Дуурийн дуучид анх удаа микрафонтой дуулах гэж байна

844
С.Мөнгөнцэцэг: Дуурийн дуучид анх удаа микрафонтой дуулах гэж байна
 Үндэсний баяр наадмыг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон "Учиртай гурван толгой” дуурийг анх удаа Сүхбаатарын талбайд үзэгч түмэндээ толилуулах гэж байгаа билээ. Энэ жил "Учиртай гурван толгой” дуурийн 65 жилийн ой тохиож байгаа юм. Задгай талбайд тоглох уг дуурийн Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин, Хөдөлмөрийн баатар Э.Амартүвшин, Нансалмаад соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд соёлын тэргүүний ажилтан Ж.Бямбажав нар тоглох аж. Үндэсний ууган, сонгодог бүтээлд тоглох гэж буй гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэгтэй ярилцсанаа хүргэе.

-Та Хоролмаагийн дүрийг хэд дэх удаагаа амилуулах гэж байна вэ?

 -Манай театрын бүтэн жилийн программд "Учиртай гурван толгой” дуурийг түлхүү оруулдаг. Миний хувьд 2007 онд Хоролмаагийн дүрийг бүтээснээс хойш 20 гаруй удаа тоглож байна. 

-Энэхүү дуурийг анх удаа задгай талбайд тоглох гэж байна. Уран бүтээлчдийн хувьд хүндрэлтэй зүйл байна уу?

 -Бид 2415 дахь удаагаа "Учиртай гурван толгой” дуурийг толилуулах гэж байгаа ч энэ удаагийн тоглолтод дахин бэлтгэх зүйл олон тулгарч байна. Тухайлбал манай дуурийн театрын тайзыг 4-5 дахин томсгосон хэмжээний тайзан дээр дуулна гэдэг бол өмнө нь мэдэрч байгаагүй том орон зай. Мөн дуурийн дуучид анх удаа микрофонтой дуулах гэж байна. Тиймээс бидэнд техниктэй дасан зохицож ажиллах шаардлага гарч ирж байгаа юм. Мөн анх удаа энэ дуурь маань нэмэгдүүлсэн заставтай тоглох гэж байгаа. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ нэмэгдэж, манай хоорын дуучид 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэх мэт анхны гэсэн зүйлүүд маш их байна.

 -Тайз заслаас авахуулаад бүх зүйл монгол ахуйг харуулна гэсэн. Энэ талаар тодруулж мэдээлэл өгнө үү? 

-"Учиртай гурван толгой” дуурьт монгол ахуйг бодитоор тусгаж буйгаараа онцлогтой. Бид өмнө нь хэзээ ч тайзан дээрээ ноос савах, эсгий хийх үйл явдлыг дүрсэлж байгаагүй. Шөнө, орой залуучууд маань яаж хөгжилдөж цэнгэлддэг байсныг "цүү хаях” тоглоомоор харуулах жишээтэй. 

-Энэ удаагийн дуурьт тоглох уран бүтээлчдийг сонгон шалгаруулсан. Таны бүтээх Хоролмаагийн дүрд хэчнээн хүн өрсөлдсөн бэ?

 -Сонгон шалгаруулалтад анхны, том, задгай тайзан дээр дуурь бүжгийн байнгын урын санд байдаг бүтээлээр, байнгын формтой дуучидтай өрсөлдөнө гэдэг бусад театрын дуучдын хувьд өндөр босго байсан байх. Ер нь миний тооцоолж байснаас харьцангуй цөөн дуучин шалгаруулалтад оролцсон. Гэхдээ анх удаа задгай талбайд тоглох гэж буйгаараа маш том хариуцлагатай. Түүнээс болоод бид ч бас өөрсдөө санаа зовж байсан. Одоо ч сүрдсээр байна. Магадгүй уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулсны дараа л энэ том давааны ард гарч сэтгэл тайвшрах болов уу.

Б.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

844 сэтгэгдэл