Сүүлийн үед монголын улстөрчдийн хоорондын хэрүүл, элдэв хов ярианаас болоод учраа олохоо байх нь ээ. Явах зүг чигээ андуурч, ухаан санаа муудах шиг. Олон хүний хувьд тийм байгаа болов уу даа. Төрийн хүмүүс чинь гуйвашгүй үнэнч, шударга шулуун ажиллахаар өргөсөн тангарагтайсан даа.
Гэтэл нэг л биш ээ. Өөрийн үндсэн үүргээсээ гажиж бие биенээ муулан, авлигач, атаатан гэж гудамжны хулгайч, луйварчинтай адилтган дорд амьтан болгох гээд л байх болж. Улс эх орон, төр, засгаа төвшин байлгая гэхийн оронд амин хувиа хичээгчид, албан тушаал горилогчид л ард биднийгээ удирдах гээд байгаа ч юм шиг.
Ингэж бодохын учир юу юм бэ гэвэл сайд нь сайд шиг, дарга нь дарга шиг байж чадахгүйд л байгаа юм. УИХ-ынхны байж байгааг хараач. Чуулганы танхимдаа төрийн хэрэг хэлэлцэхийн оронд хов жив хөөцөлдсөн, хоосон үг шидэлцсэн төдийгөөр маруухан ажил үйлтэйгээр намрын сарыг барлаа шүү дээ. Ховоор хоол хийж, хоорондоо хэрэлдсээр суугаад засгаа огцруулсан. Үүнийгээ л зарим нь их ажил бүтээсэн мэт ярьдаг юм.
За тэгээд шинэ засагтай болоод дээрдэв үү гэвэл одоогоор хэлээд байх юм алга. Шал дордсон тал ч бий.
Хэрүүл хараалын нь эзлэх хувийн жин л улам өслөө. Тэднийг тэргүүлэгчдээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нар тодорчихоод байна. Тэдний хэрүүл томилгоо, халаа сэлгээнээс үүдэлтэйгээр эхэлсэн байдаг. Сүүл сүүлдээ бузар булай, долоон булчирхайгаа дэлгэнэ гэгч л болж байна. Тэр хоёр "С1” телевизийн үүдэнд дарааллаа хүлээн зогсч байгаад л "Цензургүй яриа”-д уралдаж ярьцгаасан даа. Генерал Б.Хурцын ярих нь С.Зоригийн хэрэг болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал хоорондоо уялдаатай. Энэ бүхэнтэй Ц.Нямдорж сайд хамаатай гэж хэлсэн.
Тэгтэл маргааш нь шахуу Ц.Нямдорж энэ Б.Хурц гэдэг нөхөр хамаг ээдрээтэй хэргийн ард нь байдаг гэмтэн хүн. С.Зоригийн хэргийг захиалагч нь тодорхойгүй байхад буруу шийдсэн. Гурван хүнд ял өгчихсөн. Энэ нь Б.Хурцад тавигдах хурц асуудал. Бас Эрдэнэтийн тухай ярьж байна. Үүнтэй ч Б.Хурц холбоотой гээд барин тавин ярих юм.
Энэ хоёрын хэнд нь итгэх юм бэ? Бүү мэд! Ёстой л төөрсөн хүн энэ олон салаа замын чинь алингаар нь явах юм бэ гэж дуулдаг шиг л болоод байна.
Уг нь "Цензургүй яриа” нэвтрүүлэг тэдний хэлсэн үгний аль нь үнэн, аль нь худлаа болохыг ялгах зорилготой байсан байх. Гэтэл тэдний ярианаас хойш үгийн учир нь олдох байтугай үнэн, худал хоёрын зааг улам холдчих шиг боллоо. За даа энэ нь үнэн юм уу даа гэхээр нэг ч юм алга. Худлаа гэе гэхээр бас ялгаж ойлгох тийм боломж харагдсангүй. Бүүр хэдэн жилийн өмнөөс яригдсан юмс ч хөндөгдөж байна. Дамирангийн Энхбат гэгчийг Б.Хурц Францаас авчрахдаа хулгайлсан, түүнд элдвээр эрүү шүүлт тулгаж байгаад үхэлд хүргэсэн гэдэг. Энэ нь Ц.Нямдоржийн үгэнд бас л давтагдлаа.
