Монгол Улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүчгүйдүүлдэг “АРЕВА Монгол”, “Кожеговь” ХХК-ийг хэн өмгөөлөөд байна вэ?
"Кожеговь”-оос болж хордож үхсэн гэх тугалуудын хэрэг юу болов? гэдэг асуудлыг бид хөндөж бичсэн билээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг эргэж яригдах ёстой асуудлууд олноороо бий, энэ улсад. Тэдгээрээс ганцыг нь энд сөхөж харахад Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 19 тугалын үхлийн шалтгааныг тодруулах асуудал олны анхаарлыг татаж гарч ирж зөндөө юм болсон ч, нам дарагдаад алга болсон юм.
Тэгвэл малчин Д.Норсүрэн medee.mn сайтад ярилцлага өгсөн байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг, Зүүнбаян тосгоны малчин Д.Норсүрэнгийнх малынхаа сүүг хүнсэндээ хэрэглэж чадахгүйд хүрснийг, малынхаа сүүгээр цай сүлэхэд дороо гашилдаг болсон тухай өгүүлсэн байгаа юм. Д.Норсүрэн хэлэхдээ "аль эрт, халуун намраас сүү гашилж эхэлсэн. Одоо ч хэвээрээ байна. Үхрийн сүү гашлаад байгаа тухай аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газар, Хөдөө аж ахуйн газарт хэл мэдээ дуулгасан. Өнгөрсөн сард хүмүүс ирж, үхрийн сүүнээс дээж аваад явсан юм. Албаны хүмүүс надад хэлэхдээ сүүнээс хүнд металл илэрсэн гэсэн.-Албаныхан хүнд металл илэрсэн гэсэн л хариу бидэнд өгсөн. Түүнээс биш юунаас болоод үхрийн сүүнээс ийм зүйл илэрч байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй. Харин худгийн ундарга дээр хүнд металлын шүүлтүүр тавих шаардлагатай гэсэн мэдээлэл өгсөн. Аймагт уран олборлож байгаагаас болсон байж магадгүй гэж бодож байгаа. Цаашдаа ямар арга хэмжээ авах, яахаа мэдэхээ байчихаад сууж байна.” хэмээн ярьсан байна.
Эргэн сануулахад, "АРЕВА Монгол”, "Кожеговь” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор тугалууд үхсэн гэх мэдээллийг нутаг орны иргэд анхнаасаа өгч ирсэн юм. Эргэн сануулахад, тугалууд хорогдсон шалтгааныг Цөмийн энергийн газраас цацраг болон ураны нөлөөллөөс болоогүй гэж үзсэн бол Мал эмнэлэг, Үржлийн газар үүний эсрэг дүгнэлт гаргаж маргаан үүссэн. Тиймээс юунаас болж мал үхэж байгааг тодорхойлж дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулж газар дээр нь ажиллуулж дүгнэлт гаргах захирамж гаргасан гэдгээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хэлж байсан юм. Үнэндээ маргаан үүсгэхээс ч өөр аргагүй дүгнэлтийг Мал эмнэлэг, Үржлийн газраас гаргаж байв. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно гэсэн мэдээллийг өгч байсан. Харин дээр дурдсан Ажлын хэсгийнх нь дүгнэлтийг харахад тугалуудын үхлийн шалтгаан бүрэн тогтоогдоогүй гэх ойлголтыг өгч ирсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй. Малчин Д.Норсүрэнгийн тугалнууд ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүйг тогтоосон гэжээ. Мөн тугалын хорогдол халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг шинжилгээгээр тогтоож, малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байна гэж үзсэн байдаг.Харин селен, бор, сурьма зэрэг металл биш элементүүдийн агууламж Тал хонгорын шаврын цэгийн хашаа доторх хөрсөнд стандартаас давсан тохиолдол дөрвөн дээжинд илэрсэн тул тугалын хорогдлын шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
Тэгэхээр цаашид гүнзгийрүүлэн судалснаар сая бүрэн тодорхой болох нь гэж ойлгогдсон. Тэрнээс өмнө яаран дүгнэх ёсгүй аж. Ямартай ч Г.Баярсайхан гишүүн Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор санал бодлоо илэрхийлэхдээ "Ажлын хэсэг ерөнхий дүгнэлт гаргасан ч яг ямар зүйлээс болж мал хорогдсоныг тодорхойлоогүй байна. Дэлхийн шар нунтгийн зах зээл гэж байдаг. Үүнд монголчуудыг оруулахгүй байх, техник технологиос хол байлгах гэсэн хэсэг бүлэг байгааг үгүйсгэхгүй. Байнгын хорооноос зөвхөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс оролцож санал дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд эргэлзээтэй зүйлүүд байгаа.” гэсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд "Энд Хонгорт гарсан хордлоготой төстэй зүйлүүд яригдаад байгаа. Хонгорт гарсан асуудалд мөн тодорхой хариулт өгөгдөөгүй. Ажлын хэсэг тийм байж магадгүй, цаашид судлана гэсэн хариулт өгөөд байгааг ойлгохгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа хариулт үнэхээр сул байна. Халдварт өвчин биш гэдгийг аймгийн мал эмнэлгийнхэн ч хэлчихнэ. Энэ асуудлыг хичнээн сараар, 140 хүний маш том бүрэлдэхүүнтэй судалчихаад тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа нь ажлын хэсэг хангалтгүй ажилласан байна" гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн А.Бакей "Ажлын хэсэг иж бүрэн бүрэлдэхүүнтэй хордлогын шалтгааныг тогтоохын тулд нухацтай ажилласан нь харагдаж байна” гээд шинжилгээ хийсэн лабораторийн итгэл үнэмшил хэр байгааг тодруулсан бол Мал эмнэлгийн төв лабораторийн захирал н.Ганзориг "Лабораторийн төвшинд хүнд металлыг илрүүлэх ажиллагаа олон улсын түвшинд хийгдэж байгаа. Иймд эргэлзээ байхгүй гэсэн” тайлбар өгч байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Монгол Улс уранаас бүрэн татгалзсан орон гэж үзээд, ураны лицензтэй компаниудыг хөөж явуулж болдоггүй юм уу. Шинжилгээний дүгнэлтэд цацраг байхгүй гэдэгт бид яаж итгэх юм бэ " гэж дуугарсан юм.
Бодит байдал дээр бол О.Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг шууд хөөгөөд гаргачих хэцүү. Мань хүн ч тэгж амар хөөж дийлэхгүй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ энд хариуцлагын тухай асуудал яригдаж байгаа учраас ийм хандлагаар ярьж л таарч байна.
Ямартай ч Мал эмнэлэг үржлийн газраас хийж байсан дүгнэлтийг дахин сануулъя. "2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэж байсан билээ. Ер нь бол энэ дүгнэлт ч анхаарал татдаг юм. Дүгнэлтэд өгүүлснийг харахад 19 тугал цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон гэж ойлгогддог ч, эцсийн дүндээ хордоогүй болоод төгсөж таарав. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг тийн хүчгүйдүүлэхэд "АРЕВА Монгол”, "Кожеговь” ХХК-ийн зүгээс нөлөөлөл үзүүлсэн гэх хардлага өнөөдрийг хүртэл байсан хэвээрээ байна.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.