Сурвалжлага: Бэлэн мөнгө төлсөн болон картын зөрчил гаргасан зорчигчийг 10.000 төгрөгөөр торгоно
Шалгалтаар бэлэн мөнгө төлөх болон картын зарим зөрчлүүд илэрснийг тухай бүрт нь Зөрчлийн болон холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн салбарт ухаалаг картыг нэвтрүүлсэн, автобусны дугаар, чиглэл, хөдөлгөөний цагийн хуваарь бүхий мэдээллийг зогсоолуудад байрлуулж эхэлсэн, автобусны буудлыг зарладаг болсон гээд өөрчлөлт дагуулсан олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үйлчилгээг улам боловсронгуй, хүртээмжтэй болгох, тав тухтай, аюулгүй байх шаардлагыг хангахын тулд ухаалаг системээс гадна хяналт шалгалтынхны үүрэг их бий гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Тухайлбал, шалгагч нар ажиллаж эхэлсэнээр тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигчдод шаардлага тавих, автобусанд гарч буй зөрчлүүдийг шийдвэрлэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагч нарын цахим картын ашиглалтад хяналт тавих үндсэн ажлыг хийж эхэлсэнээр бодит үр дүн гарч байгааг онцолж байв.
Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Дэмчигсүрэнгээс хяналт шалгалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Өдрийн мэнд. Энэ удаагийн шалгалтаас ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?
-Нийслэлийн тээврийн газрын авто тээврийн 24 улсын байцаагч долоо хоног тутам зорчигч нарын тээврийн хөлс төлөлтөнд шалгалт хийж байгаа. Үүний үр дүнд картгүйгээр үйлчлүүлэх асуудал багасч байна. Харин хөдөө орон нутгаас ирж байгаа зорчигчид карт авахгүй байгаа нь хүндрэл учруулж байгаа тул бид холбогдох газрууд руу албан бичиг явуулж хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Автобуснуудад бэлэн мөнгөөр үйлчлэхгүй гэж байгаа. Өнөөдөр бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн зөрчил илэрсэн үү?
-Тодорхой хэмжээнд байна. Одоогийн байдлаар автобусаар үйлчлүүлж буй иргэдийн 80 орчим хувь нь бүрэн картжсан гэж хэлж болно. Бусад 10 орчим хувь нь хөдөө орон нутгаас орж ирж байгаа иргэд болон картаа хаясан өндөр настай хүмүүс картаа дарахгүй бэлэн мөнгөөр үйлчлүүлэх гээд байдаг тал бий. Үүнээс бусдаар бол Улаанбаатар хотод оршин суугаа сая орчим иргэд картаар үйлчлүүлээд сурчихсан, цахим картаа хаанаас авахаа мэддэг болсон гэх мэт давуу талууд байгааг дурьдах нь зүйтэй.
-Картаар үйлчлүүлж буй иргэдэд ч бас зөрчил нилээдгүй их харагдаж байна. Жишээлбэл хүүхдийн картаар зорчих, залуу хүмүүс өндөр настны картаар зорчих гэх мэт. Энэ нь эргээд нийтийн тээврийн орлогыг бууруулах гээд сөргөөр нөлөөлж байгаа болов уу гэж бодож байна?
-Бид өдөр тутмын хяналтын ажлаараа зөрчил илрүүлж, тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байна. 7-р сарын 1-ээс эхэлсэн "Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу автобусанд цахим картаар үйлчлүүлээгүй иргэдийг 10,000 төгрөгөөр торгох арга хэмжээг авч ажиллаж байгаа.
-Есдүгээр сараас эхлэн автобусны шалгагч нарыг нэгдсэн удирдлагад төвлөрүүлж 300 орчим шалгагчийг ажиллуулж эхлээд байгаа. Энэ хугацаанд шалгагч нар явж байгаа автобусанд орлого нь өссөн үзүүлэлт харагдаж байна лээ. Тэгэхээр шалгагч энэ салбарт байх ёстой ажлын байр гэж харагдаад байна л даа?
-Энэ ажил бол Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар Смарт Карт ХХК, Сити Баз Консалтинг ХХК гэсэн гурван байгууллагын гэрээ, хамтын ажиллагаагаар зохицуулагдаж байгаа. Шалгагч нар ажиллаж эхэлснээс хойш нилээн сайн үр дүнгүүд гарч байна гэж харж байна. Бид ч мөн шалгагч нарт мэргэжил, арга зүйн зөвөлгөө их өгдөг.
-Зөрчлийн тухай хуулиар картаар зорчоогүй иргэдийг 10,000 төгрөгөөр торгохыг иргэд хэрхэн хүлээж авч байна? Шаардлагыг хэр биелүүлж байна?
