ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн хүмүүсийг Төмөр замаас зайлууллаа
Орос, Хятадын төрийн тэргүүнүүдийн айлчлал ойрмогхон болсны дараа дээрхи хоёр улс Монголын нутгаар дайран өнгөрөх төмөр замын бодлогоо ний нуугүй илэрхийлж, санасандаа хүрцгээсэн гэж хэлж болно. Өнөөдрийг болтол сунжирсан нарийн, өргөн царигийн асуудал сонин биш болж, Монгол Улс хоёр хөрштэйгээ эв найртай оршин тогтнох бодлого барьж, ёстой л нэг "Хоёулаа миний хүү” гэдэг шиг юм болохоос өөрцгүй байдалд хүрэв. Наад зах нь ОХУ-ын РЖД-гийн ерөнхийлөгч ноён В.Якунин төмөр замыг цахилгаанжуулж, үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн нь тус салбарын удирдлагууд болон улс төрчдийн хорхойг гозолзуулжээ.
Үүнээс өмнөхөн ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг албан үүргээс нь чөлөөлж, оронд нь С.Баатаржавыг томилсноор Хууль зүйн сайдын хурандаа нарыг бөөнд нь огцруулах "Барбаросс” төлөвлөгөө нэн даруй хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч Намрын чуулганы эхээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим нэг сайд нарыг ажлаас нь огцруулна гэж мэдэгдсэн нь төмөр замын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг ямар нэг байдлаар унагаж, оронд нь түүний суудалд залрах гэсэн хүмүүсийн марафоныг эхлүүлжээ. УБТЗ-ын Хангамжийн газрын даргаар ажиллаж байсан н.Наранбаатар дарга, түүний орлогч н.Баярсайхан нарыг саяхан Б.Билэгтийн хүмүүс гэх нэрээр ажлаас нь халжээ. Чингээд зогсолгүй Хангамжийн газрын шинэ даргаар Ерөнхийлөгчийн ах Ц.Арсландоржийг томилсон байна. Ийнхүү өндрөөс унасан Б.Билэгтийн "гарын хүмүүс”-ийг цагдаад ч, төмөр замд ч ажилгүй болгож эхэлжээ.
Харин үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг дан ганц Монголын тал буюу Зам, тээврийн сайд А.Гансүх дур мэдэн өөрчлөх эрхгүй агаад зайлшгүй Зөвлөлийн хуралд саналаа оруулж, олонхийн дэмжлэг авсан тохиолдолд түүнийг огцруулах боломжтой аж. Үүнээс үзэхэд ардчиллынхан хаа сайгүй л өөр өөрийн хүнээ боломжийн суудалд залчих санаатай нэг нэгэнтэйгээ ил, далд үзэлцэж, нэхий дээлээ уралцсаар байна.
Чингээд зогсохгүй Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж, ажилгүй дарга нарын тоо нэмэгдэх сургаар яамдын түшмэлүүд ёстой л нүхээ малтана гэдэг шиг юм болж байгаа аж.
Эх сурвалж: Маш нууц сонин