Утааг арилгах цорын ганц арга бол ядуурлыг арилгах Онцлох мэдээ 2017/01/12 0 Сүүлийн 26 жилд Монголд бий болсон олигархижсон тогтолцоо нь монгол орны бүх баялагийг 200-гаад айлд хуваан эзэгнэх боломжийг бүрдүүлжээ. Эдгээр эрхэмүүдийн ихэнх нь хууль бусаар хураасан хөрөнгөө доллар болгон оффшор бүсэд хэдэн арван сая доллараас эхлээд хэдэн зуун сая хүртэлх хэмжээний долларыг нуусан байгаагаас тод харагддаг. Бусад нийгмийн доод давхарга болох ядуурсан Монголчууд нь ажил олдох болов уу хэмээн горьдон эсгий гэрээ ачаалан нүүсээр УБ хотын захаар ирж, суурьшижээ. Эдгээр айлууд нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот гэдгээрээ нэрд гарсан УБ-т гал түлэхгүй өвөлжих боломжгүй юм. Утааны эх үүсвэр бол энэ шүү дээ. Утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай. Гэтэл сүүлийн 20-иод жилд утаагүй зуух, утаагүй түлш гэх мэтийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр 300-гаад тэрбум төгрөгийг үржээ. Гэвч утаа нь огт багассангүй, хүн амын шилжин ирэх тоог даган харин ч нэмэгдсэн байна. Утаагүй зуух, Утаагүй түлш мэтэд зарцуулсан тэр 300 тэрбум гаруй төгрөгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол утааны хэмжээг нилээ багасгах байсан аж. Өнгөрсөн хугацаанд Утааны асуудлыг шийднэ гэж хийсэн хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоолыг тоолох аргаггүй олон. Үе үеийн эрх баригчид утааны асуудлыг шийднэ гэж төсвөөс мөнгө гаргуулан хувааж иддэг нь одоо иргэдэд нууц биш болж. Үүнд МАН-ын ЗГ-ын үед 2-р цахилгаан станц дээр түшиглэн утаагүй коксжисон түлш үйлдвэрлэхээр 17 тэрбум төгрөг буюу тэр үеийн ханшаар 14 сая долларыг одоогийн УИХ-ын гишүүн Хүрэлбаатар тэргүүтэй нөхөд цувчуулан үгүй хийснийг дурьдаж болно. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй юмаа. Одоо ч утаанаас сална гээд бас л утаагүй түлш, зуухныхаа тухай ярьцгааж байна. Энэ нь МАН-д мөнгө идэх боломжийг л олгоно гэсэн үг. Дээр нь нэмэгдсэн нэг юм нь гэвэл нөгөө муу утаа тавьдаг ядуустаа төрийн албадлагын хүчийг хэрэглэн нүүлгэх, УБ-д шилжин ирэхийг нь тас хориглоно гэж байх шиг байна. Гэтэл манай үндсэн хуулинд дуртай газраа очиж, амьдрах нь зөвшөөрөгдсөн байдаг гэдгийг сануулъя. Улс үндэстэн гэдэг бол нэгдсэн цул юм мөн бөгөөд нийтээрээ хөгжиж дэвшнүү гэхээс тусдаа ялгаран вакумжиж амьдрах аргагүй ажээ. Нэгэн цаг үед төрсөн бид баян хоосон ялгаагүй нэгэн ижил агаар амьсгалан амьдардаг гэдгийг бүү март. ккк Утааг арилгах цорын ганц арга бол ядуурлыг арилгах юм шүү дээ. Ядуурал арилсан тэр цагт утаа ч аяндаа алга болно. Жич: Лондон хотод утаа их байсан гэх ба тэд ганц хоёр жилийн дотор утаагаа арилгажээ. Тэнд нүүрс түлэхийг хориглосон бөгөөд шингэн, хийн түлшийг өргөн худалдаалсан байна. Англичууд бол дэлхийг колоничилсон их гүрэн тул ядуурал энэ тэр гэж юм байгаагүй. Хийн ба Шингэн түлшийг өргөнөөр зарахад л асуудал нь шийдэгдэж байгаа юмаа. Тэнд худалдан авах чадваргүй ядуучууд маш цөөн, бараг байхгүй учраас л тэр шүү дээ. Манайд Шингэн ба хийн түлшээр гэрээ дулаацуулах тэнхээтэй гэр хорооллын айл маш ховор юм. Г.Баян 0
Сэтгэгдэл байхгүй байна.