билээ.Харин Ж.Батзанданг бид харамсалтай нь хамгийн бага мэддэг ажээ. Өнгөрсөн хугацаанд ч тэрбээр хачин жигтэй явдлаа хамгийн ихээр нууцалж чадсан байх юм. Гэтэл нууц бүхний ард ямар нэгэн "но” байдгийг өнгөрсөн 20 гаруй жилийн түүх бидэнд хангалттай нотолж өгсөн. Ийм л учраас нүдэндээ шилтэй, нүүрэндээ "багтай” шударга дүртэй "Ж.БАТЗАНДАН ГЭЖ ХЭН БЭ?”… Түүнийг гудамжны тэмцэгч байсан гэдгийг хүн бүр мэднэ. Харин эр зориг, шударга байдлаараа өдий зэрэгт хүрсэн гэдэгт олон хүн эргэлздэг. Тэгвэл эргэн санаж, 10 гаруй жилийн өмнөх үйл явдлыг хураангуйлан саная.
Баримт: 2004 онд иргэн Ж.Батзандан "Гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” нэртэй төрийн бус байгуулж, хууль зөрчсөн БНХАУ, Солонгос, ОХУ-ын иргэдээс "Эрхийг чинь хамгаална” гэж их хэмжээний мөнгө хувьдаа завшдаг байсан байх юм. Үүний хамгийн тод хийгээд иргэд мэддэг жишээ бол БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Тан Лун” компанийн Монголд ажил эрхэлж байсан тоосгоны үйлдвэрийн хууль бус үйл ажиллагааг нуун далдалж, их хэмжээний мөнгө авсан гэдэг баримт юм. Цаашилбал БНХАУ-ын иргэн Лю Жимин гэгчтэй ашигт малтмалын орд газрын лиценз олж өгөх, барилга барих зөвшөөрөл олгох замаар хамтран ажилладаг байжээ. Үүнийхээ хариуд их хэмжээний мөнгө авч, багахан хэмжээний хөрөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулдаг байж. Өөрөөр хэлбэл энэ дундаас их хэмжээний ашиг олдог байсан гэсэн үг л дээ. Мөн өмнөд хөршийн "Зунхуа” нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Өвөрмонголын Цэнгэл, "Насны зам” компанийн хөрөнгө оруулагч Бай Сэцэн нараас ч дээрх аргаар их хэмжээний мөнгө авдаг байж. Тэр ч бүү хэл 10 гаруй жилийн өмнө алтны хууль бус хэргээр шүүхээс ял сонс байсан "Тан Лун” компанийн захирал ван Сяолунаас санхүүгийн дэмжлэг авахын зэрэгцээ жагсаал цуглаан зохион байгуулахдаа тус компанид бүртгэлтэй автомашиныг ашиглаж байсан баримт ч бий. Тодруулбал 2005 оны дөрөвдүгээр сард төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахдаа "Тан Лун” компанид бүртгэлтэй "1284 УБР” улсын дугаартай автомашин дээр гэр ачиж ирж байсан байх юм. Үүнийг тухайн үед хууль хяналтын байгууллага ч тогтоож, дүгнэлт гаргаж байсан юм. Түүний энэ их үйл хэрэгт журмын нөхөр О.Магнай ч хамт оролцож байв. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс тухайн үед тэднийг нийтийн эмх замбараагүй байдлыг алдагдуулсан зэрэг үндэслэлээр 15 мянган төгрөгөөр торгоод явуулсан байдаг. Энэ бол бага хэрэг. Цаашлаад Солонгосын иргэдээс хүртэл алтны орд эзэмшүүлэх нэрийдлээр мөнгө авч, хувьдаа хууль бусаар завшдаг байсан тухай ч яриа бий.
Харин энэ бүхний ард шударга дүрээ улам бүр гайхуулж, шүүмжилсэн байр сууриа хамгийн чангаар илэрхийлсээр байв. Энэ мэт Ж.Батзандан өөрийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг байсан талаар олон зүйл, ойлгоход ч бэрх олон гогцоо гарч ирсээр байгаа юм. Үгүй дээ л гэхэд "Гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн, "Тан Лун” компанийн хуулийн зөвлөх гэсэн албан тушаалыг ч 2004 оны үед хашиж явсан байдаг. Гэтэл энэ бүхнийг Баянзүрх дүүргийн жирийн иргэд мэдэхгүй хоёр ч удаа УИХ-ын өндөр сэнтийд залаад байна. Харин мань эр гадаадуудын эрх ашгийг хамгаалах нэрийдлээр монголчуудынхаа үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн хэвээр л байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд "Наран туул” олон улсын худалдааны төвд гаднын иргэдэд лангуу олж өгөх зорилгоор "Энэ хүмүүст лангуу шийдэж өгөхгүй бол лангууг чинь хураана”, "Татварын шалгалт оруулна” зэргээр дарамт үзүүлсэн тухай ч худалдаачид хэвлэлээр өгүүлж байсан удаатай. Гэсэн хэдий ч булавч бултайдгийн үлгэрээр ЗИ даргын гардуулсан Таван сумны ачаар "Ж.Батзандан хэн байсан бэ?” гэдгийг намынх нь нөхөд эхнээсээ илчилж өгч байна. Тухайлбал намын даргад горилогч С.Эрдэнэ орон нутгийн хурлын танхимын индэр дээрээс "Ж.Батзандан гэдэг нөхөр шоронд ордгийн даваан дээр Ах аа намайг бодоорой гэж уйлах шахам гуйж байж намын батлах надаас авч байсан. Тухайн үед би Нийслэлийн намын хорооны дарга байлаа” гэж ярив. Мөн нэр дэвших болсноо албан ёсоор зарлах үед нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Ж.Батзандан дарга болбол намаа зараад идчихнэ” гэсэн ганцхан өгүүлбэрээр дүгнэсэн байдаг. Ийнхүү олон нийтэд хандаж хэлсэн намынх нь нөхдийн дээрх цөөн өгүүлбэрийн ард "Яагаад шоронд орох дөхсөн бэ?”, "Ж.Батзандан ямар учраас намаа зарах вэ” гэдэг энгийн асуулт хариулт нэхэн хоцорч байна. Бүр цаашлаад өмнөх сонгуулиудын зардлаа ямар замаар олдог байсан бэ гэдэг хариулт нь тодорхой асуулт ч дагалдаж байна. Үнэндээ Ж.Батзанданд өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн бизнес байсангүй. Өрх гэр нь хувийн компанитай явсангүй. Өөрөө өндөр дээд албан тушаалтай ч байсангүй. Тэгэхээр яаж мөнгө олж, жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ын сонгуулиар хэрхэн толгой баячуудтай нэг тойрогт өрсөлддөг байсан байж таарах вэ… Энэ бол бодох л ёстой өнцөг. Ийм л учраас Ардчилсан намын гишүүний хувиар бяцхан зөвлөгөө өгөхөд "АН Хятадаас санхүүжих үү, эс санхүүжих үү” гэдэг ээдрээтэй цаг үе бидний өмнө байна. Сурсан зүйлийг сураар боож болохгүйтэй адил Ж.Батзандангийн улайрсан байдал, увайгүй үйлдлийг намын даргын суудал ч зогсоож чадахгүй нь мэдээж. Харин ч эсрэгээрээ эрх мэдлээ ашиглаж, Монгол төрийн өмнөөс гадаадуудыг, цаашлаад хөрөнгө оруулагчдыг дарамталж хууль бусаар мөнгө завшсаар байх биз. Угтаа улсын хөгжилд, унаад байгаа эдийн засагт гаднын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэйсэн.