Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд хэн бэ
Хэрвээ улстөрд онцгой хөдөлгөөн гардаггүй л юм бол Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар хоёр Энхболдын нэг тодрох магадлалтай. Нэг нь МАН-ын дарга М.Энхболд, нөгөө нь АН-ын дарга З.Энхболд. Учир нь сонгуульд ялсан нам засгаа байгуулдаг, ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлдэг зарчимтай. Тийм учраас тэдэнд боломж бусдаас илүү бий, нам нь яллаа гэхэд албан тушаалын хүрдийг эхэлж эргүүлэх нь намын дарга нар. Харин хамгийн гол нь сонгуульд яллаа гэдгийг намууд дотроо яаж тодорхойлох вэ. Нам нь УИХ-ын олонхи буюу 39-өөс илүү суудал авсан бол маргаангүй, энэ бол ялалт. Харин өнөөгийнх шиг аль ч нам олонхи буюу 39-өөс олон суудал аваагүй тохиолдолд юу болох вэ. Жишээ нь, АН өнөөдрийн 35,36 суудлаа нэг хоёроор нэмэгдүүлсэн бол ялалт гэж үзэх үү. МАН одоогийн 26 суудлаа нэмэгдүүлж 30, бүр 35 хүргэвэл ялалт гэж үзэх үү. Энэ бол тухайн намуудын дотооддоо шийдэх, дотоод ойлголцлын асуудал байх. Олонхи болоогүй ч, суудлын тоогоо нэмсэн тохиолдолд АН-ыхан амжилтаа хадгалсан гэдгээр намаа, намын даргаа ялсанд тооцох магадлалтай. Харин МАН-ын тухайд сөрөг хүчний байр сууринаас орж байгаа учраас ялах боломж нь илүү их. Тийм учраас суудлын хэд байх нь хамаагүй, АН-аас илүү суудал авсан тохиолдолд л МАН өөрсдийгөө дотооддоо ялсанд тооцох байх. Түүнээс бус, 26 суудалтай сөрөг хүчнээс 30 суудалтай сөрөг хүчин болох нь нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адилхан. Одоогоор сонгууль их тайван болж байна, П.Анужингийн сексийн, Л.Эрдэнэчимэгийн тахимны хэрүүлийг давсан, тэднээс өөр агуулгын өрсөлдөөн гарахгүй л байна. Энэ бол нэг талаар эмгэнэл. Монголын улстөр, улстөрийн сонгуулийн өрсөлдөөн бодлогын байхаа больтлоо үнэгүйдэж, улстөрчдийнх нь чадамж мууджээ. Хатуухан хэлэхэд улс удирдах төрийн түшээд хийгээд бодлого тодорхойлох намуудын бус, сумын төвшний 60 чавганцын уралдаан мэт явган хэрүүлийн сэдвээр л өрсөлдөж байна. Өмнөх үүндсэн сэдвээ үргэлжлүүлэхэд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд бол хамтарсан Засгийн газрын тэргүүн байх магадлал өндөртэй. Сонгуулийн сурталчилгааны өнөөдрийн темп, агуулгын бөгөөд ухааруулсан, алдааг ичилсэн, үнэнийг өгүүлсэн сурталчилгаа байхгүйг харсан ч, улсын эдийн засгийн бодит орчноо бодсон ч сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлал өндөртэй байна. Тэгнэ гэж үзвэл МАН, АН, МАХН-ын дунд өнөөдөр УИХ-ын сонгууль гэхээсээ Засгийн газрыг хамтарч байгуулахад хэн нь хадаг хүлээж авах, хэн нь хадаг барьж очихын өрсөлдөөн явж буй. ЭХЛЭЛ АНАЛИЗ УЛС ТӨР ЭДИЙН ЗАСАГ ЭРХ ЗҮЙ НИЙГЭМ ДЭЛХИЙ ФОТО ШИНЭ МОНГОЛ Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулагдвал нэр дурдсан, тодруулбал хоёр Энхболдын ялсан нь бус, ялагдсан нь Ерөнхий сайд болох болов уу. УИХ дахь намын суудлын тоогоор олон суудалтай нь УИХ-ын дарга, арай цөөн нь Ерөнхий сайд сайд болох талтай хэрэг. Гэхдээ МАН, АН-ынхан хоёр Энхболдоо нэгийг нь УИХ-ын дарга, нөгөөг нь Ерөнхий сайд болгох хэмжээнд сонгуульд адилхан амжилт үзүүлнэ, хоёулаа өнөөдрийнхөө суудлын тоог нэмнэ гэдгийг одоогоор хэн ч хэлж чадахгүй. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан тохиолдолд ялсан, эсвэл хамгийн олон суудал авсан намын дарга Энхболд нь УИХ-ын дарга болох магадлалтай л гэж байгаа юм. Учир нь хоёр Энхболдын хувьд Ерөнхий сайд болох нь улстөрийн карьерийн хувьд ч, албан тушаалын хувьд ч одоогоор дээд эрэмбэ биш. Тэд хоёулаа 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвших, өрсөлдөх хувийн горьдлоготой, бодит магадлалтай улстөрчид. Ялангуяа МАН-ын даргад энэ боломж илүү бий. Тийм учраас сонгуулийн дараахь хүнд үед хамтарсан Засгийн газрыг тэргүүлж хувийн рейтингээ унагаж байснаас УИХ-ын дарга хийж алх бариад тодорч байсан нь Ерөнхийлөгчид нэр дэвших эерэг бэлтгэх болохыг аль аль Энхболд нь мэдэж л байгаа. Ерөнхий сайд боллоо гэхэд магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газрыг нь огцруулчихвал яах вэ гэдгийг тооцсон л байгаа. Үйл явдал болоход эрт, сонгуулийн сурталчилгааны өрнөл эхлээгүй байна. Ирэх долоо хоногт төгсгөлөө аль нам нь сайн хийхээс их зүйл хамаарна. Гэхдээ л энэ таамаг бол хоёр Энхболдын хувьд алаагүй "баавгайн арьс” хараахан биш юм. УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайд болох тооцоо, магадгүй бүр тохирооо хэн хэнийх нь цээжинд багтаж л яваа.
Гомбожав ОТГОНБАЯР itoim.mn