“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН Т.БАТМӨНХИЙН АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН БАРААН БАРИМТУУД-I
"Эрдэнэт үйлдвэр”-т бугшсан идээ бээр хагарах цаг нь дөхөж байгаа. Хууль хяналтын байгууллагад хэдэнтээ ээрэгдэж, авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдийг үйлдвэрээс "хөөх” нь цаг хугацааны асуудал боллоо. Иймээс бид "Эрдэнэт үйлдвэр”-ээс хөөгдөх албан тушаалтнуудыг цувралаар танилцуулж эхэллээ. Энэ удаагийн дугаарт "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнхийн бараан баримтуудыг хүргэж байна.
Т.Батмөнх Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 1989 оноос Эрдэнэт хотод суурьшиж, үйлдвэрийг бараадсан нэгэн. Тэрбээр 1989 оноос "Эрдэнэт үйлдвэр”-ийн мастер, хэсгийн дарга, цехийн даргаар ажиллаж байгаад 2018 онд орлогч даргаар томилогдсон байдаг.
"Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнх жилийн 424 сая төгрөгийн орлоготой, 2.6 тэрбум төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний гурван барилга, зуслангийн хоёр байшинтай. Дээрээс нь 369 сая төгрөгийн "BMW-X6” автомашинтай, 234 сая төгрөгийн газар, 390 сая төгрөгийн үнэт эдлэл, 417 сая төгрөгийн мал, 94 сая төгрөгийн хадгаламж, 484 сая төгрөгийн авлагатай нэгэн ажээ. Харин тэр 2017 онд жилийн 2.8 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 12 сая төгрөг байжээ. Нийтийн гурван орон сууцтай, үнэлгээ нь 1.1 тэрбум байж. Мөн 85 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр автомашинтай, 680 мянган төгрөгийн малтай, өмчлөх эрхийн таван сая хоёр газартай байжээ. Үнэт эдлэл нь 390 мянган төгрөг, авлага нь 200 мянган төгрөг байсан байна. Эндээс уншигч та Т.Батмөнхийн хөрөнгө найман жилийн дотор хэрхэн өссөнийг тунгаана биз ээ.
Т.БАТМӨНХИЙН "ЛЕКСУС-570” АВТОМАШИНЫГ 16 САЯАР АКТАЛЖ, ЖОЛООЧООРОО ДАМЖУУЛЖ, ХУВЬДАА ЗАВШСАН ХЭРЭГ
"Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга Т.Батмөнхтэй холбоотой албан тушаалын хэрэг гараад дөрвөн жил өнгөрлөө. Тодруулбал, Т.Батмөнхийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө болон "Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, хувьдаа завшсан байж болзошгүй гэх. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, шүүхийн шатанд шилжсэн ч замхарсан гэж болно. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн ч Дээд шүүхээс Т.Батмөнхөд холбогдох хэргийг Анхан шатны шүүхэд буцаасан. Өөрөөр хэлбэл, "Лексус-570” автомашиныг 16 саяар акталж, жолоочоороо дамжуулан хувьдаа завшсан "Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх шүүхэд нөлөөлж, хэргээ хэрэгсэхгүй болгосон эсэх нь ч эргэлзээтэй, хардлага төрүүлж байна.
Тодруулбал, "Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэг автомашиныг "Эдлэх хугацаа нь дууссан” нэрийн дор акталж, хэдхэн сая төгрөгөөр худалдан авч, хувьдаа завшсан хэрэгт холбогдсон. Т.Батмөнх нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай үхсэн тохиролцож, "Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийн 140 сая төгрөгийн үнэлгээтэй "Лексус-570” автомашиныг зах зээлийн үнэнээс хэт доогуур буюу "Приус-20” маркийн автомашины үнээр худалдаж авсан гэх. Хэргийг тодруулбал, тэрбээр одоогийн ханш нь 140 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа 2012 онд орж ирсэн "Лексус-570” автомашиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан гэх. Эл хэрэгтэй холбогдуулан түүнийг Авлигатай тэмцэх газраас Т.Батмөнхийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг Нэг хэрэг шүүхийн шатанд хоёр он дамжиж байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. Мөн нэгдүгээр орлогч Т.Батмөнх нь ганцхан "Лексус-570” автомашиныг акталж, хямд үнээр аваагүй. Үүнээс гадна тоёота "Нiace” загварын автомашиныг мөн л хэт доогуур үнээр акталж, худалдсан авсан гэх мэдээлэл ч бий.
Дөрвөн жил өнгөрөхөд Т.Батмөнх хариуцлага үүрсэнгүй. Үүрэг, тушаалаар нь ажилласан жолооч нь таван сая төгрөгөөр торгуулаад өнгөрлөө.
Т.БАТМӨНХИЙН ГЭРЭЭС ХУЛГАЙД АЛДАГДСАН ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖААГИЙН ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХӨӨРӨГ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТ ОЛДСОН ХЭРЭГ
Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрийн хөрөнгийг хямд үнээр акталж, хувьдаа завшсан хэргийнхээ араас Эрүүгийн цагдаагийн албаныханд шалгагдсан. Өөрөөр хэлбэл, АТГ-ын "үйлчлүүлэгч” ЭЦА-нд үйлчлүүлж эхэлсэн гэсэн үг. Хоёр жилийн өмнө Т.Батмөнхийн гэр болон албан өрөөнд ЭЦА-наас нэгжлэг хийж, их хэмжээний валют, иргэнд байхааргүй эртний үнэт эдлэл хадгалж байсныг нь илрүүлсэн. Харин Т.Батмөнх тухайн үед "Хөөрөг худалдаж авсан, буруу гарынх байжээ. Валютын тухайд эмчилгээнд явах гээд бэлдэж байсан” агуулгатай тайлбар мэдээлэл хийгээд, хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй өнөөдрийг хүрч байна.
Т.БАТМӨНХ БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ "НЭЙШНЛ МАЙНИНГ МАШИНЕРИ” ХХК-ТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ
Т.Батмөнхийн бизнесийн тухайд,”Эрдмийн тана” ХХК-ийг гэр бүлээрээ эзэмшдэг. Уг компани нь Орхон аймагт хувийн сургуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, "Эрдмийн сан” хувийн сургуулийг Т.Батмөнхийн эхнэр Г.Өлзийбаяр, хүү Батдолд нь ажиллуулдаг юм байна. Эрдэнэт хотын "том”-чууд, үйлдвэрийн дарга, ажилтнуудын хүүхдүүд уг сургуульд сурахын тулд дугаарлаж, дараалал үүсгэдэг гэнэ.
Бид дараагийн дугаартаа Т.Батмөнхийн Булган аймгийн Бугант суманд үйл ажиллагаа явуулдаг зуслангийн барилга, байгууламж, цахилгаан, дэд бүтцийг ямар компани хийсэн. Мөн "Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийг баруун солгойгүй авч байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Нэйшнл майнинг машинери” ХХК-тай Т.Батмөнх хамааралтай байж болзошгүй баримтыг хүргэх болно.
Сэтгэгдэл байхгүй байна.