В.Путин: ОЛИГАРХУУД УЛС ТӨРД Л ХУТГАЛДАХГҮЙ БОЛ БУСАД НЬ ПАДГҮЙ...
"Орос орон хаашаа хөгжөөд байгааг Путинаас асуувал өөрөө ч хариулж мэдэхгүй” гэсэн шог яриа өрнөдөд тархжээ. Оросын хаадын сүүлийг мушгисан II Николай хаан маш сул дорой нэгэн бөгөөд зөвхөн гэр бүлээ л Орос орноос илүүд хайрладаг байсан болохоор цагаан хаант энэ гүрэн мөхсөн гэдэг юм. Харин СССР гэдэг Зөвлөлт Оросын сүүлчийн эзэн Горбачев зөвхөн эхнэртээ л хайртай хүн байсан учраас тэр коммунист гүрэн задарсан гэлцдэг. Тэгвэл шинэ Оросын хоёр дахь ерөнхийлөгч болоод буй Путинг эхнэр ч үгүй, Орос орондоо хайртай жинхэнэ эр хүн, эзэн хэмээж үздэг бөгөөд түүний захиргаан дор энэ Орос орон дахиад дэлхийн түвшинд тэргүүлж боссон. Жирийн нэг тагнуулчаас улс гүрнийг эмхлэн захирсан хааны эрх ямбатай болчихоод буй Владимир Путин эхэндээ хөлжиж хөрөнгөжихийг үзэн яддаг комсомол байсан бол дараа нь эд хөрөнгийг үл ойшоосон коммунист болсон ч одоо хязгааргүй шуналтай эрх мэдэлтэн болсон талаар өрнөд даяар ярьдаг болжээ. Түүний өв хөрөнгийг төсөөлшгүй гэдэг ч 50 тэрбум ам долларын хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл байдаг.
Уг нь Путинг дарж, нухчиж чадна гэж Ельцин итгээд төрийн жолоог түүний гарт атгуулсан гэдэг далд бус ил эх сурвалж ч байдгийг өрнийхэн нуудаггүй. Ельцин,Путин хоёрын хооронд ямар тохироо явагдсан нь ч маш нууцад хамаардаг гэж үздэг юм. Шавилхан биетэй, халцарч байгаа шингэн халимагтай залуухан тагнуулчийг Ельцин яаж тоосон нь ч нууц хэвээр үлдсэн. 2000 онд Путин улс орныхоо томоохон бизнесменүүдтэй уулзахдаа "Олигархууд улс төрд оролцохгүй,хутгалдах ч эрхгүй, ерөнхий сайд болж сайдуудыг худалдаж авахгүй, капитал гадаадад гаргаж зөөхгүй, депутатуудтай үгсэн хуйвалдахгүй,оффшороос чөлөөлөгдөх ёстой” гэсэн шаардлага тавиад л "дайн” зарласан байдаг. Тэгэхэд Орост Березовский, Гусинский,Потанин, Абрамович, Дерипаско, Прохоров, Алекперов, Фридман, Вексельберг, Ходорковский гээд шинэ үеийн тэрбумтнууд тодорчихсон байлаа.
Орост хилийн чанадын тансаг амьдарлын хэвшлийг нэвтрүүлсэн хүн нь цуутай еврей эр Березовский байв. Тэр 1997 онд л Абрамовичийг уруу татан хэлхэлдэж 27 м урттай "Streem" гэдэг аварга усан онгоцыг 4 сая америк доллараар худалдан авчирчээ. Энэ нь тухайн үеийн оросын хөлгүй баячуудын нүдийг хужирлаж, төсөөлшгүй үйл явдал болсон төдийгүй Дьяченко, Юмашев хоёр гэхэд л үүнийг сонсоод үнэмшиж ядан их удаан шогширсон гэцгээдэг юм. Өдгөө тэр бол байдаг л нэг наймаа болчихож. Гэхдээ Абрамович шиг эрсдэлээс айдаггүй, хүчирхэг олигархуудын залуу үе дорхноо л тодорсоны тоонд энэ еврей баян өөрөө багтдаг.Түүн шиг тансагладаг тэрбумтан Орост одоо ч ховор. Ямартаа л "Миракс” группын эзэн Сергей Полонский "тэрбумаар ярихгүй бол тонилог цаашаа” гэх вэ. Путины засаглал эхэлсэн үед Чукотка гэдэг оросын бөглүү зэлүүд хязгаарын захирагч Абрамович хэмээх залуу ноёнтон аварга 7 усан онгоцноос бүрдсэн хувийн усан флоттой болоод зогсохгүй цаана нь 4 нисэх онгоц, 80 сая долларын үнэтэй хувийн шумбадаг онгоцтой болсон байна. Унах машиныг нь тоолохын аргагүй. Зөвлөлт засаглал сөнөчихөөд байхад ямар гээчийн бирдын мангас хаанаас гараад ирвээ хэмээн хүмүүс гайхцгааж байв. Түүний тансаглал тэгээд