Хууль зөрчих эрх АН-ын даргад бий юү
АН-ын дотоод сонгууль ирэх сарын 2-нд "болно” "болно" гэдгийг зориуд хашилтад хийсэн нь хоёр шалтгаантай. Намын дарга С.Эрдэнийн хэлсэн үг, нэр дэвшигчид нийслэл, орон нутагт сурталчилгаагаа явуулж эхэлснээс харахад ирэх ням гаригт дотоод сонгууль болох ч юм шиг. Харин Улсын дээд шүүхийн тогтоол, АН-ын одоогийн дүрмээр Үндэсний бодлогын хороо гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшигч 565 хүн бүгдээрээ хүчин төгөлдөр бус. Ийм хоёр эргэлзээ бас тээнэгэлзэл дунд АН-ынхан яваа.
Гэхдээ хуулийг зөрчих гэж баталдаггүй учраас АН-ынхан Дээд шүүхийн тогтоол, хуучин дүрмээ дагах нь зүйн хэрэг. Үүгээр ирэх сарын 2-нд АН-ын дотоод сонгууль явахгүй. Явуулсан тохиолдолд хууль зөрчинө гэсэн үг. Үлмаар Үндэсний бодлогын хороо, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад сонгогдсон хүмүүс бүгд хууль бус болно. Процедур талаас нь харахад АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Дээд шүүхэд намын үндсэн дүрмийн нэмэлт еөрчлөлт болон АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэх хүсэлт хүргүүлсэн байдаг. Энэ дагуу Дээд шүүх хуралдаан энэ сарын 15-нд болж С.Эрдэнийг намын даргаар бүртгэсэн ч үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж буцаасан билээ.
Улсын дээд шүүхийн 01 тогтоолд дурдсанаар АН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахдаа VII Их хурлаар хэлэлцэж баталсан гэх боловч, дүрэм батлах ажиллагааг тухайн хурлаар хэрхэн хэлэлцсэн нь тодорхой бус, энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ. Иймд Их хурал, түүнээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гзж үзсэн байна. Мөн дүрмийн нэмэлт өөрчлөлт нь утга, санаа хоорондоо зөрчилдөөнтэй, найруулгын хувьд зөв томъёологдоогүй гэжээ. Энэ дагуу АН-ын VII Их хурлаар хэлэлцэн баталсан гэх дүрмийн нэмэлг өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуулийн 21.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус аж. Өөрөөр хэлбэл, АН-ын хуучин үндсэн дүрмийн зүйл заалт бүр хүчин төгөлдөр хэвээр гэсэн үг. Одоо зарлаад буй АН-ын дотоод сонгуулийг хуучин дүрэм, түүнд заасан зохицуулалт, хэмжээ, хязгаарын дагуу явуулах шаардлага бий хэрэг. Эндээс харахад хэрвээ АН-ын дотоод сонгуулийг ирэх сарын 2-нд явуулбал Үндсэн дүрэм хийгээд Улс төрийн намын тухай хуулийг зөрчихөөр байна. Нэг үгээр хэлбэл, Үндсэн дүрмийн дагуу сонгуулийг дахин шинээр зохион байгуулах, эсвэл хуульд заасан шаардлагыг ханган нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ Дээд шүүхэд дахин гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа дотоод сонгуулийг зарлах гэсэн сонголт АН-ын өмнө байна. Нөгөө талаар АН-ын дарга С.Эрдэнэ хуулиа мөрдөх үү, хувийн амбийцаа дагах уу гэдгийг харах л үлдэж байна. Дээд шүүхийн тогтоолоор АН-ын хуучин үндсэн дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хэмээн С.Эрдэнэ даргын хэлсэн үг үнэн л юм бол тэр ирэх сарын 2-нд болох дотоод сонгуулийг цуцалж дүрэмдээ дахин нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Эс бөгөөс АН-ынхан дүрмийн бус Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуультай золгоно.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сэтгэгдэл байхгүй байна.