"МН370"-ыг хайх шаардла
Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисэх үедээ сураггүй алга болсон зорчигч тээврийн "МН370” онгоцыг Энэтхэгийн далайгаас хайх шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэрбээр "МН370” онгоцны далавч эсвэл жижиг хэсгүүд байх магадлалтай хэлтэрхийнүүд Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас олдсон. Гэхдээ энэхүү арлыг самнасан ч "МН370” онгоц олдохгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс хайх ажиллагааг эхлүүлэх шаардлага байхгүй. Мөн хүмүүст дахин хүлээлт үүсгэхийг хүсэхгүй байна. Намайг уучлаарай” гэж хэлсэн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайд өмнө нь "МН370” онгоцноос сураг гаргахын тулд Реюнион аралд тусгайлан мөрдлөгө явуулах болно гэж мэдэгдсэн билээ. Разак ийнхүү бодлоо өөрчилсөн нь авлигын хэрэгтэй нь холбоотой байж магадгүй хэмээн олон улсын тоймчид онцолж байна.
Түүний орлогч Михиддин Яассин төрийн сан хөмрөг дэх хөрөнгийг дур зоргоор ашигласан хэргээр баригдсан юм. Яассинийг албан тушаалаас нь буулгасан билээ. Тэрбээр 2009 Нажиб Разакын мэдлийн банк руу 700 сая ам.долларыг тодорхой үндэслэлгүй шилжүүлсэн нь илэрчээ. Энэхүү хэргээс үндэслэж Ерөнхий сайдыг шалгаж байгаа юм.