Д.Эрдэнэбатын өрөөнд өрнөсөн яриа буюу Б.Хурц, Ж.Батзандан, Л.Болд нарын хэнийх нь үгэнд итгэх вэ? Том онцлох мэдээ 2017/11/21 0 УИХ-ын гишүүн Ж.Батзандан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц "Батзандаан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү" гэж заналхийлсэн гэх мэдээллийг нийгэмд цацсан нь нилээдгүй шуугиан дагуулсан асуудал болж байна. Тухайн үед яг юу болсон талаар Ж.Батзандан гишүүн сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр "УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд намайг явж ороход Б.Хурц гэдэг хүн араас бас орж ирсэн. Би шаардлагаа тавьсан тэр хүнд. "Чи тэр нуусан хаасан гэмт хэргийн шинжтэй архиваа задлаад өг, прокурор уу шилжүүл. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг байдаг юм. Чи наад хүн шантаажилдаг бузар аргаа одоо болиод, бүх юм аа ил болго” гэдэг шаардлагыг тавьсан. Энэ шаардлагын хариуд тэр хүн намайг заналхийлсэн. Хажууд байсан Л.Болд, Д.Эрдэнэбат хоёр үүнийг гэрчилнэ. Ноцтой хоёр зүйлийг хэлсэн. "Чамайг хутгалчихаж чадна шүү” гэж. "Чи хутгалаад алчих би айхгүй байна” гэдгийч би бас хэлсэн. Тэгсэн чинь "Аан тэгвэл чамайг оронд чинь хордуулж алж бас чадна шүү” гэж сүрдүүлсэн хэмээн ярьсан байдаг. Тэгвэл Ж.Батзанданг заналхийлсэн гэх Б.Хурц Цензургүй яриа нэвтрүүлэгт орох үеэрээ дараах зүйлийг ярьсан юм. Энэ талаар Б.Хурц ярихдаа, "Тэр өдөр яг юу болсон бэ гэдэг асуудал илүү чухал болов уу. Тэр өдөр, тэр өрөөнд яг юу болсон бэ гэдэг талаар товчхон ярьж өгье. Д.Эрдэнэбат гишүүн бид хоёрын дундын нэг найз байдаг юм. Тэр хүний талаар хоёр үг солих гээд орсон чинь Л.Болд тэр өрөөнд сууж байсан. Энэ үеэр би Болдоос "Чи яагаад намайг хоёр хүнийн аминд хүрсэн гэж гүтгэж байгаа юм бэ” гэж асуусан. Гэтэл Болд өөдөөс, "Зүгээр шдээ, яг ийм үед чинь пиар хийж байж хоёр яамнаас мөнгө гаргуулж авах гээд байгаа юм аа” гэж хариулсан. "Юун мөнгө” гэсэн чинь "Талийгаачийн гэр бүлд тэтгэлэг өгүүлэх гээд байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би "Энэ зүйлдээ тэгээд намайг хутгадаг нь яаж байгаа юм бэ” гэсэн чинь, "Харин тиймээ, Ж.Батзандан надаас хагас дутуу юм сонсонгуутаа тэр байнгын хорооны хурлаас өмнө орилчихно лээ” гэж Л.Болд өөрөө надад хэлсэн. Тэгэхээр нь би "Та хоёр битгий балайтаад бай. Одоо боль. Чи одоо ийм хөгийн юм дандаа хийж явдгаа одоо болих хэрэгтэй. Чиний Батлан хамгаалах яаман дээрх асуудлууд чинь худлаа юу. Гадаад яаман дээрх асуудлууд чинь худлаа юу” гэж хэлсэн. Ингээд Д.Эрдэнэбат гишүүний өрөөнд Л.Болд бид гурав сууж байтал Ж.Батзандан ороод ирсэн. Орж ирэнгүүтээ намайг хараад цочоод, үсэрч хажууд суугаад гуя руу цохиод " Юу байна аа” гэсэн. Тэгэхээр нь би "Юу байдаг юм. Чи юу гээд балайраад байгаа юм” гэсэн. Ингээд бид хэрэлдэж эхэлсэн. Ж.