Г.Сэрээнэндоржтой нийлж хүүчин зүтгүүр шахсан “Арвижих групп” 228 сая төгрөгийн төлбөрд унажээ
Манай уншигчид Г.Сэрээнэндорж гэдэг эрхмийг таних байх. Өмнө нь "Улаанбаатар төмөр зам”-ын даргаар ажиллаж бужигнуулж явсан эр. Харин шинэ зүтгүүр нийлүүлнэ гээд хуучныг "Арвижих групп”-ийг мэдэхгүй байх. Тухайн үедээ ч мэдэгдээгүй компани гэнэ. Зүтгүүр нийлүүлэх компани том л баймаар. Гэтэл НӨАТ төлөгч эсэх нь тодорхойгүй, Х тайлан гаргадаг компани байсан гээд анхнаасаа л хэл ам таталжээ. Санхүүгийн Г.У гэдэг дарга эмэгтэй 816 сая төгрөгний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсанд тухайн үеийн хуулийн албаны дарга Якавенка Е.Р шахалт үзүүлж "наад гэрээн дээрээ гарын үсэг зурахгүй бол Сэрээнэндорж уурлаад байна зүтгүүр хариуцсан дарга нь гарын үсэг зурчих юм бол чи гарын үсгээ зурчих” гэжээ. Ингээд удалгүй тэр дарга нь гарын үсэг зурсанд санхүү ч баталсан. Ийнхүү 816 саяын ажилд тендер зарласангүй, сонгон шалгаруулалт ч явуулсангүй, үнийн комиссын саналаар Х тайлан гаргадаг компанитай гэрээ байгуулсан. Үйл явдал 2013 он хавьцаа болсоныг уншигчид санаж байгаа байх. Тухайн вагоны албанаас ирүүлсэн захиалгын дагуу хөрөнгө оруулалтын төсөвт 830 сая төгрөгөөр шинэ зүтгүүр авах тусаж улмаар Ерөнхий хорооны хурлаар батлагджээ. ОХУ-ын "Экспресс сервис” нь 25 сая рубль, "Синара-Транспортные Машины” нь 27.3 сая рублиэр шинэ ТГМ23 зүтгүүр санал ирүүлсэн ч шинэ зүтгүүр нийлүүлнэ гэсэн 30 орчим насны залууд өгчээ. "Арвижих групп” нь 567.3 мянган .доллараар шинэ зүтгүүр нийлүүлнэ гэсэн санал ирүүлэхэд Г.Сэрээнэндорж 800 сая төгрөгөнд багтааж гэрээ байгуул гэж цохьон гэнэ. Ингээд гэрээ хийж 800 саяаса 774,4 саяыг шилжүүлээд 41,6 саяыг гэрээний баталгаа болгож суутгаж авчээ. Гэтэл мөнгө авсан компани нь шинэ биш харин хуучин зүтгүүр нийлүүлж сайхан хулхиджээ. Зүтгүүр хүлээн авахад шууд л мэдэгдсэн байна. Авто угсраа нь 1986 оных, их бие буюу кузов нь 1987 онд үйлдвэрлэгдсэн агаад харин хөдөлгүүрийг нь шинээр суурилуулж тавьсан, гидро дамжуулга, редуктор, дугуйны тулк зэрэгт нь их засвар хийсэн, хос дугуй нэг удаа зоролтонд орчихсон хуучин эд байжээ. Ингээд ажлын хэсэг хүлээн авахаас татгалзсан байна. Харин "Арвижих групп”-иас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичиг тэр дор нь ирүүлэхэд Г. Сэрээнэндорж дарга уламжлал ёсоороо дэмжиж "татгалзах зүйлгүй” гэж цохсоны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ТГМ23 зүтгүүрийг хүлээн авч үндсэн хөрөнгөд бүртгэжээ. Хүлээн авсаны дараа ШУТИС- үл эвдэх сорилын төвөөр шинжилгээ хийлгэхэд зүтгүүрийн гол рам нь 30 хувийн нөөцтэй гэсэн дүгнэлт гарчээ. Нэг ёсондоо хуучин раман дээр шинэ дизел хөдөлгүүр хүчний дамжуулгыг угсарсан тавьсан батлагджээ.
