С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ
Уг нь АТГ-аас улстөрчдийн хөрөнгө орлогын мэдээллийг жил бүр аваад л, хянаж шалгаад байдаг. Гэхдээ оффшор бүсэд орлогоо нуусан эрх мэдэлтнүүдээс жаахан ч гэсэн үнэр авдаггүй юм шиг байгаа юм. Ямартаа л С.Баярцогтын оффшор бүсэд мартаад орхисон гэх 1 сая ам.долларын дуулиан дэгдэхэд удирдлагууд нь юугаа ч мэдэхгүй сууцгааж байсан. Тэгвэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас "Panama papers” буюу Панамын баримтуудыг ил болгож байгаагийн дотор Сү.Батболд, Д.Цогтбаатар, Ж.Оюунгэрэл, Д.Батбаяр, Б.Чулуудай нарын нэрс тодорхой болоод байна. Эдгээр хүмүүсийн нэрс тодорхой болохоос хэдэн цагийн өмнө Сангийн сайд асан Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансны мэдээлэл ил болсныг бид мэдээлсэн. Ер нь бол эрх мэдэлтнүүд хууль бус санхүүгийн гүйлгээ хийх, бохир мөнгөө нуухын тулд оффшор бүсэд данс нээлгэдэг гэдгийг хэлэх шинжээчид цөөнгүй байдаг. За харин бизнесмэнүүдийн тухайд аваад үзэхэд хуулиар хориогүй бол гадаад орлогоо оффшорт байрлуулж болдог. Орлого Монголд орж ирээгүй учир манай татварт хамаагүй байж болдог, харин бизнесийнхэн дотоодын орлогоо нууж гадаадад буюу оффшорт байрлуулбал хэд хэдэн төрлийн гэмт хэргийн асуудалд ордог гэдгийг Д.Энхбат эрхэм хэлж байгаа юм. Тэгээд нэгэнтээ оффшорт нуугдсан нөхдүүдийн нэрс эхнээсээ тодорч байгаа учраас холбогдох байгууллагуудын зүгээс хянаж, нягтлан шалгах ажиллагаанууд явагдах байх гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ тэгээд хянаж шалгалаа гээд хариуцлага ямар тооцдог биш дээ гэх үл итгэсэн байдал давамгайлж буй нь үнэн. Уг шалтгаан нь С.Баярцогтын асуудалтай холбоотой. Уул нь улстөрчдөд оффшор данстай байх ёс суртхууны эрх байхгүй атал С.Баярцогт өөртөө хир халдаах тун дургүй нэгэн. Бас болоогүй Монгол төрийн сайд явсан тэрбээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн хэтийдсэн том толгойтон.
Тэгвэл Панамын баримтууд ил болсноор С.Баярцогттой холбоотой бас нэгэн дуулиан дэгдэж таарч байна. Юу гэхээр Сангажавын Баярцогт гэж хүн нь Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдгийг бид мэднэ. Гэтэл түүний нэр оффшорт данстай БНХАУ-ын иргэдийн жагсаалт дунд цагаан дээр хараар дурайн харагдаж байгааг уншигч та харж байна.
С.Баярцогт өөрөө хэлэхдээ данс нээлгэж, гарын үсэг зурахдаа CHINA гэсэн бичгийг анзаараагүй гэдэг. Тийм аймшигтай хайнга юм хорвоо дээр байж болох уу даа, гэж яг өөрөөс нь асуумаар байгаа юм. УИХ-ын Дэд дарга, төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар, тэрдундаа Хятад улсын харьяат байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь зүгээр нэг хацраа илүүлээд өнгөрөх хэмжээнд яригдах асуудал биш байсан гэдгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэм нэгэнтээ хэлж байсан юм.
Дэлхийн улс орнууд дахь жишиг байдлыг харсан ч тэр, бүхэл бүтэн улсын Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал дээр, Монгол төрийн ёсзүй, ёс суртахууны асуудал босч ирэх учиртай байсан. Гэтэл С.Баярцогт гэж хүний нэр ус бүхий баримтууд дээр тэр өөрөө хөх чернилиэр гарын үсэг зурсан байдаг. Харин өөрөө түрүүн хэлсэнчлэн тийм юм болсныг огт мэдээгүй гэх бөгөөд, банк л буруутай гэх ухаааны юм ярьж байсан. Ер нь бол нэгэнтээ нэр нь тодорхой болсон улстөрчдийн толгойг илээд өнгөрдөг жишиг тогтох эсэх нь одоо л тодорхой болж таарах биз ээ. С.Баярцогтын асуудал илэрсэн тэр үед төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудлыг УИХ шийдэх ёстой байсан. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх эсэх тухай асуудлыг шийдэх ёстой байсан ч, тэгээгүй. Ямартаа л С.Баярцогтын асуудал зэрэмдэг шийдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байж ирсэн нь үнэнд ойрхон. Хэдийгээр С.Баярцогтын но-г дэлгэхэд Рио Тинтогийн оролцоо байсан энэ тэр гэдэг ч бид гадныханд энүүхэндээ талархахад гэмгүй. Төрийн нэр барьсан луйварчид хэчнээн олон байгаагийн нэг жишээ нь С.Баярцогт гэдгийг би вээр өмнө нь бичиж л байсан юм.
