Оффшорчдын нүүр царай гэгдэх С.Баяр, С.Баярцогт нараар хур хөрөнгийнх нь эх үүсвэрийг тайлбарлуулъя
Оффшор гэдэг хадны мангаатай хийж буй монголчуудын дайнд тун чиг эх оронч царайлж, энэ асуудалтай эвлэршгүй улс төрийн хүчин гэдгээ эрх баригчид харуулах гэж ядмагхан оролдов. Чингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж оромдсон болоод эрх баригчид гол зүйлийг нь тойруулж, нүглийн нүдийг гурилаар хуурч орхисныг монголчууд мэдэлгүй л яахав. Яахав анх удаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данс эзэмших, хөрөнгө мөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хориглож чадсан нь улс төрийн эр зориг. Гэвч оффшорт хөрөнгө мөнгөө аль хэдийнэ нуучихсан томоохон улстөрчид, тэдний хамсаатнуудын хөрөнгийг Монгол руу татах тал дээр ямар ч зохицуулалт энэ хуульд орсонгүй, үнэндээ бол орох ч боломжгүй л дээ.
Panama Papers гэх эх сурвалжаас ил болсон Ардын намын угшилтай голдуу 49 чинээлэг эрхмүүдийн хөрөнгийг эх орондоо татах чиглэлээр ямар нэгэн зохицуулалт хийх боломж угаас энэ хуульд байхгүй. Гэтэл МоАХ-ын нэр бүхий партизануудын удирдлага дор Сүхбаатарын талбайд хэдэнтээ жагссан хүмүүсийн хүсээд байсан нь ердөө л энэ шүү дээ. Тэмээ туйлаад тэнгээ эвддэггүй, ямаа туйлаад янгиагаа эвдэхгүй гэгчээр монголчууд эндээ яаж ч орилолдлоо гээд аль нэг оффшор бүсийн ямар нэг банк манай хэн нэг улстөрчийн нуусан мөнгийг АТГ-ын байцаагч нарын хүсэлтээр Монгол руу шилжүүлэхгүй нь бодит үнэн. Чухамдаа хэн нэгний мөнгийг татваргүй, найдвартай, нууцлалыг нь хадгалан байршуулж мөнгийг нь эргүүлж ашиг олж байдаг нь оффшор бүсийн мөн чанар. Манай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Билэгт нарын цогтой эх оронч гишүүдийн уриа дуудлагаар Хонконгийн юм уу Швейцарийн аль нэг банк манай Их хурлын лобби бүлэг рүү мэдээллээ өгч яг харагдаач.
Хэрэв Хонконг, Швейцарь зэрэг бизнесийн диваажинд манайхан данс нээлгэх боломжийг оффшортой тэмцэгч эх оронч улстөрчдийн шаардлагаар бүрмөсөн хязгаарлах гэж байгаа бол ерөөсөө Монгол Улс хилээ хаачихаад Хонконгт байгаа Ерөнхий консулын газар, Швейцарьт суугаа ЭСЯ-аа татан буулгачих хэрэгтэй л дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна, МАН нэртэй ачтай бурхан Засгийн жолоонд гарснаар гадныхан юу юугүй мөнгөө бариад Монгол руу хошуураад байна гэж ухуулан сурталчилж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар Швейцарь, Хонконггүйгээр яаж том төслүүддээ мөнгө санхүү татах гээд байгааг ойлгоход бэрх. Хуулиар ингэж дэмийрч, тоглоом тоглохынхоо оронд сая Сүхийн талбай дээр С.Жавхлан гишүүний санал болгосончлон тов тодорхой акц яаралтай хийхийг эрх баригчдад Politik.mn санал болгож байна.
Юун түрүүнд оффшорчид, гадаадад их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшигч улстөрчдийн нүүр царай болчихоод байгаа МАН-ын С.Баяр, АН-ын С.Баярцогт нараас хуримтлуулсан хур их хөрөнгийнхөө эх үүсвэрийг олон нийтэд тайлагнахыг шахаж, шаардая.
Хэрвээ тэд Оюутолгойн гэрээ, ханган нийлүүлэлт, НИК-ийн хувьчлал, ураны бизнес, чеченүүдийн түрээс зэрэг хууль бус бизнест холбогдоогүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө овоохон хөрөнгөтэй болчихсоноо баталж, нотолж чадвал хөөрхий тэднийг нүд үзүүрлэж чичлэх хэрэг байхгүй болно. Оффшорт байгаа бүтэн сая доллараа зүгээр л мартчихаж байгаа хүн бол ганц байр авах гээд банкинд 50 сая төгрөг хийчихээд манай эрх баригчдын мэргэн шийдвэрээр хүүнээс нь 5 хувийг татварт төлөх гэж байгаа жирийн иргэний дэргэд лав хэдэн арван сая доллартай байж таарна.
