Барьцгүй Н.Энхбаяр барьц алдав
Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас хэн хэн нэр дэвших вэ гэдгээ тодруулах гээд завгүй байна. МАН, АН намынхаа дотоод сонгуулиараа Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ сонгочихоод байгаа. Харин одоо МАХН Ерөнхийлөгчид хэн гэдэг хүнээ нэр дэвшүүлэхээ намынхаа хурлаар шийдэх юм. Уг нь Н.Энхбаяр дэвших ёстой байсан. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1.1 дэхь хэсэгт "Улсын их хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа Ерөнхийлөгчид дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу МАХН-ын дарга Н.Энхбаяр шиг хамгийн азтай, боломжтой хүн энэ улсад алга. Гэвч хүсэхэд хясдаг хорвоо болохоор "Ялтай байдлын хугацаа” нь дуусаагүйн улмаас нэр дэвших боломжгүй болчихсон хамгийн азгүй хүн болоод байна. Энэ асуудлаараа Н.Энхбаярын өмгөөлөгч Ш.Дуламжав Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан хүсэлт гаргасан байдаг. Түүний гаргасан хүсэлтийг энэ сарын 3-ны өдөр анхан шатны шүүх хэлэлцээд ялгүйд тооцох хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг нь "Ялтай боловч зан төлвийн хувьд засарч хүмүүжсэн, гэм хороо арилгасан, хийсэн хэрэгтээ гүнээ гэмшсэн гэдгээ шүүх хуралдээр нотолсон тохиолдолд ялтай байдлыг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болдог” хуулийн зүйл заалттай юм байна. Гэвч шүүхээс эрхэм Н.Энхбаярыг зан төлвийн хувьд засарч хүмүүжээгүй, гэм хороо ухаарч, гэмшээгүй, хохирлоо нөхөн төлөөгүй гэж үзсэн гэх мэдээлэл байна. Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт шахаж байсан гэгдээд байгаа долоон тэрбум төгрөгийн үнэ бүхий ган бөмбөлөгийн хохирлоо барагдуулаагүйгээс үүдэн дээрх шийдвэрийг шүүх гаргасан бололтой. Ингэж дахин дахин шүүхээр орж өөрийгөө гэм буруутайг нотлох зоригтон Н.Энхбаяраас өөр байхгүй л болов уу.