ТАТВАРЫН ОРЛОГЫГ ЗӨВ ЗАРЦУУЛСНААР ЭДИЙН ЗАСАГ ЭМЧЛЭГДЭНЭ
ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн засаг 4.2 хувийн өсөлт үзүүлээд байна. Энэ оны эхний улиралд ДНБ 3063.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр өссөн нь дээрх дүгнэлтийг хийх үндэс болжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг бидний хүлээлтийг давж өсөөд байна.
Зарим хүн Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хэт өөдрөг бусаар таамагласан хэмээн тайлбарлаж байна. Энэ нь нэг талаар ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй хоблоотойгоор гарч ирсэн асуудал байх талтай. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд манай улс төсвийн орлогыг хэт өөдрөг таамаглаж, үүнд суурилж хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлснээс болж багагүй хүндрэлийг амссан. Нэг үгээр хэлбэл, зэс тонн нь 5000 ам.доллар давна хэмээн таамаглаж, төсөвт суулгадаг. Үүнийг дагаад олон хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөдөг. Гэтэл дэлхийн зах зээлийн байдлаас болж зэсийн үнэ тогтвортой байж чадаагүйгээс төсвийн орлого бүрэлдэхгүйд хүрч, алдагдлаа санхүүжүүлэхийн тулд элдэв зээл авснаар өр дээр өр нэмэгдэж байсан билээ. Харин энэ Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг өөдрөг бус таамаглаж байгаа нь иргэдийг бодит нөхцөл байдалд дасгаж, хэмнэлтийн горимоор ажиллах боломжийг бүрдүүлж байна. Анх төлөвлөснөөс давсан орлого олж, эдийн засаг өсвөл сайн л биз. Эдийн засгийн өсөлтийг хангахад хамгийн их нөлөө үзүүлж байгаа салбар бол уул уурхай. Статистик мэдээллээс харахад манай улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3017.3 сая ам.доллар, үүнээс экспорт 1899.6 сая ам.доллар, импорт 1117.7 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 807.2 сая америк доллар, үүнээс экспорт 552.3 сая ам.доллараар, импорт 254.9 сая ам.доллараар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 297.3 ам.доллараар нэмэгдэж, 781.9 сая ам.долларт хүрчээ. Экспорт энэ эхний дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 552.3 сая ам.доллараар өссөн. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 623.0 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 614.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. ТАТВАРЫН ӨӨРЧЛӨЛТ ЧИНЭЭЛЭГ БҮЛГИЙГ ХАМРАНА
Манай улс Азидаа хамгийн бага татвартай орны нэг. Тэгвэл эдийн засгийн өсөлт өндөртэй үед татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зөв алхам хэмээн олон улсын байгууллагууд дүгнэж байна. Учир нь манайхтай ижил төстэй улс орнуудын уул уурхайн салбараас төсөвт оруулах орлого ДНБ-ий 10 хувьтай тэнцдэг аж. Харин манайх 3-4 хувьтай байгааг Азийн хөгжлийн банкнаас хэлсэн. Үүнд томоохон төсөл хөтөлбөрүүд дөнгөж эхлэлийн шатандаа яваа зэрэг олон шалтгааныг хэлж болох ч уг салбараас төсөвт оруулах орлогыг өсгөх шаардлага байгаа юм. Тэгвэл татварын өсөлт нь уул уурхайн салбар болон түүнийг дагаж бий болж байгаа бизнесээс олох орлогыг өсгөх нэг хэлбэр аж. Нэг үгээр хэлбэл, уул уурхай, түүнийг өсөлтийг дагаж бий болж байгаа бизнесийн ашгийн цаана цөөн гэр бүл, хувь хүн бий. Тиймээс татвар өсгөх нь чинээлэг бүлгийн орлогоос төсөвт нэмж төвлөрүүлэх нэг хэлбэр гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор татварын өөрчлөлт хүн амын 95 хувьд нөлөөлөхгүй, чинээлэг бүлгийн таван хувьд хамааралтай гэж хэлж байгаа нь ийм учиртай. Яахав, татварын өөрчлөлт жирийн иргэдэд хамгийн их нөлөөлөх суваг нь автомашины татвар юм. Тэр дундаа эко буюу приус автомашины татварыг нэмсэнд иргэд бухимдаж байна. Гэхдээ үүнийг хоёр агуулгаар ойлгох учиртай аж. Юуны өмнө татварын өөрчлөлт зөвхөн чинээлэг бүлгийн таван хувьд бүрэн хамааралтай байвал ард түмнийг ялгасан асуудал босно. Иймээс татварын ачааллыг жигд хуваарилахын тулд автомашины татварыг нэмсэн байх талтай. Нөгөөтэйгүүр, автомашины татвар нэмэгдэж байгаа ч хувь хүн хэрэглээгээ зөв зохицуулснаар татварын өсөлтөөс үүдэлтэй үнийн зөрүүг хэмнэх бололцоотой. Тухайлбал, татвар нэмэгдэхээс өмнөх ханшаас 500 мянган төгрөгөөр илүү үнээр автомашин авсан бол шаардлагагүй үед автобусаар зорчих зэргээр шатахуунд хэмнэлт гаргаснаар дээрх үнийн дүнг тодорхой хугацааны дараа нөхөж болно. Тиймээс зөв зохион байгуулалт хийж чадвал татварын өсөлтийг алдагдалгүй даван туулах боломжтой. Хамгийн гол нь татвар өсөх нь асуудал биш. Төр зөв хэмээн үзэж, тооцоо судалгаанд суурилж шийдвэр гаргасан бол дагах учиртай. Харин татварын орлогыг хэрхэн зохистой, зөв зүйтэй зарцуулж байна вэ гэдэгт асуудлын гол оршино. Татварын орлого өсөхийн хэрээр төр гарынхаа салаагаар урсгаад өнгөрдөг байвал утгагүй. Иймээс иргэд татвар өссөн гэж бухимдахаас илүүтэйгээр "Миний төлсөн татварыг хамгийн үр ашигтайгаар хэрхэн зарцуулж байна вэ” гэдэгт хяналт тавьж, төрөөс дэг журам, хариуцлага шаардах нь ихээхэн чухал юм. Л.Хуяг |
Сэтгэгдэл байхгүй байна.