Хүүхнүүдтэй сэлфидээд цагдаад баригдав
Саудын
Арабын алдартай жүжигчин, телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Абдул Азиз аль-Кассар тус улсын нийслэл дэх
худалдааны төвд өөрийг нь бүчсэн фэн хүүхнүүдийн хамт сэлфидэх хүсэлтийг нь
хүлээн авсныхаа улмаас цагдаад баривчлагджээ. "Эр-Рияд хотод очихоосоо өмнө би
нийгмийн сүлжээн дэх найзуудаасаа, аль худалдааны төвд очсон нь дээр болохыг асуусан
юм. Ингээд тэдний өгсөн зөвлөгөөний дагуу Аль-Нахил их дэлгүүрт баасан гарагт
очих тухайгаа постлосон бөгөөд очиход
фэн эмэгтэйчүүд маань тэнд ийм олноороо намайг хүлээж байна гэж бодоогүй”
хэмээн тэрбээр ярьжээ. YouTube болон Twitter-т байгаа бичлэгээс үзэхэд түүнийг худалдааны
төвд очингуут олон арван эмэгтэй бүчиж, гэрэл зургийн аппарат болон гар
утсаараа зураг авч байжээ. Удалгүй нэг эрэгтэй хүн түүнийг чирч гулдран олны
хөлөөс холдсон нь Саудын Арабын шашны цагдаагийн газрын төлөөлөгч байсан бололтой.
Ёс суртахууныг дэмжиж нүглээс сэргийлэх хороо хэмээх энэ байгууллага нь шашны
дэг ёсыг зөрчсөн хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татдаг нэг ёсны цагдаагийн
байгууллага бөгөөд одоо жүжигчнийг олон нийтийн дэг журмыг зөрчин
эмэгтэйчүүдтэй зургаа авахуулсан хэргээр мөрдөн шалгаж байна.