Н.Энхбаяр Монголд ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс 2.6 жилийн хорих ял авсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдсан.
Тэрээр суллагдсан даруйдаа өнгөрсөн оны наймдугаар сард биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон юм. Нэг жил гаран БНСУ-д эмчлүүлж байгаа түүнийг намын нөхөд нь эргэж тойрдог бөгөөд эх орондоо удахгүй ирнэ гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан ч ирээгүй.
Мөн түүнийг БНСУ-аас иргэншил хүссэн гэх мэдээ энэ долоо хоногт гарч багагүй шуугиан дэгдээсэн. Түүнчлэн Н.Энхбаярыг өөрийн улсын иргэн болохыг зөвшөөрсөн гэсэн мэдээ Солонгосын зарим мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба энэ бүхнийг эрс үгүйсгэсэн юм.
Түүнийг эх оронд нь ирүүлэхгүй байх үйл ажиллагаа явуулж байна хэмээн намын нөхөд нь мэдээлж байсан ч тэрээр өнөөдөр эх орондоо ирж байна. Сөүлээс ирэх онгоц орой 22:35-д газардлаа. Юутай ч Н.Энбаяр Монголдоо ийнхүү ирлээ.