Тэгвэл Ц.Нямдорж хятадын тагнуулчтай холбоотой, тэдний гар хөл болж байсан. Тэрнийг нь улсын нууцад хамааруулж нуугаад өнөөдрийг хүрлээ гэж Б.Хурц хэлсэн нь олон түмнийг ахиад л гайхшруулав.
Б.Хурц гадаад орноос хүн хулгайлсан уу, зүгээр л баривчилж ирсэн үү. Үүргээ л гүйцэтгэж явсан байж мэдэх юм. Гэтэл яагаад Англид очихдоо баривчлагдаж шоронд зөндөө суудаг юм. Энэ бүхэн бас л бүрхэг. Хурц гэдэг хүн ямар хүн бэ гэдгийг таньж мэдэхэд энэ л саадтай байгаа юм.
Нөгөө талаар "Намайг хятадын тагнуул гэдэг үг тараасан нь зориудын гүтгэлэг. Үүнийг чинь шалгаад тогтоочихсон асуудал шүү дээ. Тэр 40 хуудас баримт чинь тагнуулын байгууллагынхны гараар бүтээгдсэн зохиомол зүйл” гэж Ц.Нямдорж сайд халгаахгүй л байна лээ. Урьд энэ тухай илчилсэн Тагнуулын газрын дарга нөхөр ял авсан байдаг юм. Тэгэхээр түүний үгэнд итгэж болох мэт санагдавч тагнуулын байгууллага нь тийм худал хуурмаг юмаар оролдож байдаг нь хачин мэт бодогдох.
С.Зоригийн хэргийг ярьдаг, хэрэг зорилгодоо ашигладаг хүн олон. Б.Хурц, Ц.Нямдорж хоёр ч хэлж байгаа нь бурууг хэн хэндээ нялзаах гэж оролдох юм.
Ядахаараа улсын нууцын хамаарлаас энэ хэргийг гаргах учиртай гэлцэх. Нэгэн үе Тагнуулын ерөнхий газрын дарга байсан, хурандаа М.Батсайхан саяхан сонинд өгсөн ярилцлагадаа
-С.Зоригийн хэргийн шийдвэр үнэн, худал гэж маргаад л байх юм. Хүн алсан нь зориудын гэдэг нь тодорхой эрүүгийн хэрэг улсын нууцын зэрэглэлд ордог гэж би мэдэхгүй юм. Энэ хэргийг яахаараа 20 жил нууцлав гэдэг нь сонирхол татаад байгаа юм гэсэн байна лээ.
Тэгээд одоо болохоор дээр дурдсан хэргүүдийг улсын нууцаас гаргаж олон түмэнд ил болгоё гэсэн хэн хэн нь хэлэх юм. Яахав нууц биш болгоё гэе. Тэгэхээр Б.Хурц хүн хулгайлагч, элдэв хэргийн учрыг мэдсэн ч мэдээгүй царайлдаг далдын гэмтэн болох уу. Ц.Нямдорж сайд хятадын тагнуултай холбоотой нь батлагдаад ирвэл яах болж байнав. Тэдний хувийн асуудал биш Монголын улс төр ямар ихээр бохирдсон, хар цагааныг ялгах чадваргүйд хүрснийг батлах жишээ гэж үзэж болноо доо.
Хамгийн аюул нь хэн нэгнээ чадах гэхдээ улсын нууцыг дэлгэнэ гэж айлгах оролдлого хийх юм. УИХ-ын Байнгын хорооны хурал дээр Б.Хурцын "Ярьчих уу, байх уу” гэсэн доогтой үг нэгийг хэлсэн. Тэнд хэлсэн зүйлээс иш татвал УИХ-ын эрхэм гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Түүний өр гэх 300 мянган ам.доллар нэхсэн бичиг ирсэн. Тэр ч атугай үүнээс болж Солонгосын хоёр ч хүн цаазлуулсан гэсэн үгийг Б.Хурц хэлсэн.
