УИХ-ын дарга хууль зөрчсөн захирамж гаргав уу?
Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах 156 тоот захирамжийг гаргажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид ээлжит бус чуулганыг ирэх сарын 03-14-нд зарлан хуралдуулж, зургаан асуудлыг хэлэлцэхээр болсон юм.
Үүнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль, Галт зэвсгийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заасан байгаа. Хэдийгээр УИХ дахь нам, эвслийн бүлгийн зүгээс ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан ч спикер бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх сард хуралдуулахаар шийдвэрлэв.
Харин энэ чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо хууль зөрчсөн байж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь, МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг Засгийн газрын тэргүүн өргөн бариагүй байхад ийнхүү хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан нь процедурын хувьд алдаатай байж магадгүй аж. Засгийн газраас өргөн барьсан асуудлыг л нэгдсэн чуулганаар хэлэлцдэг бөгөөд Ерөнхий сайдын зүгээс "Зургаан сайдаа огцруулах асуудлыг өргөн бариагүй” гэж байгаа. Гэхдээ заавал танхимын тэргүүн бус аль нэг гишүүн ч сайд огцруулах асуудлыг өргөн барьж болдог аж. Энэ тохиолдолд Ерөнхий сайд асуудлыг өргөөгүй ч аль нэг гишүүн өргөн барьсан байж магадгүй байна. Харин аль нэг гишүүн МАН-ын зургаан сайдыг огцруулах тогтоолыг өргөн бариагүй бол спикер хууль зөрчиж, тогтоолын төсөлгүй асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан болж таарна.
Ямартай ч УИХ-ын дарга хууль зөрчсөн эсэх нь удахгүй тодорхой болно биз ээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62893.shtml#sthash.EvLmDqs1.dpuf