Монголд эзэмшсэн боловсролыг Туркэд хүлээн зөвшөөрөхгүй
Манай улсад Туркийн хөрөнгө оруулалттай "Мон-Турк”, "Улаанбаатар эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт ерөнхий боловсролын нийт таван сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг төгссөн сурагчдын бүрэн дунд боловсролын гэрчилгээг Турк улсад хүлээн зөвшөөрөхгүй болсныг тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язел өчигдөр мэдээллээ. Учир нь, Туркийн босогчид дэлхийн улс орнуудад сургууль байгуулж, төлбөр хураамжаас нь санхүүждэг. Боловсролын байгууллагаар дамжуулан хууль бусаар мөнгө олж байна гэж үздэг аж. Монгол дахь турк сургуулийн олгосон боловсролын дипломыг Турк улсад хүлээн зөвшөөрдөггүй боловч бусад оронд хүчин төгөлдөр юм байна. Мөн дээрх сургуулийн төгсөгчдийг хохироохгүй байх талаар хоёр талын холбогдох албаныхан яриа хэлэлцээ хийж байгааг Элчин сайдын яамны ажилтан хэлж байлаа. Олон улсын ийм сургуулийн дипломыг өөрийн оронд үл зөвшөөрөх шийдвэрийг Туркийн эрх баригчид өнгөрсөн онд гаргажээ.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн” сонин