У.Хүрэлсүх & М.Энхболд
Бензин шатахууны үнэ нэмэгдсэн ч олдоц нь ховор шатахуун түгээх станцууд дээр бөөн очер, дугаарлал. Товчхондоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бензин шатахууны үнийг Засгийн газраас тогтоох боломжгүй. Зах зээлийн эдийн засгийн зарчмаараа л зохицуулагдаад явах учиртай” гэж хэлснээс хойш бензин шатахуун итпортлогчид "Дураараа дэргиж, дунд чөмгөөрөө жиргэж” эхэлж байгаа нь энэ.
Дэлхий нийтээрээ газрын тосны болон стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес эрхлэгчид улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавин энэхүү бизнесийг хийдэг жишиг бий. Гэтэл манайд эсрэгээрээ, олигархиуд төрийн бодлогыг үл хүндэтгэсэн үйлдэл үзүүлдэг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л ийм төрлийн бизнес эрхлэгчиддээ нэлээд чанга хяналт тавьдаг.
Харин манай улс тус орноос олон зүйлийг хуулж авдаг мөртлөө бензин шатахуун итпортлогчдыг хариуцлагын тогтолцооноос хаяж орхидог нь өнөөдөр болоод байгаа үйл явцаас тодорхой харагдаж байна. Өнгөрөгч хоёрхон хоногийн дотор бензиний үнэ 260 төгрөгөөр нэмэгдэж 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензин өнөөдөр өглөө 1890 төгрөгөөр зарагдаж байгаа ч олдоц нь тун тааруухан байгаа юм.
Харин бензин шатахуун импортлогчдыг эрхлүүлж толгой дээрээ гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатарт үүсээд байгаа энэхүү үнийн хөөрөгдөл, ард иргэдийн бухимдлыг мэдсэн ч мэдээгүй царайлан БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны нэгдүгээр сарын 15-17-нд БНСУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдрөөс эхлүүлээд байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийх айлчлалын зорилго нь "гуравдагч хөрш” БНСУ-тай "иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурах зэрэг юм гэсэн.
Өнөөдөртөө хилийн дээс алхан санаа амар айчлал хийж яваа У.Хүрэлсүхийн засаг Цагаан сарын дараа онхолдож ч магадгүй нөхцөл үүсчихээд байгааг сануулах ёстой. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэж нөхөр гэнэтхэн ард түмэндээ жигтэйхэн хайр зарлаж, Оюутолгойг зогсоох хэрэгтэй гэж орилоод эхэлсэн нь цаанаа нарийн учиртай.
Мань эр цаагуураа УИХ-ын дарга М.Энхболдын турхиралтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мэрж эхэлж байгаа нь энэ. Үнэндээ Монгол Улсын засаг төр гэж завхарсан толхилцоон, хөшигний арын тохиролцоо, наймаалцал дээр тогтнодог болчихсон мафи, бүлэглэлүүдийн тэмцэлдээний талбар болоод байгааг ард түмэн зөндөө л харсан. Удахгүй бас нэгэн Засгийн газар хөрвөөхийг харж ч болзошгүй нөхцөл бүрэлдэж эхэллээ. Энэ бүхний Эээст зөвхөн ард түмэн л хохироод хоцордог.
Өнөөдөр Засгийн газрыг ганхуулах алхмыг эхлүүлээд байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав гэдэг нөхөх УИХ-ын дарга М.Энхболдтой л адилхан МАХН-ын дарга Н.Энхбаярын гараас зүүгдсээр Монголын улстөрд хөл тавьсан нэгэн. Харин өнөөдөр том босс Н.Энхбаярыг алгасан одоогийн эзэн УИХ-ын дарга М.Энхболдын түлхээсээр У.Хүрэлсүхийн Засгийн газраар оролдож эхлээд байгаагийн ард өөрөө Оюутолгойн элдэв тендер, эд зүйл, хоол хүнс шахах зэргээс сугарч хоцорсныхоо хонзонг авч байгаа гэдгийг нь яамных нь сайд Д.Сумьяабазараас эхлээд олон хүн шулуухан хэлж байгаа.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэдийнхээ амьдралын боломж, өнөөдрийн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргийг тооцоололгүй, эдийн засгийн холч ухаанаар бус цэргийн хүний муйхар хар зоригоор бүхнийг тэс хөндлөн дайрч эхлээд байгаа нь улстөрийн өрсөлдөгчдөд нь өгөөш болж, тэртэй тэргүй өдрөөс өдөрт амьдралын баталгаагүй болж байгаа иргэдийн дургүйцлийг ч төрүүлж эхэллээ. Ядаж байхад УИХ-ын дарга М.Энхболдын талыг баримтлагч дарга нарыг халж сольж, төсвийн захиран зарцуулах эрхэнд нь халдаж байгаа нь "Гал дээр тос нэмсэн” хэрэг болж өөрийнх нь танхимыг хүчтэй ганхуулж эхэллээ.
Сэлэнгэ зэрэг аймгийн Засаг даргын эрх мэдлийг хязгаарлаж, захиран зарцуулах хөрөнгө мөнгөнийх нь хэмжээг бууруулсан зэрэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг "Эдийн засгийн боловсрол муутай, бүхнийг муйхар хар хүчээр шийддэг, танхимынхаа сайд нартай зөвлөж ярилцдаггүй” гэсэн санаатай зэмлэлийг нийгэмд хурдтай тархахад ихээхэн үүрэг гүйцэтгэж эхлээд байна.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр гуравхан хоногийн өмнө л "Зууны мэдээ” сонинд У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би Засгаа авъя гэсэн илт худал ташаа, гүтгэлэг гаргасан байна. Албан ёсоор уучлал гуйхгүй бол зохих газруудад нь хандана” хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр байдал түүний хэлснээс өөрөөр эргэж эхлээд байна. Магадгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эзгүй хойгуур энэ эвгүй байдал яаж ч даамжирч болзошгүй.
"Эдийн засгийн мэдлэг муутай, муйхар зоригоор бүхнийг шийддэг” хэмээгдээд байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан сарын дараа хөрвөөх үү. УИХ-ын дарга М.Энхболдын дараагийн нүүдэл чухам юу байх бол. Энэ бүхний хариултыг харах хүлээх, үнэлэлт дүгнэлт өгөх л үлдэж байна. Монголын улстөр, улстөрчид өө гэж...
Д.Энхтүвшин
http://www.24tsag.mn/content/158899.shtml