Путиний ихэрхэл буюу Канадын Ерөнхий сайдыг "доош хийсэн нь"
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Их найм"-ын талаарх асуултад хариулахдаа Канадын Ерөнхий сайд Стивен Харперыг "доош хийлээ".
"G8 бол албан ёсны байгууллага биш, харин зүгээр л сонирхол нэгтнүүдийн элит клуб. Орос орон ирээдүйд "Их найм"-ын бүтцэд багтаж гэрээ хэлэлцээр хийж магадгүй" гэж Путин дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдагч нартай уулзах үеэр ярилаа. Энэхүү уулзалтыг Петербургт явагдсан олон улсын эдийн засгийн форумын хүрээнд зохион байгуулжээ.
Харин сэтгүүлч түүнээс "Канадын Ерөнхий сайд Стивен Харпер Оросыг хэзээ ч "G8"-ийн бүрэлдэхүүнд багтаахгүй гэж мэдэгдсэн. Та энэ талаар юу гэж бодож байна?" гэж асуув.
"Би одоо хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байна. Гэхдээ хэрэв Америк өөрөө Оросыг "G8"-д оруулахыг хүсвэл Канадын Ерөнхий сайд Харпер бодол санаагаа өөрчилж л таараа" гэж Оросын Ерөнхийлөгч Путин мэдэгджээ.
Өмнө нь Канадын Ерөнхий сайд Стивен Харпер "Украины хямрал, Киевийн асуудлаас болоод Оросыг "Их найм"-д буцаан авах боломжгүй" гэж хэлсэн билээ.
Путин ийнхүү эелдэг биш, дипломатч ч биш байж чаддагаа харуулан Канадыг байранд нь тавьчихлаа. Ингэхэд "Их долоо"-гийн дунд АНУ-ын эсрэг ам нээж зүрхлэх хүн ганц л бий, Германы канцлер Ангела Меркель.
Харин Канадын Харпер? "Канад хэзээ ч өөрийн гэсэн бодлого явуулдаггүй, бас Америкийн эсрэг дуугарч чадахгүй" гэж олон улсын тоймчид үүнийг далимдуулан мэдэгдээд авав.
www.mnews.mn