Орлого нь ахидаггүй Оюутолгой
Харин тус компани өнгөрсөн долоо хоногт энэ оны гуравдугаар улиралд хэчнээн тонн хүдэр олборлож, хэр их баяжмал борлуулснаа тайлагнав. Оюутолгойн энэ оны гуравдугаар улиралд хийсэн ажил, олсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ахисан үзүүлэлт алга. Харин ч борлуулсан хүдрийн хэмжээ нь буурсан байх юм. Оюутолгой орлогоо ийнхүү тайлагнах зуур олон улсад тус компанийн олборлолт буурч байгаа тухай мэдээлэл тарлаа. Мөн Оюутолгойн орлогын баланс байнга хасах үзүүлэлттэй гарч байгаа талаар УИХ-ын С.Ганбаатар хэлсэн. Тэрээр "Татварын газрын холбогдох хүмүүс Монгол Улс Оюутолгойгоос 70 жил татвар авахгүй тийм нөхцөл байдлыг бий болгочихлоо. Энэ ордоос хүртэх гол ашиг бол татвар, ногдол ашиг хоёр юм. Татвараа авч чадахгүй нь тодорхой боллоо. Ногдол ашиг хэзээ ирэх нь мөн л тодорхойгүй. Оюутолгойн 2013 оны жилийн санхүүгийн тайлангаас ганцхан жишээ хэлье. Борлуулалтын орлого 220 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин борлуулалтын өртөг буюу зардал нь 167 тэрбум. Энэ нь зарим улстөрчийн бизнесийг тэжээж байгаа мөнгө. Жишээбэл, цемент зөөхдөө үндсэн үнээс нь 80 дахин өндөр үнээр зөөдөг юм билээ. Тэгтэл нийт ашиг нь хасах 284 тэрбум төгрөг гэж байгаа. Үүний ногдол ашиг нь хасах 80 тэрбум. Татвар тэг. Энэ мэт Оюутолгойн орлого, санхүүгийн талаарх хасах баланстай дүн олон байгаа” хэмээсэн юм.
"Рио Тинто” Оюутолгой ордоос гуравдугаар улиралд 7.029 тонн хүдэр боловсруулсан бол өнгөрсөн оны мен үед 8.0-52, тонныг боловсруулж байжээ.
Э.Өнөр