“Хорвоотой танилцсан түүх” Францад хэвлэгдлээ
Монголын орчин цагийн их соён гэгээрүүлэгч, зохиолч Лодонгийн Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх” хүүхдийн алдарт зохиол Франц улсад хэвлэгджээ. Францын "Borealia” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн энэ номыг залуу орчуулагч Р.Мөнхзул франц хэлнээ буулгажээ. Р.Мөнхзулын ээж нь манай нэрт орчуулагчдын нэг Ч.Алтанзагас бөгөөд Нобелийн шагналт Иво Андричийн "Нүглийн орон”, И.Крыловын "Ёгт үлгэрүүд”, Азиз Несиний "Алиа хошин найр”, А.Стругацкийн "Даваа гараг Бямбад эхэлдэг”, Д.Кугультиновын "Үлгэрүүд”, Жорж Kатюшийн "НҮБ дахь КГБ-ийнхэн”, В.Закруткины "Эх хүн”, В.Железниковын "Зургаа Б-гийн гайхал”, М.Ходаковын "Ингэж бүү яваарай”, А.Алексины "Тавдугаар эгнээний гурав дахь нь”, Ю.Модины "Тагнуулчдын хувь заяа” зэрэг олон ном орчуулсан хүн юм. "Borealia” хэвлэлийн газар ирэх онд "Монголын сонгомол өгүүллэг” антологийг хэвлэхээр төлөвлөөд байна.