зогссонгүй. Абрамович зугаацах гэдгийг жинхэнэ утгаар үзүүлдэг хүн болохоор 2003 онд Лондон хотын хамгийн алдартай багийн нэг "Чельси” клубыг худалдаж авсан нь Кремльд бөмбөг тэсэлсэн юм шиг л ниргэжээ. Асар их "ногоон” мөнгөний урсгалыг Абрамович яаж хийгээд байгааг өрнөдөд ч ойлгохгүй байлаа. Абрамовичийн араас Алишер Усманов Их Британийн аваргуудын лигийн гүмбэраа матруудын нэгд зүй ёсоор багтдаг "Арсенал” клубын хувьцааны 25 хувийг худалдан авч Европт алтан торх хагалсан мэт дуулианыг дэгдээлээ. Өөрөөс нь дутахгүй бэл бэнчинтэй Владимир Потанин баяныг ардаа орхисон Усмановын хойноос Аркадий Гайдамак гэгч хөлтэй эр Израйлын "Бейтари” клубыг худалдан авсан бол хүү нь эцэгтэйгээ уралдан "Портсмут” багийг авчээ. Владимир Евтушенков Английн "Шеффильд уэнсдэй”-г авахад Сулейман Керимов хэмээх шаггүй мусулман баян Италийн "Ром”-ыг золтой л авангаа алджээ. Тэр ч бүү хэл хөлбөмбөгийн "А” ч байхгүй Березовский гэхэд алдарт "Коринтианс” клубын хувьцаа эзэмшигчдийн нэгээр тодорсон билээ. Ингэж оросын өнөө цагийн баячууд хөл бөмбөгийн спорт луу шимтэн дурлаж байгаа ч улс төр рүү зүглэж чадахгүй байгаа нь ноён Путины анхааруулгатай холбоотой. Путин бол өөрөө спортлог агаад загварлаг эр хүн билээ. Өрнөдийн зарим хэвлэл мэдээллээр түүнийг "Маш залуумсаг, хөгшрөлтийн ул мөр бага” гэж тодорхойлдог. Харьд тансаглах зуршлыг Кремлээс дэмжсэнээр үл барам дотооддоо тансаглах боломжийг нээгээд өгчихсөн олигархуудтай тэмцэх хамгийн ашигтай агаад амжилттай сөргөлдөөнийн нэг шугам нь спорт шоу байжээ. Тийм учраас мөнөөх овжин цоглог гэмээргүй дүр төрхтэй Абрамович оросын хөл бөмбөгийн багуудыг ч ивээн тэтгэж санхүүжүүлээд зогсохгүй "дуулиант эр” Гус Хиддинкийн цалинг хүртэл даасан Оростоо том акул гэгддэг "Луж-Ойл”-ын дэд ерөнхийлөгч Леонид Федун гэхэд "Спартик”-ийг өмчилсөн бол Потанин "ЦСКА”-г, Газпромм гэхэд "Зенит”-ийг ивээн тэтгэж,Дерипаско аль Красноярскийн "Кубань”-ийн эздийн нэг болсон. Өөрөөр хэлбэл 21-р зууны өндөрлөгөөс бүх дэлхийг хураахад ч эрх мэдэл,эд хөрөнгө хоёр байхад хангалттай эрхшээж чадна гэх үзэл нэвтрээд байгаа нь нууц биш. Урьд нь аливаа орны төр засгийн тэргүүлэх сэнтийд мэргэшсэн улс төрчид дийлэнхдээ залардаг байсан бол одоо хичнээн их хөрөнгө, мөнгөтэй хүн суух болсоны хамгийн сүүлийн жишээ бол АНУ-ын шинэ ерөнхийлөгч тэрбумтан Дональд Трамп.
Аж ахуй мэдэх бүү хэл тахиа яаж төрдөгийг ч бараг мэдэхгүй, бизнесийн "А” үсэг ч мэдэхгүй Путиныг яагаад архаг наймаачин Трамп тэгтлээ дэвэргэн талархаад байдгийн шалтгаан юу юм бэ? Олигархуудыг устгах гэж тэдэнд мөнгө хийх бүх алтан боломжийг нь олгодог Путинд яагаад наймаанаас өөр ажилд маруухан Трамп толгой дохиж саймшираад байна вэ?. Нэр төр гэдэг нь мөнгөнөөс ч үнэтэй бизнесийн алтан сугалаа гэдгийг Трамп яаж мэдэхгүй дүлий дүмбэ оргих билээ дээ. Ерөөсөө Путин Трампын айсуй засаглалын жилүүдэд дэлхийн эдийн засаг, үйлдвэржилтэд асар их дэвшил гарч магадгүй.Тэд их мөнгөний үнэр авсан бол гарынхаа салаагаар унагахыг хүсэхгүй. Нэг нь улс төрчидтэй, алан хядагчидтай тэмцэхээ зарласан бол нөгөө нь олигархуудтай, салан тусгаарлагчидтай дайтахаа мэдэгдсэнээрээ тэд адилхан.
Эх сурвалж:tonshuul.mn М.Амгалан
Сэтгэгдэл байхгүй байна.