“Оюутолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүн хэн байх вэ
Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр "Оюутолгой” компанид Монголын талыг төлөөлөх гишүүнээр нэг жил, зургаан сар ажилласан байна. Дэд сайд "Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, улс төрийн албанд нэг мөр сэтгэл шулуудав бололтой. Сайдын өргөдлийг "Эрдэнэс Монгол” компани, Засгийн газрын хэрэг эрхлэх газар хүлээн авч, хүсэлтийн дагуу "Оюутолгой”-н ТУЗ-өөс чөлөөлөөд долоо хонож буй. Тиймээс түүний оронд хэнийг томилох гэж байгаа талаар зарим эх сурвалжаас тодруулсан юм.
Б.Бямбасайханыг ТУЗ-ийн гишүүнээр томилох магадлал улам нэмэгдэж байна
Одоогоор "Оюутолгой”-н ТУЗ-д Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан, "Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч, ажлын албаны захирал Ч.Отгочулуу, "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд Монголын Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байгаа. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллах шинэ хамтрагчаар нь "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал, Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайханыг томилох магадлал өндөр байна.
Ямартай ч үүнээс өмнөх томилгоог харвал, Монголын тал "Оюутолгой” компанийн ТУЗ-д орж ажиллах багаа бүрдүүлэхдээ "Эрдэнэс Оюутолгой”, "Эрдэнэс Монгол”, Уул уурхайн яамны төлөөлөл гэсэн загварчлалаар явж ирсэн.
Гэхдээ Хүний хөгжил сангийн тухай хуулиар улс төрийн албан хаагч нь төрийн өмчийн оролцоотой бөгөөд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшдэг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд багтахыг хориглоод байгаа. Хэрэв энэ заалтыг үндэслэвэл Б.Бямбасайханыг "Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилох магадлал улам нэмэгдэж байна. Энэ бүх мэдээлэл баталгаажвал "Оюутолгой” компанийн ТУЗ дараагийн хурлаа товлон асуудлаа хэлэлцэх бөгөөд тэдний өмнө төслийн хөрөнгө оруулагчтай санамж бичиг байгуулах өндөр даваа бий.
Дашрамд, Ч.Отгочулуугийн орыг залгаж Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Цэндсүрэнг томилоод байна.
Б.Баяртогтох