Үүнийг Л.Болд ор үндэсгүй юм хэлж намайг гүтгэлээ гэж байсан. Гэтэл сая Авлигатай тэмцэх газрын нэг хэлтсийн дарга
-БНАСАУ-аас 300 мянган ам.долларын нэхэмжлэлтэй бичиг ирсэн Шалгагдаж байгаа гэж мэдээлэв. Хэрэв үнэхээр өрийн бичиг ирсэн юм бол ноос, ноолуурын наймаа л хийгээгүй байх. Ямар нэгэн наймаа байж таарах гээд байна. Бас л нэг оньсого гараад ирлээ.
Мөн Б.Хурц, Ж.Батзандан хоёрын муудалцаан олны анхаарал их татсан. Энэ тухайд Ж.Батзандан хэлэхдээ
-Б.Хурц намайг аятайхан байгаарай. Үгүй бол орон дотор чинь алчихаж чадна шүү гэж заналхийлээ. Намайг төрийн хамгаалалтад авч өгөөч гэж хүссэн. Тэгвэл Б.Хурц хариуд нь
-Ж.Батзандан өөрөө эхлээд намайг ална гэж хэлээд цохьсон. Тэгэхээр нь би чамайг ална шүү гэж хэлсэн гээд л шуугих боллоо.
Төрийн ордны албан өрөөнд болсон явдал л даа. Энэ чинь зөвхөн тэдний үл ойлголцол төдий биш нийгмийг цочроосон хэрэг мөн. Тагнуулын ерөнхий газрыг удирдаж байсан тангараг өргөсөн генерал хүний амнаас улсын нууц дэлгэхийг оролдсон болон бусдыг ална тална гэсэн үг гарна гэдэг хачин хэрэг. Ж.Батзандан ч гэсэн дээ. Төрийн түшээ хүний буурь суурьгүй нөхөр гэдэг нь хэлсэн үг, үйлдлээс нь харагдаж байгаа юм. Түмний итгэл хүлээсэн төрийн түшээд, сайд, дарга нар нь ийм зан араншин гаргаж байгаа нь улс төрөө "амьд байлгах”-ын оронд улам болиогоод байна шүү дээ.
Лавшруулаад бодоход Монголын төрийг, хуулийн байгууллагыг ийм төрхтэй хүмүүсээр толгойлуулчихаад суух нь хаашаа ч юм бэ гэж сэтгэл зовох юм. Тиймээс нэг ч гэсэн хэрэг явдлын үнэн мөнийг олохын тулд нэг арга бодогдов. Энэ бол өнөөгийн улстөрчдөөс хамгийн худалчийг нь шалгаруулъя гэсэн санаа юм.
Худал, үнэн нь үл мэдэгдэх юм ярьж байгаа нөхдийг театрын тайзан дээр цугларуулж нүүрэлдүүлж байгаад хамгийн худалчийг олж тогтооё. Тэгэхдээ хэнээр шүүлгэх вэ гэвэл зүгээр л жирийн иргэдийн төлөөлөл байлгая. Хуульчдаар л лав шүүлгэж таарахгүй. Ц.Нямдорж манай хуулийнхан ялзарчихсан гэж хэлдэг болохоор өөрийгөө шүүлгэхгүй гэх байх. Б.Хурц ч би муу Нямдоржийн "цэрэг”-үүдээр шүүлгэх хүн биш гэж томрох биз.
Б.Хурц Ж.Батзанданг, Л.Болд Б.Хурцыг шүүхэд өгсөн гэж байна лээ. Тэрнийг шийдэхээс өмнө л амжиж Монголын хамгийн худалч хүнийг шалгаруулаад "Далан худалч” гэх юм уу, "69-н худалч” гэж нэрлэж аль болох томоохон цом тэврүүлчих юмсан. Ингэвэл худал нь арав байна уу гэхээс биш үнэн нэг л юм хойно аятайхан ажил болж магадгүй ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.ЖАРГАЛСҮРЭН
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1 сэтгэгдэл