"Манай харьяа биш” гэсэн шалтгаанаар өвчтөн авдаггүй эмнэлэг, эмч нартай хариуцлага тооцдог байя
Хүн үхэхэд их амархан болчихож. Бүр эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй амиа алдана гэдэг үнэхээр харамсалтай хэрэг. Өвчтэй бүр хүнд өвчтэй хүн л эмч нараас тусламж гуйж, эмнэлэгт хүргэгддэг. Гэтэл сүүлийн үед "Манай харьяа биш тул хүлээж авах боломжгүй. Харьяа дүүрэгтээ хандана уу” гэсэн шалтгаанаар хэчнээн хүний амь насыг "хороох” гэсэн юм бэ. Зөвхөн "харьяалал биш” гэсэн шалтгаанаар л хайртай хүүхдээ, ээжийгээ, аавыгаа, ханиа алда¬на гэдэг эрүүл мэндийн салбарын хамгийн том эмгэнэл биш гэж үү.
Эмнэлгээс эмнэлэг рүү дамжих хооронд өчнөөн хүний эрүүл мэнд хүндэрч, улмаар амиа алдсан хэргүүд гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд дуучин залуу эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй зүрх нь хаагдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, бие нь муудаад эмнэлэгт хүргэгдсэн "Манай харьяаных биш юм байна” гэж хэлээд хүлээж аваагүй юм гэсэн. Ингээд харьяаныхаа эмнэлэгт хүргүүлэх гэж цаг алдаж яваад алтан амиа алдсан.
Өнгөрсөн сард нэг айлын гурван хүүхэд хордлого авч нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн даруйд ээж нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт үзүүлсэн ч "Манай харьяа биш. ХӨСҮТ-д оч” гээд явуулсан байгаа юм. Энэ хооронд мөн л охины бие огцом муудаж ХӨСҮТ-д хүргэгдээд амиа алдсан шүү дээ.
Гэх мэтчилэн мэдэгдэж байгаа энэ ч мэдэгдэхгүй цаана нь иймэрхүү байдлаар амиа алдсан өчнөөн тохиолдол байгааг үгүйсгэхгүй юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй, эмч, сувилагч нарын хүнд суртлаар эрдэнэт хүний амь нас хохирсоор байх ёстой юу. Хүний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнээд амь, аврал эрээд эмнэлгийн хаалгаар ороод ирсэн байхад нь тусламж үйлчилгээ үзүүлчихэж юу нь болохгүй гэж.
Ийм гомдол санал байсхийгээд л гардаг ч хуультай учраас хуулиа л дагаж мөрдсөн гэдэг хариулт өгөөд амыг нь тагладаг юм билээ. Хэрвээ дээрх асуудлууд үнэ бол хуультай байхаас үл хамааран хариуцлага тооцдог байх учиртай. Эмч хүний үүрэг бол бусдын амь насыг аврах. Эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх биз дээ.
Уг нь цагаан халаад өмсч, өргөсөн тангарагтай, төрд түмэн олныхоо эрүүл энхийн манаанд зүтгэх үүрэгтэй байж аврал эрсэн өвчтнүүдэд хүнлэг энэрэнгүй хандаж чаддаггүй юм бэ. Манай эмнэлгийн харьяа бус гээд өвчтөн хүлээж авдаггүй энэ асуудалд цагдаагийн алба хаагчид хүртэл халаглаж эмзгээр хүлээж авч байна. Учир нь тэд шөнө дуудлаганд очоод бэртэл гэмтэл авсан хүнийг машиндаа тээвэрлээд аль ойрхон байх эмнэлэгт хүргэнэ. Гэтэл урдаас нь "Манай харьяа биш учир хүлээж авах боломжгүй ээ” гэсэн тайлбар өгдөг гэнэ.
Нэгэн цагдаагийн алба хаагчийн ярьж буйгаар "Өнгөрсөн нэгдүгээр сард би дуудлаганд явсан. Гэртээ гуяандаа хутгалуулж их хэмжээний цус алдсан залууг аваад дүүргийн эмнэлэгт шуурхай очсон. Гэтэл хүлээж аваагүй шүү дээ. Гэмтэл яв, манайх биш гэсэн. Тэгээд Гэмтэл орох зуур нөгөө залуу амьсгал хураасан. Бид цаг алдахгүй гээд аль болох ойрхон эмнэлэг л бараадуулахыг бодно. Гэтэл ийм байж болохгүй шүү дээ, манай дүүргийн эмнэлгүүд заавал гэмтлийн эмнэлэг рүү яв гэхгүйгээр анхан шатны тусламж үйлчилгээ нь цаг алдалгүй үзүүлдэг байх хэрэгтэй шүү дээ. Ядаж дүүргийн эмнэлгүүд дээрээ мэс заслыг яаралтай хийдэг болчихмоор байгаа юм. Тэр залууг яаралтай мэс засалд оруулсан бол амь аврагдах боломж байсан. Даанч эмч нарын хайхрамжгүй хүнд суртлаас болж нэг сайхан залуу эмнэлгээс эмнэлгийн хооронд явахдаа амиа алдсан даа” гэж ярьсан билээ.
Тангараг өргөсөн эмч, сувилагч нар манай харьяа биш бол үхсэн ч надад хамаагүй гэдэг сэтгэлээр хандаж, хариуцлага алддаг байдалд нь хатуу хариуцлага тооцдог болъё.
О.Сайхан