Тухайн үед "Мэйжор Бритиш файнэншиал индастри”, "Олон улсын эрэн сурвалжлах холбоо” ICIJ-гийн зүгээс дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд болоод томоохон компаниудын оффшор дахь дансуудтай холбоотой мэдээллийг олж авснаа олон улс даяар зарласны дотор Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогтын мэдээлэл цохиж явсан билээ. Эргэн сануулахад, түүнийг 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа Их Британийн Виржинийн арлууд дээр "Legend Plus Capital Limited” хэмээх нууц компанийг байгуулсан, Швейцарийн банкинд данс нээж 1 сая ам.доллар хийсэн, 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримт нь олдсон гэх мэдээллүүдийг дэлхийн нэр бүхий хоёр байгууллагын хамтарч гаргасан мэдээллээс харж болно. Тэр өөрөө ч Швейцарийн банкин дахь дансаа хүлээн зөвшөөрсөн. Бас компаниа нуусан гэдгээ хэлсэн. Тэгэхдээ "Legend Plus Capital Limited” компанийнхаа дансан дахь 2.9 сая төгрөгийг "Нидо” компанийнхаа хөрөнгөнд хавсарган мэдүүлсэн гэсэн нь үнэмших аргагүй үлгэрийн тайлбар байв. Түүнчлэн С.Баярцогттой холбоотой асуудлыг дагаад найзуудтайгаа нийлж хувьцааны бизнес хийхээр төвлөрүүлсэн мөнгө нь 1,6 мянган евро юм уу, эсхүл 1 сая ам.доллар юм уу, хэрэв дансанд нь хамгийн ихдээ 1 сая ам.доллар орж байсан юм бол тэр үе нь яг хэзээ юм бэ. Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө юм уу, дараа нь юм уу гэхчлэн асуултууд гарч ирж байв. Өөрөө хэлэхдээ бол "энэ нь 2008 оны тавдугаар сард болохоор миний Сангийн сайд болохоос өмнө мөн Оюутолгойн хэлэлцээрт орохоос өмнөх үйл явдал. Тэгэхээр энэ хоёртой хардах үндэслэлгүй” гэж байсан. Энд данс нээсэн цаг хугацааг яриад байгаа юм. Мэдээж дансыг бол тэрнээс өмнө 1.6 мянган ёвротой нээсэн байж болно л доо. Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны нөхдүүдийн гаргаж тавьсан 1-2.5 сая ам.долларын нууц хөрөнгө төвлөрсөн цаг хугацаа хэзээ вэ гэдгийг манай хууль хяналтынхан мөшгиж, илрүүлэх ёстой байсан. Оюутолгойн гэрээг батлахад онц чухал үүрэг гүйцэтгэсэн гурван сайдын нэг тэрээр оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн байсныг бид нүдээрээ харж танилцсан. Ер нь бол түүнийг зөвхөн ёсзүйн алдаа гаргасан гэж үзэн, хамгаалж авч гарсан процесс Монголчуудын нүдний өмнө л өрнөсөн шүү дээ. Ардчилсан намын шилдэг лидерүүдийн нэг түүнийг элбэрэлт намынх нь нэр бүхий нөхдүүд аваад л гарсан.
Уг нь Монгол Улсын хууль дүрэм бизнесийн эрх ашгаас дээр тавигдах ёстой. Тэрчлэн төрийн өндөр албан тушаалуудыг хашиж ирсэн түүний хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийнхаа тухай тусгаагүй нь, нууц дансаа илчлээгүй нь хариуцлага хүлээх ёстой субьект гэдгийг нь тодорхой болгож байсан. Гэсэн ч С.Баярцогт компанийнхаа нэрийг бичихээ зүгээр л мартсан байсан гэдэг. Тэгээд өөрийгөө ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавихдаа өөртэй нь ёсзүйн хариуцлага тооцоод л салахыг санал болгож гуйсан байдаг. Бас л том ёс зүй шүү! Оффшор бүсэд данстай Хятадын баячуудын дунд өөрийнхөө нэрийг бичүүлчихээд, Монгол төрийн ордонд төрийн бодлогыг тодорхойлж, шийдвэрийг гаргалцаж өдийг хүрсэн гэхээр тунчиг том ёсзүйтэй хүн шүү
Э.Болор