Бөө нарын тэмцэл С.Баярцогтыг “ганхуулав уу”
Сэлэнгэ аймгийн нутаг дахь Ноён уулын эргэн тойронд Хүннү гүрний хүчирхэг дээдсийн онголсон бунхан хэдэн зуугаараа бий гэдэг. Үүнийг үе үеийн эрдэмтэн судлаачид ч нотолсоор ирсэн. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын Засгийн газар "эдийн засгийн хямралыг даван туулах” нэрээр энэ уулын хөрсөн дэх алтыг гадны компанид худалдах галт тэргийг аль хэдийнэ хөдөлгөжээ. Ноён уул руу хүрзээ чиглүүлэн зогсож буй "Сентерра гоулд”-ынхан өмнө нь Бороогийн 40 тонн алтыг юу ч үгүй болтол шавхаад авчихсан. Харин одоо МАНАН-гийн Засгийн газрыг лоббидсоор байгаад, өвөг дээдсийн онголсон шүтээн буй Ноён уулын Ноён, Хатан оргилын гүйдэл суудлын гагнаас болсон цэг дээр эзэмшлээ тогтоочихоод байна. Байгаль дэлхий өөрөө хэдэн мянган жилийн турш хадгалж гамнаад ирсэн энэ гайхамшигт газар луу алтанд шунасан хүйтэн гар шургалсан нь Монгол түмэнд таалагдсангүй. Жирийн иргэдээс эхлээд Их хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид хүртэл хоолойгоо цуцтал ярьж, хөлөө цуцтал тэмцэл цуглаан хийсэн ч эрх баригчид хүлээж авалгүй зүтгүүлсээр Гацуурт хэмээх ордоо гадны компанид бэлэглэх шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцсэн иргэд Чингисийн талбай дээр 33 бөө цуглуулж, Ноён уулаа аврах гэж онго тэнгэр, лус савдагаа дуудсан. Хүн байгаль далд шижмээр холбоотойг шинжлэх ухаан нотолчихоод байгаа энэ үед бөө нар хүртэл тэмцэлд нэгдсэн нь үр дүнгээ өгөв үү гэлтэй, Гацууртын ордыг гадныханд өгөхөөр лоббидсон эрхмүүдийн суудал ганхаад эхэллээ. Тухайлбал, АНУ-ын гэр бүлийн ганц компаниас зөвлөгөө авах нэрийдлээр 17,5 тэрбумын гэрээ байгуулсан ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогтыг огцруулах асуудал хөндөгдсөн. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй С.Баярцогтын суудал бүрмөсөн унах эсэх нь УИХ-аар шийдэгдэнэ. Ноён уулаа аврах гэсэн иргэдийн тэмцэл үүгээр зогссонгүй. Хэд хэдэн иргэний хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн иргэдтэй хамтран өлсгөлөн зарлаад эхэлжээ. Тэд өвөг дээдсийн онго шүтээнийг сүйтгэхээр зэхэж буй шийдвэрээ даруй цуцлахыг Ч.Сайханбилэг тэргүүтнээс шаардаж буй юм.
NUUTS.mn