АВИР НЬ ХЭТЭРСЭН “АРЕВА” ГРУПП

0

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын асуудал улам хүндэрсээр...

Францын "Арева” компани ураны хайгуул олборлолт хийж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж төрийн хамгаалалтад байдаг мал сүрэг болон байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар багагүй хугацаа өнгөрч байна.  Хоёр жилийн өмнө буюу 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа "Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн нь иргэний хөдөлгөөнүүд төдийгүй эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрийн дургүйцлийг хүргэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү "Кожеговь” компани уран олборлох боломжтой болж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд аль хэдийнэ өрмөө ажиллуулж эхэлсэн.

 "Арева” группийн охин компани болох "Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд одоог хүртэл ураны хайгуул явуулж буй.  Энэ орд 54 мянган тонн ураны нөөцтэй гэдэг. Хэдийгээр тус компанийхан явуулж буй үйл ажиллагаагаа байгаль орчинд ямар ч хоргүй хэмээж байгаа ч бодит байдал ямар байгааг мал төлөлтийн байдал харуулж байна. Тус компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас л тухайн газар нутагт ихээхэн хэмжээний хохирол учраад зогсохгүй, хайгуул хийж буй газрын ойролцоох айлын мал шалтгаангүйгээр зулбаж, тахир дутуу, илүү туурай, хөлтэй гэх мэт ямар нэг эмгэг согогтой төрсөөр байгааг нутгийн иргэд хэлж буй.


 
Орон нутгийн удирдлагууд "Арева” группийн мөнгөөр тансаглаж байсан удаатай
 
Гэвч нутгийн удирдлагууд, төрийн эрх мэдэлтнүүд энэ талаар мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч дуулаагүй өнгөрсөөр байгаа нь харамсалтай. Монгол хүн, мал амьтад эх орныхоо хөрсөн дээр хохирол амсч, хэдэн малаа гашуудалтайгаар алдсаар байхад орон нутгийн удирдлагууд "Арева” компаний урилгаар гадаад зугаалж байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Дорноговь аймагт уран олбородог "Арева” группийн урилгаар Дорноговийн дарга нар зугаалж, гадаад дотоод орноор хэрэн сэлгүүцэж байсныг хэвлэлээр цацаж шуугиад амжсан.  Хүнд ичих булчирхай гэж байх ч Дорноговийн ИТХ-ынхан тухайн үед тансаглалынхаа талаар нууж хаалгүй твиттер хуудсаараа цацаж байсан.  Хэрэг явдлыг тодруулахад "Иргэдийн хурлаас миний зардлыг гаргасан” хэмээн хээв нэг хариулж байсан гэдэг. Эрх мэдэлтэй, баян компани дарга нарыг урьж залсан ч улс орны нөхцөл байдал, малчдын амьдрал, мал ахуй жилээс жилд хүндхэн байгааг бодолцон удирдлагууд татгалзах зориг гаргасангүй нь харамсалтай.
 
Одоог хүртэл эрэмдэг, согогтой, эрхтэн дутуу мал төллөсөөр байна

Эцсийн сүүлд бид л хохирно. Уран нэрээр энд тэндгүй ухаж сэндийлсэн нүх, хүн малын судсаар хорт бодис гүйсэн, хоосон хоцроно доо гэсэн түгшүүр ард иргэдэд төрж байгаа нь мэдээж. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд малаа маллаж, аж амьдралаа залгуулж чадахгүйд хүрээд байна.  Дээрх компанийг уран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал хордож байгаа тухай мэдээлэл гарч олон хvнийг цочролд оруулсан. Мэргэжилтнүүдийн баг очоод, ямар ч цацраг байхгүй. Мал үхээд, уушиг нь устаж, дотор эрхтэн өвчлөөд, мал гажигтай төллөж байгаа нь өөр зүйлээс шалтгаалсан хэмээх дүгнэлтийг гаргаж иргэдийг хуураад өнгөрсөн. Гэтэл одоог хүртэл мал гажигтай төллөсөөр байна. Үс нь зулгарч, хөл дээрээ зогсож чадахгүй эмгэгүүд илэрсээр...
 


"Арева” групптэй тэмцдэг улс нь нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд
 
 Өнөөдрийн байдлаар тэдэнтэй тэмцдэг улс нь нутгийн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд л байгаа юм. Саяхан л гэхэд хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 21-нд  "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид иргэдтэй хамтран "Арева” компаний өрөмдлөгийн ажлыг зогсоож хөөн явуулсан байна. Энэ талаар нутгийн иргэд, багийн Засаг даргын яриаг хүргэж байна.


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн засаг дарга Б.Мөнх-Эрдэнэ:                        

Энэ олборлолтыг хийснээр манай Улаанбадрах сумын хэмжээнд ургийн гажигтай мал ихээр төллөх болсон. Нутгийн малчид 2010 оноос хойш одоог хүртэл чадах хирээрээ тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлж байна.


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн иргэн А.Авирмэд:
                                      

Мал минь бэлчээргүй, уух усгүй баларч дууслаа. Хэдэн мал минь бэлчээргүй боллоо. Мал идэх өвс тэжээл алга. Өсгөж үржүүлж буй малын минь мах нь хоргүй гэдэгт ч итгэх аргагүйд хүрлээ.


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багийн иргэн Б.Энх-Амгалан:
                                    

Бэлчээрийг том тэргээр талхлаад хөрс цагаарсан. Малын хувьд уушги нь хавиргатайгаа наалдсан битүү ногоон шар туяатай идээ болчихсон.  Малын элэг гэхэд цагаан судал татсан, ямар ч хэрэгцээгүй болсон.  Хүн идэх ямар ч нөхцөл байхгүй. Мал эцэж туран, хамаг эд эрхтэн нь гэмтэж, тамир тэнхээ нь барагдаж, хамгийн муугаар л үхэж хорогдож байна даа. Хэдэн малчид л болохгүй байна, бүтэхгүй байна гэж эсэргүүйцлээ илэрхийлдэг. Нутгийн удирдлагаас авах арга хэмжээ ер байдаггүй.
                                

/ Малын уушги хавиргатайгаа наалдсан битүү ногоон шар туяатай идээ болсон байдал /

Удахгүй энэ газар нутагт ургийн гажигтай нярай төрөхийг л хүлээгээгүй бол төр засаг, эрх баригчид минь дугарах, хөдлөх болсон баймаар. Авир нь хэтэрсэн "Арева” компанид анхаарах цаг нэгэнт болжээ.
 

Л.Ариун

http://www.jirgee.mn/page/more/6237

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.