С.Баярын охидууд гойд ухаантай, америкчууд хүртэл атаархахаар сүүхээтэй бизнесмэнүүд байхыг үгүйсгэх аргагүй. С.Баярцогт оффшорт мартсан мөнгөнөөсөө болж УИХ-ын дэд даргаас огцрохдоо, хоёр найзтайгаа хувьцааны бизнес хийх гэж байсан юм гэж тайлбарласан. Ардчилсан намын Үндэсний Бодлогын хороонд нэр дэвших эрхээ хүртэл хасуулж байгаа энэ залуухан улстөрч найз нартаа ямар их хайртай юм бэ. Одоо болно доо. Хоёр найзаа илчилвэл яасан юм. Тэрээр тариалангийн салбарт амжилтаар өргөн, ургацаар арвин Товхон хан компаниасаа оффшорт мартсан мөнгөө босгосон бол үүнийгээ нотлоод наад зах нь "цэнхэр үст” Цэрэнгийн сэтгэлийг амраагаад өгөөч. С.Баярын овжин охидууд үнэхээр гарааны бизнесээ гялалзтал өргөжүүлж дундаж амьдралтай америкчуудын мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгүүдийг баруун зүүнгүй наймаалцаж чадсан бол тэднийг муучлах биш магтвал зохилтой. Гол нь гарааныхаа эх үүсвэрийг Ерөнхий сайд байсан ааваасаа эсхүл америкийн үл хөдлөх хөрөнгүүдийнх нь мэдээлэл ил болох үеэр нэр нь цухуйсан НИК-ийн дэд захирал асан Ч.Давааням нараас босгоогүй, улс төрийн угшилгүй, үнэхээр бизнес ухаанаараа олсон гэдгээ л АТГ-ынханд нотлоод өгчих хэрэгтэй. Ингэвэл олон хүний санаа амармаар байна. Парламентад 65-уулаа бүх эрх мэдлийг атгаж байгаа атлаа Ц.Даваасүрэн нар бүлэг дотроо лобби групп байгуулж, хэвлэлийн бага хурал хийж, зураг хөргөө татуулан мөрдөн байцаагч Деррикүүд болох шаардлагагүй, хууль тогтоох, хянан шалгах ажилдаа илүү цаг зав зарцуулах бололцоотой болно. Хаа байгаа Лондоны будант гудамжинд С.Баярын эсрэг жагсаал зохион байгуулж Элчин сайд С.Баяраас "гайхамшигтай эмэгтэй” гэх тохуурхангуй өргөмжлөл хүртсэн Монгол Улсын иргэн Г.Ичинхорлоо бүрэн эрхт элчингийнхээ эсрэг жагсаал хийхийнхээ оронд Лондонгийн Хөрөнгийн биржид дадлагаа үргэлжлүүлэн хийг.
Цэнхэр үст Цэрэн, Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны гишүүн Ц.Туяацэцэг нар өөрсдийн мөнгөөрөө Швейцарь дахин явах замын болон буудлын зардлаар шатахгүй. Эцэст нь манай АТГ-ынханд ч амар. Угаас харилцагчийнхаа мэдээллийг гадагш задалдаггүй дүрэм журамтай аль нэг оффшор банкнаас тэдний мэдээллийг хайх гэж үсээ зулгааж байснаас С.Баяр, С.Баярцогт нарын мэдүүлгийг үнэн гээд нотолчихвол болоод явчих нь тэр.
Өөр нэг зүйл байна. Оффшорын талаар манайхны баталсан саяын хууль Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг орхичихлоо гэж Ц.Даваасүрэн гишүүний бухимдаад байгаа нь үнэний ортой. Батлагдсан хуулиар бол гарал үүсэл нь тодорхойгүй, татвараас нуусан их хэмжээний мөнгөн хөрөнгийг оффшор бүс нутагт хэдийнэ зувчуулсан өмнөх үеийн төрийн албан хаагчид хуулийн үйлчлэлийн гадна үлдэхээр болсон.
Хуулийг хэрэгжүүлэхэд ч түмэн бэрхшээл гарах төлөвтэй. Ямар сайндаа Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Ж.Ганбаатар нарын цөөн хэдэн гишүүн хууль батлагдахын өмнөхөн цаад үр дагаврыг нь тооцож байр сууриа илэрхийлсэн ч олонхийн бүлэг нь нохой хуцсаны чинээ тоогоогүй.
Аргаа бараад хууль хэрэгжүүлэх тэргүүлэх үүрэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт батлагдаад таван минут болоогүй хуулийг эсэргүүцэж хүндээ хөнгөнөөс өгч харагдсан. Уг нь ямар ч түүхий хууль байлаа гээд баталчихсан л бол эрхбиш Хууль зүйн сайд нь муулж, эсэргүүцдэг түүх хаа ч байдаггүй биз.
Оффшорыг үзэн ядах туйлшралаас үүдсэн манай эрх баригчдын тоглоом шоглоом ийнхүү Хууль зүйн сайдаа хүртэл хөлдөө чирлээ.
Хууль зүйн сайдын чуулганы танхимд хэлснээр сонгогдсон болон томилогдсон улстөрчид, төрийн албан хаагчидтай хамаарал бүхий 400 мянган хүн хаа нэгэнтээ данс нээлгэснээс болоод АТГ-ын үүд сахих нөхцөл бүрдэж байна. Тэдний дундаас Хонконгд ч юм уу, хаа нэгтээ явж байгаад бугуйн цаг худалдаад авчихсан хүн гарвал хуулийнханд том олз болох юм уу даа.
Үүнийг Politik.mn биш, цагдаагийнхныг томилдог сайд С.Бямбацогт анхааруулж байна лээ шүү!
ЭХ СУРВАЛЖ: POLITIK.MN
Сэтгэгдэл байхгүй байна.