Ц.БОЛД: ХЯТАДЫН ТАЛ 1-2 ОРЦОО Л АЖИЛЛУУЛЖ БАЙГАА
Гашуун Сухайт боомт руу чиглэсэн нүүрсний тээврийн хэрэгслүүд урт дараалалд зогсож түгжрэл үүсээд байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар "Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болд тайлбар өглөө.
Сүүлийн 10 гаруйхоногт Гашуун Сухайт авто замд бөөгнөрөл үүсч байгаа нь үнэн. Өмнө нь буюу 5,6,7 саруудад өдөртөө хамгийн багадаа 1300 машин хилээр гардаг байсан бол одоо ердөө 500-гаад машин хилээр гарч байна. Шалтгаан нь ӨМӨЗО- ны 70 жилийн ой болж байгаа бөгөөд баяр наадмын үеэр Хятадын тал хилийн хяналт шалгалтаа нэмэгдүүлж, дэг журмаа сайжруулах арга хэмжээ авсан. Өмнө нь 4 орцоор нэвтрүүлдэг байсан бол одоо 1-2 орцоо л ажиллуулж, орж ирсэн машин бүрийг маш нарийн шалгаж байгаа. Ойн баяр нь энэ сарын 18,19-нд дуусч боомт хэвийн ажиллаж эхлэх юм. Ер нь цаашдаа Хятадын тал 4 замаар нэвтрүүлж, манай тал 6 замаар гаргана. Ингээд хэвийн ажиллаад ирэхээр өдөрт хамгийн багадаа 1300 машин, дээд тал нь 1500 машин хилээр нэвтрэх юм.
Дэлхийд нүүрсний үнэ өсөж байгаа энэ үед бид маш эрчимтэй ажиллаж тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа. Ер нь нүүрс тээвэрлэлт замын саад бэрхшээлгүй, бас хүнд суртал шат дамжлагагүй шуурхай болсон. Бид 7 дугаар сарын байдлаар 14,4 сая тн нүүрс экспортлоод байгаа бөгөөд энь өнгөрсөн оны бүтэн жилийн тээвэрлэлтийн хэмжээнд очсон гэсэн үг. Өнгөрсөн жил 13,1 сая тн нүүрс тээвэрлэсэн байдаг. Бид энэ эрчээрээ ажиллаад байвал оны эцэст 20-21 сая тн нүүрс экспортлох боломжтой.
Сэтгэгдэл байхгүй байна.