-Ер нь анзаараад байхад сүүлийн үед иргэд хуулиа их судалдаг болж. Тийм ч учраас эсэргүүцээд байх нь харьцангүй гайгүй.
-Энэ тал дээр та бүхэн цагдаагийн байгууллагатай хамтарч байгаа юу, эсвэл өөрсдөө ажиллаж байгаа юу?
- Нийслэлийн тээврийн газрын автотээврийн улсын байцаагч өөрсдөө зөрчлийн тухай хуулиа хэрэгжүүлээд явж байгаа.
-Өдрийн мэнд. Зөрчил гаргаж буй зорчигчдод шалгагч нар ямар шаардлага тавьж, хэрхэн хандаж байгаа вэ?
-Бэлэн мөнгөөр үйлчлүүлэх хүсэлтэй зорчигчдод бид сануулах бичиг өгөөд автобуснаас буулгаж байна. Мөн картаа хаанаас авах талаар хэлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, шалгагч нар зорчигчдын хөлс төлөлтөнд хяналт тавихаас гадна тэдний тодруулсан зүйлд хариулт, зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Сануулах хуудсын талаар жаахан тодруулахгүй юу?
-Бэлэн мөнгөөр зорчвол зөрчилд тооцож, хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулна. Карт цэнэглэх цэгээс картаа авч зохих журмын дагуу үйлчлүүлэхийг сануулсан бичиг гэж ойлгож болно. 40 гаруй шалгагчтай манай баг дээр гэхэд өчигдөр 400 орчим сануулах хуудас ирээд одоо дуусч байна. Шалгагч нар хяналт тавьж байгаа болохоор картын зөрчил харьцангуй гайгүй болж байгаа. Хүн хараад, хянаад зогсож байхад зөрчилтэй карт уншуулах боломжгүй шүү дээ.
н.Мөнхмандах:Шалгагч нар ажиллаж эхэлсэнээр зөрчил багасч байна
-Автобусанд бэлэн мөнгөөр бус картаар зорчиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь карттай холбоотой зөрчлүүд хэр гарч байна?
-Картын зөрчил нэг үеэ бодвол харьцангуй багассан. Нэг хэсэг хүүхдийн карт ашиглаж том хүмүүс их явдаг байсан. Хяналт шалгалтын ажлыг чангатгаж эхэлснээс хойш энэ зөрчил багасч байна. Ялангуяа автобусны шалгагч нартай ажилладаг болсноос хойш зөрчил улам багасч, жолооч нар ч гэсэн бэлэн мөнгө авахаа больсон нь анзаарагдаж байгаа.
- Шалгагчтай болон шалгагчгүй явж байгаа автобус хоорондоо ямар ялгаатай байна вэ?
- Асар их ялгаатай. Хүмүүс шалгагчтай автобусанд зохих журмын дагуу үйлчлүүлж байгаа бол шалгагчгүй автобусанд зөрчил гаргах нь их байна.
- Хүмүүсийн сэтгэгдлүүдээс харахад дийлэнх нь автобусны буудлууд дээр байрлах карт цэнэглэх цэгүүдийн асуудлыг их хөндсөн байна. Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн карт цэнэглэх цэгүүд байгаа вэ?
- Улаанбаатар хотын хэмжээнд 700-н автобусны буудал байдаг. Үүнээс 500 гэрээт цэг бий. 200 гаруй нь зуслангууд болон тэрэлж орчмын буудлуудад байгаа.
- Карт цэнэглэх 500 цэг одоогийн хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа юу?
- Нэг автобусны буудал дээр нэг л карт цэнэглэх цэг байгаа. Харин ачаалал ихтэй багшийн дээд зэрэг газруудаар 4-5 цэг байгаа. Сэлгэн суултын мэдээллүүдийг харж байгаад бид ачаалал ихтэй цэгүүд дээр карт цэнэглэгч нэмж байрлуулахаар ажиллаж байгаа бөгөөд гаднаас дахиад 100 төхөөрөмж ирж байгаа учир энэ асуудал багасна гэж тооцоолж байна. Мөн дахин шинээр 100 төхөөрөмж ирж байгаатай холбогдуулан бид түцнүүдтэй хамтрахаар зорьж байна. Түц тавих зөвшөөрөлгүй автобусны буудлууд байгаа учир бид нийслэлтэй зөвлөлдөн түц тавиулах зөвшөөрөл авч карт цэнэглэх төхөөрөмжөө байрлуулах төлөвлөгөөтэй байна.
Сурвалжилсан: А.Буянгэрэл, М.Хас-Эрдэнэ
Сэтгэгдэл байхгүй байна.