Энэ утаа бидний дүр төрх. Сайн тольд!
Ингэж илжирч доройтох гэж байдаг л юм байна. Одоо бүгд сөнөх л үлдсэн мэт. Олон өвөл нэгэндээ. Хар амиа хичээж, хар санаандаа идэгдвэл яадгийн хамгийн мунхаг жишээг хүн төрөлхтөнд үлдээгээд дуусаж байна. Угаасаа ч дуусчихсан юм чинь гэлтэй.
Утаа ядуурлынх л гэнэ. Тэнэглэлийн утаа гэмээр. Бусад үндэстэн нутаг орондоо хайртай. Газар л байвал амьдрал цогцлоодог, газрын төлөө үхэн хатан морин тэргээр уралдаж байдгийг киноноос харсан байх. Гэтэл эсрэг чиглэл рүү буюу нутаг орноосоо зугтаж, газаргүй болохын төлөө, амьдралгүй хонхор луу "зовсон хүн жаргаж, золбин нохой зоолдог гэнэ билээ” гэж манайхан уралдсан.
Очсон газраа гандирс сүндэрлүүлээд суухын оронд, утааны үйлдвэр байгуулсан. Утаагүй зуух дахин дахин тараахад ойлгоогүй, хүсээгүй, "Муусайн орон сууцтай юмнуудыг утахад яадаг юм” л гэж хандсан. Гэр хорооллоор шөнө орой явахад утаагүй юм уу, утаа багатай л байдаг юм билээ. Аргагүй шүү дээ, нам дор, тэгш газар л барилгажилт явагдсан, өндөр газраас хүнд агаар уруудан урсах нь хэнд ч тодорхой. Цэвэр агаарын ажлыг хулгай луйврын зам руу оруулсан гол хүнийг дээд шүтээнээ болгоод явж байгаа.
Оюуны хоосрол, түүнээс үүдсэн ёс суртахууны доройтол бүр сэтгэцийн гажиг, зэрлэгшлийн төвшинд хүрч байгаа. Өнөөгийн нийгмийн уруудал доройтлын гадаад дотоод шалтгаан, хэрэгжүүлэх ёстой зорилтуудыг огт ойлгохгүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Большевизмын бүтээгдэхүүн яс үндэсгүй бэртэгчин сэтгэлгээ муу зүг рүү л хөгжсөн, тэр үеийн ойлголтуудаараа л явж, гуч гаруй жилийн өмнөхи цаг хугацаанд гацан үхширсээр. Намайг ажил хөдөлмөрийн гараанд хөтлөн оруулсан яруу найрагч С.Батмөнх 90 онд "Муухай монгол хүн л гол аюул мөн. Үүнийг таниулж, сайхан монгол хүн болгохын төлөө бид явах ёстой” гээд "Муухай монгол хүн” номоо бичиж хэвлүүлсэн. Муухай монгол хүн өөрчлөгдөөгүй, бүр муухай болсон.
Өөрсдөө зөвлөлтийн дагуул нийгмийг эсэргүүцэж, хятадын дагуул нийгмийг байгуулчихаад, бид тэгээгүй, америкийн дагуул энэ нийгмийг Америкад урвасан хэдхэн хүн байгуулсан гэнэ. Хятадад уусах урвахын донтой. Урвагч хулгайч феодалын нийгэм байгуулчихаад, ардчилсан, капиталист нийгэм хэтэртэл нь байгуулсан чинь дэмий юм байна гэж бурна. Муусайн олигархуудыг дээ гэж дүр эсгэх хэрнээ, тэдэнд долигонох, тэднийг сонгох боломжийг алдахгүй, тэднийг хэн нэгэн эсэргүүцвэл үхтлээ өмөөрнө. Урвагч хулгайчдыг шүтдэг, өөрсдөө тийм болохыг мөрөөддөг. Зөв зүйл хэлсэн хийснийгээ үзэн ядаж, харааж гүтгэж, ардын дайсан болгохыг чармайна. Сайн үйл, буян хийхийг огт боддоггүй, тэрийг бусад нь буюу тэнэгүүд л хийнэ биз, би бол өөрийгөө л яаж ийгээд болгож байвал болоо, чадаж байгаа юманд арга байхгүй гэж явдаг. .. Тоочоод байвал барагдах биш дээ.
Энэ хордуулж боомилж байгаа утаа муухай монгол хүний дүр төрх. Муухай монгол хүн өөрчлөгдөх ёстой. Эсбөгөөс муухай монгол хүмүүс удахгүй бүгд үхнэ...
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл байхгүй байна.