Микроныхон улам даврах нь
Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цөөнгүй олон ажил хийгдэж байна. Юуны өмнө төлбөрийн цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эхнээсээ карт авч, түүнийгээ мөнгөөр цэнэглээд, автобусандаа зорчиж байгаа. Гэхдээ ажил цэгцэртэл зай ч байна, лай ч байна. Одоо оюутнууд ирнэ. Ямар картаар зорчих уу гэдгээс авахуулаад шийдэх асуудал зөндөө байгаа. Гэтэл иргэд цахим картныхаа учрыг олоогүй байж байтал нэг л өглөө автобусны чиглэлүүдийг өөрчилж, богино эргэлттэй болгочихлоо. "Картаа хаана нь уншуулахаа сураагүй байхад чиглэлээ өөрчилчихлөө. Одоо яана даа” гэж бухимдах тээвэрчид зөндөө л байна.
Ядаж байхад эргэлт богино болсонтой уялдуулж сэлгэн суултыг үнэгүй байлгана гэж байсан ч энэ ажлаа хэрэгжүүлсэнгүй. Учир нь төлбөрийн системийг цахимд шилжүүлсэн хэдэн хоногт иргэдийн дунд судалгаа явуулж. Тэгэхэд автобусаар зорчиж байгаа иргэдийн 80 хувь нь 30 минутын дотор өөр унаанд сууж байж л дээ. Ингээд тооцоод үзэхээр нийтийн тээврийнхэн алдагдалтай ажиллахаар болчихоод байгаа аж. Тиймээс түр зууртаа энэ ажлыг судалж үзэхээр хойшлуулчихаад байгаа юм билээ. Одоо тэгэхээр дараагийн шийдвэр гартал иргэд мөнгөө төлөөд л автобус дамжаад байхаас өөр арга алга. Уг нь шинэчлэл хийж байгаа нь зөв. Ард түмэнд ч, автобус компаниудад ч ашигтай, хэрэгтэй хувилбарыг сонгож хэрэгжүүлэх цаг болсон.
Иргэдийн төлсөн мөнгөний чамгүй хувийг тасалбар түгээгч, жолооч хоёр нийлж "цохьдог” байдлыг ч шийдэх хэрэгтэй байсан. Гэхдээ автобусыг богино эргэлттэй болгосон нь иргэдэд эргээд хүнд тусч байна. Яах вэ, урт автобус оруулж ирээд, нийтийн тээвэрт явуулж байгаа. Түүнийхээ орлогыг бодох нь зөв л байх. Гэхдээ иргэдээ ч бас бодох л хэрэгтэй. Тэр сэлгэн суултын минутыг заавал 30 болгоод байх шаардлага юу байна.
Арай бага, 10 минутаар ч юм уу зохицуулбал яасан юм. Эсвэл сэлгэн суулт нь 200 төгрөг байна гээд хямдруулчихсан ч болмоор юм шиг. Нөгөө талаар сэлгэн суулт үнэтэй болохоор иргэд том биш бага оврын автобусыг сонгон зорчиж эхэллээ. Өчигдөр өглөө гэхэд микронууд жинхэнэ утгаараа "даам” гарчихаж. Дундын зайд 600-700 төгрөгөөр явдаг байсан бол 800 болгочихож. Хаашаа л явна дүүрэн. Олдох ч янз алга. Гэхдээ иргэд автобусаар хоёр дамжиж, 1000 төгрөг үрснээс 200, 300-г нь болов хэмнэнэ л гэж үзнэ шүү дээ.
Ингээд л "даам” гарсан ч байсан микронд сууж таарна. Дээрээс нь чиглэл нь ядаж тодорхой. Одоо оройдоо бол бүр давраад, 1500 төгрөгөөр явна биз. Ер нь ойрноос орой болохоор жаахан хол газар ийм үнээр явж байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа хурдхан нэг тийш нь болгох хэрэгтэй байна. Хүмүүс автобусанд биш микронд суугаад байвал том оврын автобусныхны ашиг орлого тэгтлээ нэмэгдэх нь юу л бол. Том оврын автобусныхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх бодлого давхар барьж байгаа бол энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй. Даварсан микроныхныг улам давраах нөхцөл байдлыг гаргаж болмооргүй байна.