Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс хүний амь эрсдэх дөхөв
Сүүлийн үед сэтгэл сэртхийлгэм ослууд гарч хүний амь эрсдэж байгаа нь холбогдох албан тушаалтнуудын "толгойны өвчин” болоод буй. Уржигдар л гэхэд Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, хоёр хүн хордож Цэргийн төв госпитальд хүргэгдлээ.
Дээрх хоёр ажилтны хордох болсон шалтгаан нь тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас болжээ. Өөрөөр хэлбэл, тус газар Төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлүүлэхээр оруулсан ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар заавар, зөвлөмж өгөөгүй аж. Лагаас найман төрлийн хорт бодис ялгардаг учраас худаг руу орсон залуус хортой газын хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан алдан унасан байна.
Дээрх хоёр ажилтан гүнийн лагийн худаг руу орохдоо ямар ч хамгаалалтын хувцас өмсөөгүй тул хордсон гэж эх сурвалж хэлж байна. Ослын талаар тодруулахад, дээрх цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэхээр эхлээд 20 орчим настай, эрэгтэй Г орсон байна.Тус лагийн худаг нь таван метрийн гүнд байдаг бөгөөд худаг руу орсон залуу хортой газын хийнд цохиулж, шатаар өгсөх замдаа ухаан алдан унасан тул хамт ажиллаж байсан 30 орчим насны эрэгтэй аврахаар худаг руу ороод мөн л газын хийнд хордож ухаангүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн аж.
Энэхүү осол уржигдар 16:00 цагийн орчимд болсон бөгөөд одоог хүртэл тэд ухаан ороогүй байгаа талаар тус газрын удирдлагууд ар гэрийнхэнд мэдэгдсэн байна. Эл хэргийн талаар Ус сувгийн удирдах газрынхан мэдээлэл өгөхөөс татгалзсан хэдий ч ажилчид нь ямар ч хөдөлмөр аюулгүйн байдлыг хангаагүйн улмаас хайран сайхан хоёр залуу үхлийн ирмэгт ирээд байна гэж ярьж байлаа. Асуудал болоод буй энэ бүх эргэлзээ, ойлголтын зөрүүг холбогдох албан тушаалтнууд яаралтай хэлэлцэж ойрын үед шийдэлд хүрэх хэрэгтэйг өнгөрсөн үйл явдлууд харуулж, сануулсаар байна.
Түүнчлэн хяналт, шалгалтын байгууллагууд зүгээр нэг илээд өнгөрөх
биш ажлаа дорвитойхон хиймээр байгааг сануулахад илүүдэхгүй биз. Учир
нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд өөр хоорондоо бурууг шидэлцэж
байх хооронд эрдэнэт хүний амь нас дахиад эрсдэхгүй гэсэн
баталгааг дээрх хоёр ажилтан харуулж буй юм.
Өглөөний сонин
Р.Саруул