Ш.Түвдэндорж: Засаг огцруулахыг дэмжсэн АН-ын гишүүнийг сонгуульд өрсөлдүүлэхгүй
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар, АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийв.
Тэрбээр "УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн хууль, Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Дээрх хуулийн төслүүдийг АН-ын гишүүд 100 хувь дэмжих болно. Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх асуудал хуулийнхаа дагуу явж байгаа. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт уг асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тухай мэдээлэл хийсэн. Энэ зөвшилцөл дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэнэ. Тэгэхээр энэ удаагийн ээлжит бус чуулганы өмнө зөвшилцөж амжихгүй байх магадлалтай. Тэгвэл дахин ээлжит бус хуралдаан зарлах байх. Ерөнхий сайд АН-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт АН-ын ҮЗХ-ны хуралдааныг зохион байгуулахыг хүссэн байсан. Одоогоор Улс төрийн намуудын тухай хууль гараагүй байгаа тул энэ асуудлыг АН-ын дүрмээр шийднэ" гэв.
Харин АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж "Манай намын дүрэмд АН-ын дарга ҮЗХ-ны хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргадаг. Одоогоор намын дарга ҮЗХ-ны хурал зохион байгуулах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. МАН-ын 6 сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүд өргөн барьсан бол шууд чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэхдээ Ерөнхий сайд өргөн барьж байгаа тул заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөх хуультай юм. Үүнтэй холбоотойгоор төр тогтворгүй болох асуудал үүсч мэднэ. Зарим нэгэн УИХ-ын гишүүд Засгийн газрыг бүтнээр нь огцруулах хуулийн төсөл өргөн барьж мэднэ. Үүнээс сэргийлэхийн тулд манай бүлгээс Засгийн газрын огцруулах асуудлыг дэмжсэн АН-ын гишүүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан" хэмээн мэдээлэв.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