“Ноён ногоон” номхорч эхэллээ
Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад ердөө долоо хоног л өнгөрч байна. Ганцхан долоо хоног гэдэг богинохон хугацаа. Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг арилгахад бол хүрэлцэхгүй ч үгүй тийм л ахархан цаг хугацаа. Гэхдээ энэ богино хугацаанд эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж эхэлжээ. Нэгд, олон улсын "Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В- Тогтвортой” ангилалд нь хадгалахаар болсон байна. Мөн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь дунд хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж үзжээ. Энэ бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөл тавдугаар сарын 24-нд хуралдаж "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг дэмжсэний дараа болсон нэг сайн мэдээ. Мөн ОУВС-тай хөтөлбөр тохирохын өмнөх өдөр Төв банкны зарласан ханшаар нэг ам.доллар 2418 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн Монголбанкны зарласан ханшаар "ноён ногоон” номхорч нэг нь 2406 төгрөгтэй тэнцэж байна. "Найман шарга” дээр бол бүр 2395 төгрөг болж буурлаа. Өөрөөр хэлбэл, тонгочиж байсан ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр суларчээ. Энэ бол хэрэглээнийхээ ихэнх зүйлийг импортоор авдаг манай улсын хувьд хоёр дахь сайн мэдээ. Нэг ам.доллар бүрээс 20 төгрөг иргэдийн, бизнес эрхлэгчдийн халаасанд, бүр цаашилбал Монгол Улсдаа үлдэж байна гэсэн үг.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 5.5 тэрбум ам.доллар Монголд орж ирнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг нэмбэл зургаан тэрбум ам.долларт хүрэх яриа ч байгаа. Энэ мөнгөнөөс 434.3 сая ам.долларыг нь ОУВС өөрийн нөөцөөс монголчуудад олгох юм. Тэгвэл үүний эхлэл болсон 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирсэн нь ам.долларын ханш сулрах үндсэн нөхцөл болжээ. Шуудхан хэлэхэд, валютын ханш буурч байгаа нь Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсний үр дүн. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн үр дүнд ихээхэн өөрчлөлт гарна гэж тооцоолоод байгаа юм. Тухайлбал, үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэн дөрвөн тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байгаа. Дотооддоо төсвийн сахилга батыг чанд мөрдөхөөр болж байгаагаас гадна Монгол Улсад итгэх итгэл гадаад орчинд нэмэгдэж байгаа нь хамгийн чухал юм. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр гадаад зах зээлд бонд босгож зээлийн дарамтаас түр ч болтугай гарах хувилбарыг өмнө нь сонгосон ч бүтээгүй. Бүр хоёр удаа оролдоод бүтээгүйг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар онцолсон. Энэ нь Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагч улс орон, банк санхүүгийн байгууллагууд итгэхээ больчихсон байсны илэрхийлэл. Харин одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад итгэх итгэл сэргэж байна. Манай улсыг энэхүү хөтөлбөрт хамруулахыг санал нэгтэйгээр баталсан ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд багтдаг АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг 24 улс, бүр цаашилбал тус сангийн гишүүн 181 орон Монголд итгэж болох юм байна гэсэн ойлголттой боллоо. Аливаа бизнес, хөрөнгө оруулалт харилцан итгэлцэл дээр суурилдаг учраас бусдын итгэлийг хүлээх нь хамгийн чухал юм. Харин одоо тэр их итгэл найдварыг даах л үдлээ.
ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсаны ач холбогдол, ирээдүйд гарах үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН (Сангийн сайд)
-Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэж, зээлжих зэрэглээл Caa1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг.
Ч.ХҮРЭЛБААТАР (УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга)
-АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр ОУВС-гийн Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болсон. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу, ам.долларын ханш яах бол гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт гэсэн хоёрхон үгний ард мянга мянган ажлын байр байдаг юм. ОУВС-гаас орж ирж байгаа мөнгөний гол зорилго нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш тогтворжино. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирна. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх бүх үүд хаалга нээгдэх юм. Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн гол нь "Урьд өмнө нь Монголын эдийн засагт явагдаж байсан буруу бодлого зогссон. Та бүхэн одоо бидэнд итгэж болно” гэсэн мессэжийг хөрөнгө оруулагчдад хүргэж байна.
Б.НЯМАА (Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга)
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад бага хүүтэй төсөл, хөтөлбөрийн зээлүүд орж ирж байгаа учраас эдийн засагт үр дүнгээ өгнө. Энэ хөтөлбөрийг дагаад хэрэгжүүлж байгаа төслүүд, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөх маш чухал үзүүлэлт болох юм. Монгол Улс гаднынханд нэр хүндээ алдсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өмнө "Хууль эрхзүйн орчин нь тогтворгүй, хөрөнгө оруулагчид итгэл алдарсан” гэсэн дүгнэлттэй байсан. Энэ бүхнийг засч залруулахад ОУВС батлан дааж байна гэсэн үг. Хөтөлбөрийн эцэст тодорхой хэмжээний эдийн засгийн үр дагаврууд гарна. Одоогийн бидний тооцоолж буйгаар эдийн засаг 6-8 хувийн тогтвортой өсөлттэй байна. Валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.долларын хэмжээнд хүрнэ. Мөн инфляц дундаж төвшинд буюу зургаан хувь орчимд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Түүнчлэн макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдана. Үүний дүнд урт хугацааны өсөлт бий болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүх макро эдийн засгийн тогтворгүй байдал арилна гэж тооцоолж байгаа.
НЭЙЛ САКЕР (ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч)
-Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь уг хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй байлаа. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл зургаа тэрбум гаруй ам.долларын санхүүжилт юм. ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байгаа. Монгол Улсын цаашдын ирээдүйн талаар бид өөдрөг бодолтой байгаа. Асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотой ОУВС-гаас хийсэн томоохон тайлан байгаа. Удахгүй ОУВС-гийн вэб хуудаст тавигдана. Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Монгол Улс маш том зорилт дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч зоримог шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан.
Сэтгэгдэл байхгүй байна.