Төмөр замд шинэ зүтгүүр нийлүүлэх нэрээр нуучныг шахсан хэл ам ЗТЯ-нд хүрчээ. Энхболд, Итгэлт гэдэг улсын байцаагч ирж шалгаад ашиглалтын хугацаа нь дууссан, Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журмын заалт зөрчсөн, суурийн радио станцаар тоноглогдоогүй байна, төлөвлөгөөт засварыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгээгүй, "Транссервис”-ийн зүтгүүр засварлах эрхтэйг батлах баримт бичиг байхгүй, обьектийн гэрчилгээ байхгүй гэдэг үндэслэлээр зүтгүүрийн үйл ажиллагааг зогсоож лацдаад явжээ. Дараахан нь Г.Сэрээнэндорж ирээд ашиглалтанд оруул гэсэн үүрэг өгч улсын байцаагчийн лацыг аваад ажилд оруулсан байна. "Арвижих групп”-ын захирал нь Д.Цогтбаатар гэнэ. Гэхдээ Оросоос хуучин зүтгүүр авчирсан хүн нь Мөнх-Эрдэнэ гэгч аж. Түүнтэй хамт орчуулагчаар Жамьяангарав явжээ. Тэрээр 2013 оны 7-р сард Мөнх-Эрдэнэтэй ГОК-ын төв оффис дээр таарахад хоёулаа улсын баярын дараа гурав хоног Орос яваад ирье, орчуулга хий, зарлыг чинь даана гэжээ. Москвад ирсэн хойноо зүтгүүр авах гэж байгаагаа хэлээд баахан утасны дугаар өгч яриулжээ. Бас хугацаа тулсан тул хурдан авах хэрэгтэй гэжээ. Ярьсан газруудаас нь зөвхөн "Транссервис”-д л бэлэн зүтгүүр байна гэсэнд очиж үзэхээр Муром гэдэг хотыг зорьжээ. Гэтэл хуучин эд байж. Оросууд хямдхан зүтгүүр хэрэгтэй байгаа бол 1987 оны кузов бэлэн байна, түүн дээр бүх явах эд ангийг нь шинээр тавиад долоо хоногийн дотор бэлэн болгоод 5,2 сая рублиэр өгье гэхэд Мөнх-Эрдэнэ тооны машин дээр монгол төгрөгөнд хөрвүүлж үзээд зөвшөөрч тохиролцоод Москва буцжээ. Ирээд гурав хоносны Мөнх-Эрдэнийг ажлаас нь дуудсанд/тэрээр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бололтой/ буцаж орчуулагч нь ганцаараа үлджээ. Ингээд шинэ зүтгүүр авах ажлыг орчуулагч хариуцаж үлдсэн байна. Мөнх-Эрдэнэ Монголоос зүтгүүрээ нийлүүлэх гэрээний хугацаа дуусчихаад байна, яаралтай угсруул, наад оросуудаа хурдлуул гэж байнга шахаж гарчээ. Оросууд долоо хоногтоо багтааж чадалгүй нэлээд уджээ. Ингээд 2013 оны 9-р сарын 14-ний өдөр арай гэж бэлэн болж Монгол руу ачигджээ. Замдаа цонх нь хагарснаас өөр ямар нэгэн асуудалгүйгээр ирж. Гаалийн татварын 41 саяыг Мөнх-Эрдэнэ дор нь төлжээ. Ингээд л төмөр замд шахсан байна. Нэгэнт оросуудаас 5,2-хон сая рублиэр авсан нь батлагдсан тул өдгөө төмөр замынхан зөрүүний 228 сая төгрөгөө нэхэж байгаа гэнэ. "Арвижих групп”-ныхан бултаж орчуулагчдаа хүртэл 50 сая төгрөг өгсөн гэх мэтээр янз бүрийн зүйл ярьжээ. Харин Г.Сэрээнэндорж одоо хүртэл хуучин зүтгүүрээ цээжээрээ хамгаалсаар байна. Тэрээр "...Хэрвээ тухайн зүтгүүрийг гадаад валютаар авсан бол өнөөдрийн ханшийн зөрүүнд үнэ нь унасан байгаа. Хэрвээ энэ зүтгүүрийг манай улс үйлдвэрлэдэг байсан бол бид дотоодоосоо авч болох байсан. Мөн ашиглалтын хугацаа дууссан гэж байгаа. Зүтгүүр ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн илэгдэл хоргодолыг тооцдог. Жишээлбэл байшин 60 жилийн настай гэж үзэх юм бол манай төмөр замын бүх байшин 60 жил болсон. Үүн дээр модернизац хийгээд шинэчилж, өөрчлөөд явж байгаа. Намайг албан тушаалаа хэтрүүлсэн гэж байгаа. Би нэг ч хүнийг гарын үсэг зур гэж дарамтлаагүй. Энэ зүтгүүрийг авснаар 2014 онд би нэг ч вагон гаднаас түрээсэлж аваагүй. Үүнээс бодох юм бол маш үр дүнтэй ажилласан. Энэ хэрэгт шалгагдаад хоёр жил болох хугацаанд намайг өршөөлийн хуульд хамруулж болно гэсэн...” гэжээ. Тэр дагуу ч тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч нэг жил хорих ялыг нь өршөөн хэлтрүүлжээ. Ийм л шахаа төмөр замд явагдсаныг эцэслэн шийджээ. Мөн одоогийн дарга нар нь бас л бужигнуулаад эхэлсэн тухай хэл ам дэгдээд байна. Бид тэр тухай эргэж мэдээлнэ.
nuuts.mn