Дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүнэ
Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Шүүрх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм. Тус шүүх хурлын шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ш.Баярбилэг оролцох аж.
Хэрэг явдлыг тодруулбал, Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдсон төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаар Интерполд хандсан байсан ч түүнийгээ зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг дэд сайд Э.Эрдэнэжамъян бичсэнээр эрх мэдлээ ашигласан гэх хэрэгт буруутгагдахад хүрсэн юм.
Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан ч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэнээр нэлээд сунжирсны эцэст уг хурал өнөөдөр болох гэж байгаа юм.