Батзандагийн үгэн дотор жоохон муухай юм явсан. "Пиар шдээ” гэдэг. Сүүл рүүгээ Ж.Батзандан шокноосоо гараад "Чи одоо материалуудаа прокурорт өгөх нь яасан юм” энэ тэр гээд арай жаахан албаны яриа руугаа орж байгаа юм. Ж.Батзандан тэр үед, "Чи хоёр долоо хоногийн өмнө М.Энхболдын өрөөнд намайг ална” гэж ярьсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Чи хаанаас юу сонсчихсон юм бэ. Ц.Нямдорж ах чинь тэгж хэсэн үү. Би тэр М.Энхболд гэдэг хүнтэй чинь наадмаас өмнө уулзаагүй” гэж хэлсэн. ...Ж.Батзандан яагаад намайг ална гэснээ ярихгүй байгаа юм. Ж.Батзандан ч бас намайг ална гэсэн шдээ. Энд нэг ноцтой зүйл байсан. Эргээд дараа нь бодож байхад. Л.Болд хэлэхдээ, "Ц.Нямдорж сайд намайг цагдаад бичээд өгчих гээд байна аа” гэдэг зүйл ярьсан. Эндээс манай Нямкаагийн технологи эхэлж байгаа байхгүй юу. Жоохон л хазгай гишгэх гээд байвал ямар ч хамаагүй юмаар цагдаа тагнуулд бичүүлж өгүүлээд араас нь шалга шалга гэж дарамталдаг. Тийм зүйлдээ манай Нямдорж гуай мэргэшсэн хүн шүү дээ... Дээрх нэвтрүүлэг олон нийтэд цацагдсаны дараа УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын ярьсан зүйлийг няцааж дараах байр суурийг твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлэв. Гишүүн Л.Болд жиргэхдээ, "Эрдэнэбатын өрөөнд болсон уулзалтын бичлэгийг нийтэд дэлгэхийг Хурцаас шаардаж байна. Гэмгүй 2 хүн хилс хэрэгт шалгуулсаар амиа алдсан, тэднийг цагаатгах хохирлыг нөхөн төлөх асуудал би тавьсан гэтэл мушгин гуйвуулж буруу ойлголт өгөх гэж оролдов. Ямар увайгүй хүн бэ. Ядаж дурсгалыг нь хүндэтгэх хүний ёс баймаар. Нямдорж сайдаас ийм гүтгэлгийг цагдаад өгдөг юм уу? гэж би асуусан "нэр төрөө бодвол хурдан өгөх естой гэж" зөвлөсөн Хурцын ярьж байгаа шиг надаар хор найруулах гэсэн асуудал байхгүй шүү. Уулзалтын төгсгөлд Батзандантай орой архи уугаад аргална. Чи найзыгаа уучил би хэтрүүлсэн байна гээд алдаагаа засна гээд 2 ч удаа гар бариад, 20 онд намаасаа УИХ-д гарна дэмжээрэй гээд салсан хүн шүүдээ. Энэ хүн мөн үү” хэмээн жиргэсэн юм. Эндээс улбаалаад эрхэм гишүүн Л.Болд Ж.Батзандан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байна вэ гэдэг эргэлзээ нийгэмд үүсээд байгаа юм. Жич: Маргаан дагуулаад буй асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, "УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар бүлгийн гишүүд миний өрөөнд цугласан. Тэр үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц өрөөнд орж ирж таарсан. Энэ үеэр эрчүүдийн хооронд жаахан маргаан болсон. Би нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Ер нь эр хүн бол эр хүн шиг л байх хэрэгтэй. Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилтыг даадаг байх л хэрэгтэй. Өөр хэлэх зүйл алга. Би Б.Хурцыг дуудаагүй” гэх зүйлийг ярьсан байдаг. Р.Улам-Оргих 0
Сэтгэгдэл байхгүй байна.