П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна » Tonshuul.mn

П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

 

 

Хүүхэлдэйн театрынхан шинэ онд өөр өнгө төрхийг үзэгчдэд хүргэж, сонин содон төлөвлөгөөний дагуу ажиллах нь. Тус театрын дарга П.Нямлхагваас энэ өдрүүдэд үзэгч хүүхдүүдэд ямар тоглолт толилуулах хийгээд ирэх онд ямар бүтээл туурвих талаар нь тодруулсан юм.

 

-Хүүхэд бүрийн хувьд шинэ жил онцгой баяр. Та бүхэн тэдэнд ямар онцгой мэдрэмж төрүүлэхээр ажиллаж байна вэ?

-Манай театр 1948 онд "Гайхамшигт хайрцаг” жүжгээр хөшгөө нээж байсан. Өдгөө 70 жил болж буй. Ирэх онд тохиох 70 жилийн ойг хуучин оны босгон дээр "Гайхамшигт хайрцаг” тоглолтоор эхлүүлнэ. Үүний тулд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлчид, залуу жүжигчид, найруулагчид ОХУ-ын Санкт Петербургийн Хүүхэлдэйн театрын зөвлөх зураачидтай хамтран завгүй ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд энэ сарын 29, 30-нд тоглох "Гайхамшигт хайрцаг” жүжгийн бэлтгэлийг эртнээс эхэлсэн. Өвлийн өвгөн, цасан охидын гайхамшигт үзүүлбэр, шинэ жилийн онцгой үйл явдлууд хөвөрсөн, сэтгэл хөдөлгөм тоглолт хийнэ. 70 жил хуримтлуулсан өв их уран бүтээлээс шилэгдсэн, шилдгийн шилдэг үзүүлбэрүүдтэй. Хүүхэд багачууд Хүүхэлдэйн театрын түүхийг товчоор харуулсан, театрын соёл, ёс зүй, гоо зүй, хүн байхын эрхэм нандин ухааныг мэдрүүлсэн тоглолт байх болно.

-Жил, жилийн тоглолтын тасалбарыг бэлэг дагалддаг. Өнөө жилийн бэлгийг онцгойлон бэлдсэн гэсэн үү?

-Хүүхэд бүр бэлэгтэй. "Гайхамшигт хайрцаг”-т буддаг ном, өнгийн харандаа, 3D картууд байхаас гадна гэртээ очсон хойноо ч Хүүхэлдэйн театрын жүжгийг амилуулах АR дэвшилтэд техногиор бүтээсэн тусгай бэлэг бий. Гол нь гар утсандаа "Янз” апликейшнийг үнэгүй татахад хангалттай. Мөн АХА асуулттай, 3D картан дээрх нарны аймаг, гэр барих, уламжлалт тавилга, амьтдыг амилуулах боломжтой. Энэ жил чихэр жимс, амттанаас татгалзаж, бизнес бус оюунлаг бэлэг бэлдсэн. Бусад бэлгийг "Гайхамшигт хайрцаг”-аа задлаад мэдээрэй.  

-Хүүхдүүд голомтгой болж, тэдэнд дуу дүрсний өндөр үзүүлэлттэй, техникийн хөгжил, хурд шаардсан бүтээл таалагдаад байх шиг.

-Урлаг үзэгчээсээ түрүүлж хөгжих ёстой. Хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдсөн,  түүнд нь тохирох уран бүтээл хийнэ. Гар утсаар  тоглох сонирхолд нь нийцүүлж утсанд нь сургамжит хүүхэлдэйн жүжгийг суулгаж өгч эхэлсэн. Тэд үлгэрээ үзээд, эерэг ба эсрэг дүр, сайн, муу санаатныг таних, зөв монгол хүүхэд байх суурь тавигдана. Цаашдаа Хүүхэлдэйн театрынхан хүүхэлдэйн жүжгээ л тоглоно. Гэхдээ насны ангилалтай. Бид он гарангуут 3-10 насны хүүхдүүдэд зориулсан "Бүлтээхэй, дэлдээхэй” сургамжит жүжиг толилуулна. Ахлах ангийнхан буюу 8-12 дугаар ангийнхан нийгэмд орхигдсон. Томчууд тэднийг хүүхэд, хүүхдүүд тэднийг том хүн гэж хардаг. Тэдний чөлөөт цагаа өнгөрөөж буй газар нь PC тоглоомын орчин. Товчхондоо, Монголд тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн театр алга. Тиймээс  манай уран бүтээлчид "Би чамд хайртай”  шиг өсвөр насныханд зориулсан хүн байхын тухай, аливааг хайрлахын мөн чанарыг харуулсан жүжгийг тавдугаар сард тавих гэж байна. Дараа нь "Торгон замын тоодоохой” танин мэдэхүй, түүхэн ач холбогдолтой жүжиг тавина. 2018 оны төгсгөлд Хүүхэлдэйн театрыг үндэслэгч агуу их Аброзов суурийг нь тавьсан ОХУ-ын Үлгэр театрынхны уран бүтээлийг хүүхдүүдэд хүргэнэ. 

-Шинэ дүр төрх, өөр өнгө аясаар ажиллана гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юү?

-Монгол төрхтэй хүүхэлдэй буюу Монгол хүүхэлдэйг тодруулах үүднээс он гарангуут хүүхэлдэйн улсын уралдаан зарлана. Барималч, зураач, зохион бүтээгч нарын дунд өндөр шагналтай уралдаан зарлаж, үнэхээр монгол хүүхэлдэй мөн гэсэн бүтээлийг шалгаруулна. Тэр дүрд зориулсан жүжиг хийнэ. Уралдаан ирсэн бүх бүтээл хүүхэлдэйн театрын өмч болох юм. Түүнийгээ үзэгч хүүхдүүдэд ээлж, дараатай хүргэнэ. Өөрөөр хэлбэл, Миша баавгай, Маша охины цаана орос орон байдаг шиг шалгарсан хүүхэлдэйг харахад л Монгол Улс бүхэлдээ харагдах ёстой юм. Монгол Улсын Хүүхэлдэйн театр шинэ онд өөр өнгө төрхийг илэрхийлсэн менежментээр ажиллаж, үндэсний контентийг тодруулна. Мөн гадаад харилцаагаа хөгжүүлнэ.

Д.Мягмаржаргал


П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Нэр:*
И-мэйл:
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
top